Энэтхэг халдварын гуравдугаар давалгаанд бэлэн үү?

0
хуваалцах
518
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахал эхэлснээс хойш гурван жил орчим болж байхад энэтхэгчүүд халдвартай  хэрхэн тэмцэх талаар юу ч сурсангүй гэж тус улсын вирус судлаач Чандракант Лахария шүүмжилжээ. Учир нь тус улсын хойд талын жижиг хотуудад цөөн хүн маск зүүж, хүн хоорондын зайгаа баримтлах нь багассан нь цар тахал хэдийнэ алга болсон мэт санагдахаар болжээ. Тус улсад өдөрт 10 мянга орчим тохиолдол илэрч байгаа учир цар тахлын эсрэг тэмцсэн улстөрчиддөө талархсан самбар байршуулсан байна. Вакцинжуулалтын тухайд 940 сая орчим насанд хүрэгчдийн 80 хувь нь эхний тундаа хамрагджээ.

Тус улсын нийслэл Дели хотод хүн бүр маск зүүх журам үйлчилж байгаа юм. Гэвч хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төв болон зоогийн газруудад амьдрал хэвийн үргэлжилж байна. Дэлхийд Омикрон гэсэн шинэ хувилбар тархсан үед  халдварын гуравдугаар давалгаанд Энэтхэг бэлэн үү гэсэн асуудлыг вирус судлаач Чандракант Лахария гарган иржээ. Тус улсад халдварын тохиолдол буурч, вакцинжуулалтын хувь харьцангуй өндөр байгаа ч денге өвчний вирус  15 мужид илэрсэн нь эрүүл мэндийн систем бэлтгэлгүй, халдварын давлагаа дахин эхэлж болзошгүй байгааг тэрбээр бичжээ.

Халдварын хоёрдугаар давалгаанд Энэтхэг улс өртөж, эмнэлгүүдийн ор дүүрч, хүчилтөрөгч дутагдаж, хүндхэн нөхцөд орсон билээ. Энэ үеэр эмчилгээний төлбөр огцом өсч, мөнгөгүй ядуу хүмүүс амиа алдаж байв. Мөн Засгийн газар бүх анхаарлаа цар тахалд хандуулснаас бусад зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ хөсөр хаягджээ. Энэ нь денге вирус тархах үндсэн шалтгааны нэг хэмээн  судлаачид үзэж байна. Тиймээс яг одоо Энэтхэг юу хийх ёстой талаар Лахария “Нэгдүгээрт, Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд бие даасан судлаачдаар үнэлгээ хийлгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, бодлого тодорхойлогчид, анагаах ухааны судлаачид худал мэдээллээс зайлсхийж шинжлэх ухааны чиглэлээр сурах ёстой. Дөрөвдүгээрт, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй нэгтгэх хэрэгтэй. Тавдугаарт, эрүүл мэндийн салбарын ажиллах хүчнээ нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж ярьжээ.

 

Япон улс гадаадын аялагчдыг хилээр нэвтрүүлэхгүй

 

Япон улс  цар тахлын Омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйгаас сэрэмжлэн бизнес аялал, гадаадын сурагчид, дадлагажигчид зэрэг гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж буйгаа өчигдөр (2021.11.29) зарлалаа. Гэхдээ энэ хилийн хориг нь Японд буцан ирж буй  гадаадын оршин суугчид болон тус улсын иргэдэд хамаарахгүй юм.

Япон нь жил орчмын хугацаанд хилээ хаасны эцэст арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн гадаадын оюутнууд, техникийн дадлагажигчдийг хүлээн авч эхэлсэн юм. Ингэхдээ тэднийг хил нэвтрэхээс 10 хоногийн өмнө вакцинд хамрагдах, ирснийхээ дараа 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах зэрэг журмыг танилцуулсан билээ. Гэвч Омикрон шинэ хувилбарын халдвараас шалтгаалан дахин хилээ хаахаар шийдвэрлэжээ.

 

COVID-19:Омикроны шинж тэмдэг нь хөнгөн байна

 

Өмнөд Африкаас эхлэн тархаад буй COVID-19-ийн шинэ хувилбар Омикрон нь 32 төрлийн вирус мутацилагдсанаас үүссэн учир илүү хурдацтай тархаж, хүндээр өвчлүүлж болзошгүйг ДЭМБ-аас баасан гарагт анхааруулсан. Гэвч Омикрон хувилбарын халдварын  шинж тэмдэг нь ноцтой биш талаар Өмнөд Африкийн Анагаах ухааны холбооны тэргүүн Анжелик Коезти Оросын Спутник агентлагт ярьжээ.

Тэрбээр “Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд 1-2 өдөр бие тавгүй, ядарч, булчин өвдөх, бага зэрэг ханиалгах гэсэн хөнгөн, түгээмэл шинж тэмдэг илэрч байна. Одоогоор амт, үнэрээ алдсан тохиолдол бүртгэгдсэнгүй. Халдвар авсан иргэдийн заримыг гэрт нь эмчилж байгаа. Энэ хувилбар тархаж эхэлснийг хоёр долоо хоногийн дараа бид илрүүлсэн. Хурдацтай тархаж байгаа нь үнэн. Гэхдээ яагаад ийм хурдацтай тархаж байгааг анагаах ухааны эрдэмтнүүд хараахан тогтоогүй. Энэ хувилбараар 40 болон түүнээс доош насны залуу хүмүүс их халдварлаж байна” гэжээ.

 Өмнөд Африк улсад вакциндаа хамрагдсан хүн Омикроны халдвар авсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Тиймээс тус хувилбар хэр аюултай талаар хангалттай мэдээлэлгүй атлаа улс орнууд хилээ хаасныг Анжелик Коезти шүүмжилж байна. Өнөөдрийн байдлаар АНУ, Европын холбооны орнууд, Канад, Израйль, Австрали гэсэн орнууд Омикроныг аюултай хувилбар хэмээн мэдээлж, Өмнөд Африкийн улсуудын нислэгээ зогсоогоод байгаа юм. Омикрон буюу B.1.1.529 хувилбар нь анх энэ сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн. Харин Өмнөд Африкт  энэ сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн юм.

АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи “Омикрон хувилбар манай улсад тархах нь гарцаагүй. Хэр зэрэг бэлтгэлтэй байх вэ? гэдэг нь чухал. Хэзээ, хаанаас нэвтэрсэн ч бид бэлтгэлээ сайн хангасан байх шаардлагатай. Ямар ч тохиолдолд вакцин шинэ хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэмэлт тунд хамрагдсан тохиолдолд вирусын эсрэг хамгийн сайн дархлаа тогтоно” гэдгийг  онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.30 МЯГМАР № 234 (6711)