-Америкийн Нэгдсэн Улсыг тунхагласны 250 жилийн ойд-

 

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг АНУ-д аялсан, аян замын тэмдэглэлийн “Замбуулингийн чанад дахь их Мэй орноор...” номоо уншигч олондоо өргөн бариад байгаа билээ. Зохиогчийн шинэ номоос хэсэгчлэн түүвэрлэж товчлон нийтэлж байна.

 

Оршлын оронд. Мөхөс бичээч би бээр түүхч, олон улсын харилцаа судлаач биш. Тэр тусмаа үлэмж гүрнүүдийн тухай бичих, үнэлэлт дүгнэлт өгөх, тэдний түүх, улс төрийн гадаад бодлого, үйл ажлын тухай элдвийг бодож бичиж тэмдэглэх хэмжээний хүн ч биш. Гэхдээ даян дэлхийд болж буй үйл явдал, олон улсын харилцааг олон жил сонирхож уншсан, мэдээ, баримтат кино, нэвтрүүлгийг тогтмол үзэж сонсдог. Бас үндсэн мэргэжил, эрхэлсэн ажил үүргийн дагуу цөөнгүй жил олон улсын харилцааны сэдвээр оюутан сурагчид, иргэдэд лекц уншиж, хичээл зааж явсны хувьд ерөнхий төсөөлөл баримжаа, анхны мэдэгдэхүүн, жаахан туршлагадаа түшиглэн гадаад орнуудын талаар хэдэн ном бичсэн. Харин саяхан АНУ-ын тухай “Замбуулингийн чанад дахь их Мэй орноор...” (2026 он. УБ) номоо уншигч олондоо өргөн барилаа. Тэрхүү номд АНУ-ын зарим нутгаар цөөнгүй удаа аялж өнгөцхөн харж, голдуу байгалийн үзэсгэлэнт сайхан нутгийг үзэж биширсэн, жирийн америкчуудын бараг гурван зууны туршид хийж бүтээсэн, барьж байгуулсан, түүх соёлын болон оюуны асар их баялгийн захаас заримыг анхааралтай ажиглаж өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэй талаас нь ойлгож ухаарсныхаа хэрээр бодож эргэцүүлэн багахан хэсгийг тоймлон тэмдэглэсэн. Харин харагдсан бүхнийг өнгө талаас нь дөвийлгөн харж “Ийм гоё, тийм сайхан” гэж гайхаж магтаагүй. Бодит байдал, маргашгүй үнэн, аварга хүчирхэг эдийн засаг, шинжлэх ухаан техник, технологийн зүйрлэшгүй ололт амжилт, эрдэм ухааны цаглашгүй чадавх, баялгийг бий болгож чадсан бодит баримт, үнэнийг гарын дор эх сурвалжид тулгуурлан сонирхон судалж, уншиж ойлгосныхоо хураангуйлан бичсэн юм. Бас хэтэрхий магтаагүй, шалихгүй зүйлийг улс төрийн өнгө аяс, утга агуулга шургуулж (Эрх чөлөөний орон, хүний жаргалын нутаг, ардчиллын бэлгэ тэмдэг, энх тайвны түшиг тулгуур гэх мэтээр) сүр бадруулж сүржигнээгүй. Мөн аар саархныг “Өлөн нүд, өсгөдөг шил”-ээр харж, нэг талыг барьж өөлж шүүмжлэх гэж оролдоогүй. Өөрийн ажиглалт, ойлгож ухаарснаа сэтгүүлчийнхээ үүрэг, ёс зүйн хүрээнд нэр төрөө бодож бүтээсэн ном гэхэд болох байх.

 

АНУ-ын  Конгрессын ордон.  Вашингтон хот. 2017.07.15.

