Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан төр, нийгмийн болоод урлаг, соёлын алдартнууд олон бий. Тэр дотроос монгол түмний оюун санааны сор  болсон зохиолч, яруу найрагч,соён гэгээрүүлэгчид   зөндөө. Ирэх жил  л гэхэд тус аймгийнхан С.Буяннэмэхийнхээ 120 жилийн ойг тэмдэглэж, Монголын оюун соёлынхны  их найр хуримыг зохион байгуулахаар товлочихоод байна. Монголын  хувьсгалт хэвлэл, утга зохиол, урлагийн нэрт зүтгэлтэн тэрээр Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.  Төрийн шагналт,  Ардын уран зохиолч С.Дашдооров, Төрийн соёрхолт Долгорын Нямаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Зандраабайдий, Монголын уран зохиолын академийн Ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналт зохиолч, доктор, профессор До.Цэнджав, түүний дүү Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч До.Чулуунбаатар, МЗЭ-ийн шагналт шог зохиолч, яруу найрагч З.Ядмаа, монгол түмний хайртай найрагч, “Болор цом”-ын эзэн Ц.Чимиддорж, Б.Доржпалам нар, хүүхдийн нэрт зохиолч С.Надмид, түүний охин хүүхдийн зохиолч Н.Мандах, Төрийн шагналт Д.Төрбат, түүний хүү Т.Зөнбилэг, богино өгүүллэгийн нэрт мастеруудын нэг, Д.Нацагдоржийн болон  МЗЭ-ийн  шагналт зохиолч Ц.Түмэнбаяр нар энэ нутгийнх.  Тэртээх 1990-ээд оны эхээр “Монголын Надя Рушева” хэмээн нэрлэгдэж, О.Дашбалбар багшийнхаа гарт хөтлүүлэн  Монголын их утга зохиолд хөл тавьсан С.Буянэмэхийн шагналт, яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч П.Нямлхагва, дууны шүлгийн мастер Н.Баянмөнх нар Дундговийнх хэмээн нэрээ дуурсгаж явна.  Сүүлийн үед О.Элбэгтөгс, И.Оюун-Эрдэнэ нарын авьяаслаг залуусын нэр дуулдах болсон. Дуу хуур, зохиолч, яруу найрагчдаар алдартай, бөхчүүдээр сайн биш гэлцдэг бол  шог зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Төрийн шагналт зураач П.Цэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Д.Цэрэннадмид гээд мэдрэмж, авьяасын туйл болсон шилдгүүд ч бас бий. Энэ нь  Дундговь аймгийн утга зохиолын нэгдлийн үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид тун сэтгэл зүтгэлтэй, холч бодолтой ажиллаж, хойч үеэ урмаар “ташуурдаж”, ухаанаар “сүлж”  ирснийх болов уу.  Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийг сүүлийн жилүүдэд, яруу найрагч  Ж.Мөнхтөр удирдаж чамгүй олон ажил зохион байгуулж, залуучуудаа уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулж ирсэн. Дундговь нутагт очсон, ирсэн хэн ч тэр тухайгаа бичихийн өмнө энэ бүхнийг заавал дурдаж таарна. Учир нь үлгэр домгийн гэрэлт ертөнц, үл тайлагдах нууцыг хадгалсан чухам л  оньсого  мэт хаяа нь үл харагдаж, хүмүнийг сорих мэт элдэв ааш аягаараа соронздон татах  тал нутгийн бас нэг  өнгө,  чухаг эрдэнэ нь ард түмэн,  зон олон нь билээ.

