К.АНУ

НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) хүчтэй газар хөдлөлтийн улмаас хохирол амссан Венесуэл Улсад 48 тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаа илгээнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн байна. ЮНИСЕФ-ийн мэдээлснээр, зургаадугаар сарын 29-нд Копенгаген дахь тус байгууллагын дэлхийн ханган нийлүүлэлтийн төвөөс нисэх онгоц Венесуэлд хүрч, 48 тонн эмнэлгийн тоног төхөөрөмж, цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгсэл тээвэрлэн очих юм.

Тусламжийн багцад тэргэнцэр, майхан, анхны тусламжийн иж бүрдэл, ус ариутгах шахмал зэрэг нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байгаа дурджээ.

ЮНИСЕФ-ийн орон нутгийн багууд Венесуэлд газар дээр нь ажиллаж, газар хөдлөлтөд өртсөн хүүхэд, гэр бүлүүдэд амин чухал тусламж үзүүлж байгааг мөн онцолсон байна.

Венесуэл улсад зургаадугаар сарын 24-ний орой хүчтэй газар хөдөлсөн бөгөөд 40 секундын зайтай 7.2 болон 7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Голомтууд нь Яракуй мужид, хоорондоо ойролцоогоор 10 км-ийн зайтай байрласан байна. Үүний дараа 30 орчим давтан чичирхийлэл болсон байна.

Венесуэлийн Эрүүл мэндийн сайд Карлос Альварадогийн мэдээлснээр, гамшгийн улмаас 235 хүн амиа алдаж, 4300 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд олон арван барилга байгууламж нуржээ. Мөн 137 хүн сураггүй алга бологсдын жагсаалтад бүртгэгджээ.

Тус улсын эрх баригчид онц байдал зарлаж, далайн эргийн Ла-Гуайра мужийг гамшгийн бүс болгон зарласан байна.

Дэлхийн улс орнуудын удирдагч нар газар хөдлөлтийн гамшигт олон хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Латин америкийн зарим орноос аврагчид илгээж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: zms.mn