 

Үлэмж их гүрэн үүссэн нь. Юуны өмнө миний ойлгож ядаж явдгаар бол  америкчууд гэдэг ямар ястан үндэстэн, чухам хэзээ, яаж явсаар жинхэнэ Нэгдсэн Улс болж төлөвшсөн юм бол...? гэх сонин бөгөөд төвөгтэй асуулт надад тулгарсан. Ороо бусгаа урт түүх, сунжирсан их яриа, нүсэр том бичвэр шаардах янзтай. Юуны өмнө хэлэхэд миний бүдүүн тойм ойлголтоор өнөөгийн америкчууд бол энэ нутагт 300 орчим жилийн өмнө, олон зуун нүүдэлчид, алс тэртээх их далайн чанадаас, асар хол хүнд хэцүү замыг туулж, амь дүйн явж ирээд, урьд өмнө огт харж үзээгүй, таньж мэдэхгүй газар нутагт амьдран сууж нутагших амар биш сорилттой нүүр тулсан хүмүүсийн үр сад. Тэдний өвөг дээдсийн хувьд амь дүйсэн тэмцэл зүтгэл байсан хэрэг. Энэ бол эр зориг, тэвчээр хатуужил, амьдрах ухаан шавхсан, хүнд хэцүү сорилт шалгалтыг даван туулж ирсэн нүүдэлчид. Тэр нүүдэлчид энд тэнд бөөгнөрөн суурьшиж, аажимдаа зохион байгуулалтад орж нэгдсээр олон муж улсууд бий болж эхэлсэн бололтой. Энэ нь манайхаар сум, аймаг, тэднийхээр тойрог, муж улсууд бүрэлдэн бий болсон гэсэн үг байх.

2. “Энх тайвны цамхаг” Дэлхийн худалдааны төвийн ихэр өндрийн бууринд дээр боссон. Нью Йорк хот. 2025.05.19.

 

Европын тэдгээр нүүдэлчдийн үр удам буюу өнөөгийн америкчууд бол нүүдлийн амьдралын хүнд хэцүү, байгалийн догшин ширүүн үзэгдлийг даван туулж чадсан, шалгарч хатуужсан онцгой хүмүүсийн үлгэр загвар. Зориг тэвчээр, адал явдал, амьдралын төлөө хүнд хэцүү тэмцэлд ялан дийлэгчид. Тийм байж гэмээ нь энэ аварга том гүрнийг харьцангуй “цөөхөн” жилд бүтээн байгуулсны үлгэр жишээ, түүхэн баримт гэдэгт эргэлзэх аргагүй. Тэрхүү олон хэцүү шалгуурыг давах чадваргүй тэнхээ муутай, сул дорой хэдэн мянган хүн нүүдлийн урт зам, байгалийн догшин ширүүн ааш авир, тааж төсөөлшгүй бэрхшээлд сөхөрч амь эрсдэж хоцорсон нь ч цөөнгүй байж таарна. Чухам жинхэнэ сортоотой, шигшигдэж шалгарагсдын үр удам, өнөөгийн АНУ-ын хүн амын дотор зонхилж байгаа хэрэг. Гэхдээ тэд, эхэн үедээ, цөмөөрөө л Английн колони байсан. Төдхөн Английн колонийн 13 муж улс 1776 оны долоодугаар сарын 4-нд тусгаар тогтнолоо зарласнаар АНУ гэдэг их гүрний суурь тавигдсан байна. Энэ өдрийг америкчууд “АНУ хэмээх нэгдсэн төр улс бий болж мэндэлсэн өдөр” гэж бахархан тэмдэглэдэг. Гэвч 1776 онд америкчууд, зөвхөн тусгаар тогтнолоо зарласан төдийхөн. Харин жинхэнэ утгаараа улс болж бэхэжсэн нь Англи Улс, АНУ-ын тусгаар тогтнолыг 1783 он хүлээн зөвшөөрч, 1787 онд АНУ Үндсэн хуультай болж, 1789 онд Жорж Вашингтон АНУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа л жинхэнэ АНУ бий болсон гэж ойлгож, ярьж болмоор юм билээ. Тэгэхээр Америкийн Нэгдсэн Улс 1776-1789 оны хооронд аажмаар бүрэлдэн тогтож өнөөгийн их гүрний гал голомт тэгширч төлөвшсөн байна. АНУ тусгаар тогтнолынхоо 250 жилийн ойг энэ оны долоо дугаар сарын 4-нд тэмдэглэж байна. Энэ бол угсаа логик утгаараа АНУ-ын их ой мөн боловч үндэстний ой биш, харин иргэний, төр улсын ой хэмээн ойлговол зохино гэж зарим эх сурвалжид тэмдэглэсэнтэй би санал нэг байна.