Дундговь аймаг руу өнгөрсөн сарын сүүлээр хүлгийн жолоо залж  Хулд сумд түр саатсанаа өгүүлэхийн тулд ийнхүү урт оршил бичив. Гэхдээ тэгэхээс ч өөр аргагүй юм. Үзэг, сэтгэлээр ижилдсэн бидний хэдэн нөхөд тус сумын малчин, яруу найрагч Д.Энхбаярын “Соёлын тэргүүний ажилтан”  цолны мялаалга, тайлан тоглолтыг   зорин очсон юм. Ер нь хөдөө нутагт малаа маллан амьдарч яваа жирийн  малчин залуусын хэд нь шүлэг бичдэг юм бол. Дээр нь шүлэг бүтээлээ ном болгон хэвлэлтэд бэлдэж,  тайлан тоглолт хийж байна гэхээр түүний  уран зохиол, урлагт хандаж буй хандлага  биднийг татсан хэрэг. Очтол Д.Энхбаяр маань яруу найргийн  уншлагаас гадна мэргэжлийн дуучдаас ч дутахгүй эвлэгхэн дуулж сум нутгийнхнаа хөгжөөж байх нь тэр. Төрсөн дүү нь “Дуурьсал” хэмээх хамтлагийн ахлагч бол  Д.Энхбаярынх гурван хүү, хоёр охинтой. Хүүхдүүд  нь ёстой л дуу, хуурын өлгий нутгийн ирээдүй болохоо  багаасаа батлан харуулж, аавынхаа тайлан тоглолтод тус тусын авьяасыг үзүүлээд авсан.

Хулд сум бол  авьяастнуудын нутаг. Энэ сумын нутаг,  үлгэрийн диваажин болсон Үл-Олдохын талд  энэ цагийн  гэрэлтэй  найрагчдын нэг П.Нямлхагва  мэндэлжээ. Тэрбээр “Миний Олдохын тал бол өвөлдөө нэлийсэн цагаан өнгөөр тунарч, зундаа таанын цагаан цэцгээр давалгаалж байдаг их далай. Мал сүрэг тайван бэлчиж, хаа холоос ч нүдний өмнө мэт үзэгддэг шидтэй нутаг. Ийм дэлгэр  нутгийн хүн зон нь тал шигээ уужуу бодолтой, ухаан холч, хүсэл мөрөөдөл нь тэнүүн дэлгэр, хүн чанарын туйл болсон хүмүүс байдаг. Олдохын талд төрж өссөн хүмүүс хөх Монголын хаана ч тохой өндөр явдаг юм” хэмээсэн нь бий. Дууны шүлгийн мастер, яруу найрагч Н.Баянмөнх энэ нутгийнх, яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал ээжийнхээ талаар бол Хулд сумынх юм билээ.

Малчин, яруу найрагч Д.Энхбаяр багаасаа уран зохиолын ном унших  дуртай, олонд хэлэхгүй ч ганц хоёр мөр холбож бичдэг байж. Түүнд номын  багш үгүй. Удамд нь ч ном зохиол бичдэг хүн байхгүй. Харин амьдарч буй газар орон, тэнгэр хангай нь түүний яруу найргийн багш юм. Малаа хариулж гараад морины нуруун дээр өдөржин явахад уул толгод, нар салхи,  их талын араншин шүлэг болж түүний сэтгэлд  буудаг аж. Харин дуу хуурын тухайд угаасаа өлгий нутгаас өгсөн өгөгдөл дээр, түүний ээж сайхан дуулдаг, одоо ч хүүхдүүдийнхээ дунд суугаад хааяа сайхан дуу аялна. Аав  Д.Дашдорж нь  морин хуур сайн тоглодог, Бүх ард түмний урлагийн наадамд оролцож явсан гэнэ. Энэ эрхмүүдийн 12 хүүхдийн долоо дахь хүү нь  Д.Энхбаяр юм. Тэрбээр  аймгийнхаа яруу найргийн наадамд тусгай байр эзэлсэн мөчөөс өөртөө  урамшиж, шүлэг зохиол идэвхтэй бичих болсон хэмээн дурссан Аймгийнх нь Утга зохиолын нэгдлийнхэн ч халуун дотноор хүлээн авсан нь урам дээр улам ч гал асааж өгчээ. Мөн гэргий Б.Оюунцэцэг нь ханийнхаа уран бүтээлийг үргэлж дэмжиж байдаг бол сошиал орчинд бий болсон яруу найргийн чөлөөт  нэгдлийнхэн, шүлэг бүтээлээр нөхөрлөсөн найзууд нь бие биеэ дэмжсээр иржээ.