Рейнер. Америкийн хамгийн өндөр галт уулуудын нэг. Вашингтон муж. 2025.05.25.

Америк ястан үндэстэн гэж бий юү...? Байхгүй гэж хэлмээр байна. Учир нь АНУ бол Европ маягийн нэг угсаат хүмүүс мэт боловч үндэстэн гэдэг утгаараа угсаа гарал, хэл соёл, түүхээрээ тэс өөр орос, монгол, япон, герман гэдэг шиг бие даасан нэг угсаат үндэстэн (ethnic nation) биш. Тэгэхээр “америк хүн”, “америк үндэстэн” гэж ер нь бол байгаагүй. Харин иргэний, улс төрийн утгаараа Үндсэн хууль, улс төрийн систем, иргэншил гээд яривал иргэний үндэстэн (civic nation) “америк үндэстэн” гэж үзэж болох аж. Ийм иргэний үндэстэнтэй улсуудад АНУ-аас гадна Канад, Австрали, Шинэ Зеланд, Аргентин зэрэг орнууд багтдаг. Тэднийг уламжлалт (Иммигрант үндэстэн) цагаачдын улс гэж нэрлэдэг. Тэгвэл америк хүмүүс, америкийн иргэн гэдэг нь арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэг, хэл ярианаас үл хамаарсан Үндсэн хуулиар холбогдсон хүмүүсийн нэгдэл гэвэл зохих аж. Өөрөөр хэлбэл энэ нь АНУ-ын хүн ам нь европ, африк, ази, латин америк, нутгийн уугуул иргэд (Native Americans) зэрэг өөр өөр үндэстнүүдийн нэгдлээс бүрдсэний илэрхийлэл гэвэл зохих нь. Тэгээд ч Америкчууд өөрсдийгөө “Бид бол цагаачдын үндэстэн” (We are a nation of immigrants) гэцгээдгийн учир энд л байх шиг санагдана.

Харин уугуул америкчууд (индианчууд) америк үндэстэн мөн үү гэвэл бас биш. Яагаад гэвэл тэд АНУ байгуулагдахаас олон мянган жилийн өмнө, энэ нутагт суурьшин аж төрж байсан боловч бас хаа нэгтэйгээс нүүж ирсэн өөр өөр овог, ястан, үндэстнүүд. Мөн Америк гэдэг бол тэдний нэр биш, тэднээс үүсэж гараагүй. Америк гэдэг нэр нь Европчуудын өгсөн нутаг ус газарзүй талын нэр томьёолол. Тийм учраас индианчууд буюу уугуул иргэд бол америк гэдэг нэгдмэл үндэстэн биш гэсэн үг. Гэхдээ Европын нүүдэлчдээс хаа хамаагүй эрт цагт бүр арав хорин мянган жилийн тэртээгээс өнөөгийн Америк нутгийг түрүүлж эзэмшсэн хүмүүсийн хувьд европчуудыг бодвол нэн эртний уламжлалтай энэ нутгийн, уугуул хүмүүс гэж хэлж бас болмоор. Тэгэхээр европчуудаас бас давуу эрхтэй, анхны эзэмшигчид гэж үзэж болмоор ч юм шиг санагддаг.

 

”Эрх чөлөөний хөшөө” Нью Йорк хот. 2025.05.19.  