Өлзийт сумын малчин, яруу найрагч М.Хүүхэнхүү “Үл-Олдохын талаас олон найрагч төрсөн. Д.Энхбаяр багаасаа шүлэг бичсэн, хайрлаж явах уран бүтээлч.Говийн худаг дээр бид малаа усалж суух хоорондоо шүлгээ уншиж байдаг. Яруу найрагч хүн нутаг усныхнаа соён гэгээрүүлж, оюунлаг үйл бүтээж түгээж байдаг юм” хэмээсэн. Говийн намхан уулс шиг хараа бараандаа амьдарч, шүлэг найргаар хэн хэнээ хурцалж, ирсэн зочдыг хэн байх, юутай ирэхээс үл шалтгаалан сэтгэлийнх нь өнгийг дэнсэлж, ухаанаа дэвсэж байдаг малчин уран бүтээлчид буцаад очиход  шинэ номтой угтах биз ээ. Их говь, талын араншин, таанын цэцэг нь  өөрөө шүлэг  байдаг нутгийханд уран бүтээл нь ундарч байхын ерөөл өргөе. Үл-Олдохын талын яруу үдшийг хөглөсөн  Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч Д.Энхбаярын өврийн дэвтрээс уншигчдадаа хүргэе.

Хангайн сайхныг харсан ч очиж үзээгүй говийн хүү 
Хармагнаас өөр жимс амтлаагүй би говийн хүү 
Халуун наранд нь гол мөрөөдөж ховоо татсан би говийн хүү 
Харганын сүүдэрт гүрвэл шиг түнхэлзэх халууны хүү
Цастын оройд дүүлэх уулын бүргэдийг хараад
Цамаан загнаж чаддаггүй говийн хүү юм би 
Цахилдаг цэцэглэхэд баясаад нутгаа магтан дуулдаг 
Цал буурал говийн балчирхан хүү юм би
...
Ирсэн шигээ одох хүмүүний тавилан гэдэг 
Илбэ шидийн юм шиг ээлжилж байдаг хорвоод 
Ихэсийн суудал эзгүйрэхэд ирсэн нь нөхөж байдаг
Инээд нулимс тасрахгүй ээлж халаатай байх юмаа 
Явснаа уйлж үдэх зовлонгийн эргүүлэг гашуун байвч
Ирж буйг инээж угтах жаргалын хаалга цэлийж байг
Яарсаар буцсаны орон зайг нөхөх гэж
Уйлсаар үрс минь ирж л байг ээ
...
Үг холбож ядах түр хормын дотор 
Үнэн гэж дуулах тэр охины хоолой 
Эсэргэн цагийн зүүдэнд ямархан байсан болоод 
Эр хүмүүний сэтгэлд дэлбээгээ нээсэн юм бол
...
Хээр алаг морь дэргэж хатирах шиг
Зээрд алаг салхин эргэж халирах
Хэзээ ч юм зөөлөн илбэж санаа алдчихаад
Хэтэрхий гунигийн гялбаанд үүл хөлөглөж одох
Сүйхэн хээ угалзарч тэгснээ уурсан
Сүйд хийх дөхсөн морин буурал салхи
Сүүжин шаргал талын орог хөх өвсөөр унаажиж
Сүүдэр дагуулан хөөцөлдсөөр алсарч холдох 
Ороо бусгаа тавилан цаг мөнхийн тэнгэр дор 
Орчлон хорвоо цаг зуурын хугацал дор
Огторгуй хурмаст гэгээн мөнхийн цэлмэгшихүй дор
Омог төгөлдөр их салхин хүмүүн бидний араншин лугаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.3 БААСАН № 237 (6714)