 

Магтаж мандуулахад учир бий. Америк тивд нүүж очсон Европын цагаачдын дундаас үүсэж бүрэлдсэн өнөөгийн АНУ-ыг, жирийн сэтгүүлч би бээр “Замбуулингийн чанад дахь их Мэй орноор...” номдоо хангалттай магтсан. Харин энд өөтэй өнцөгтэй талыг нь харж ажиглавал америкчууд чинь бүр эрт цагт үүсэж бүрэлдэж байхдаа л байлдаж тулалдаж явсан сүрхий дайнч замналтай, хажуу бөөрөндөө халгаатай, хаа хамаагүй холын холд ч дайтаж дайны галыг дүрэлзүүлж ирсэн түүхтэй улс аж. Энэ бол АНУ-ын улс төрийн гадаад бодлогын стратегийн үндэс байж ч магадгүй. Тэдний дэлхийн өнцөг булан бүрд явуулж байгаа цэрэг дайны үйл ажиллагаанаас шалтгаалж миний бие, жаахан өөр ойлголттой, тэрс төсөөлөл талаас нь ухаарч явдаг юм. Бодол сэтгэгдлээ эрт болоод эдүгээ цагийн түүхэн үйл явц зарим баримтад тулгуурлан тэмдэглэе.

 

Ер нь америкчууд бол англи, испани, португал, франц, герман гаралтай, аажимдаа америкийн цагаачид гэгддэг болсон нүүдэлчид яван явсаар булаан эзлэгчид бүхэл бүтэн тивийг хуваан эзэмшиж, нутгийн уугуул иргэдийг хавчин гадуурхаж, бүр устгаж үгүй хийх бодлого баримталсаар 300 орчим жилийн нүүр үзэж байгаа бараан түүхийг бүтээгчид байж магадгүй. Энэ бол түүхийн үнэн. Тэгэхээр АНУ бол хүн төрөлхтний түүхийн нэлээд соёлжиж төлөвшсөн улс орнуудын хувьд бараг хамгийн анхны (XYIII зуунаас өмнөх үе буюу эрт цагийн Их Монголын Чингис хаан, түүнээс бүр цаашилбал Хүннүгийн Аттила хаан, эртний Ромын Юлий Цезарь, Македоны Александр Македон, мөн тэдэнтэй эн зэрэгцэхүйц Персийн Кир хаан, Карфагений Ганнибал хаан, Османы Сулейман I хаан нарын байлдан дагуулалтай адилтгах арга байхгүй. Учир нь тэдний цаг үе өнөөгийнхөөс тэс өөр өдөр шөнө шиг ялгаатай байсан. Харин өнөөгийнхөн бол нэн соёлжсон, даяаршсан дэлхий ертөнцийн хүмүүс) байлдан дагуулагчид байж ч магадгүй. Тэд эзлэн түрэмгийлэх бодлогынхоо эхлэлийг тавьсан гэхэд ч бараг болмоор. Америкчууд, нутгийн уугуул олон овог үндэстэн, ястныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж устгах эмгэнэлт бодлого явуулж байсан, явуулсаар ч байх шиг. Тэднийг түрэмгийлэгчид гэж дүгнэдэг судлаачдын зөв байх. Европчууд, Америк тивийн эртний түүхтэй уугуул иргэдийн нутгийг эзлээд 400 шахам жил болж байгаа байх.

 

Английн далайчин, судлаач, шинэ тивд колони байгуулагчдын анхдагч Бартоломью Госнолд гэгч 1602 онд Хойд Америкт хөл тавьж, зүүн эргийг судалж яваад Английн байнгын колоничлогчдын анхны сууриныг Жеймстаун (Англичуудын 1607 онд байгуулсан, АНУ-ын нутаг дэвсгэр дэх эх газрын анхны, байнгын суурин. Өнөөгийн АНУ-ын Виржини муж, Жеймс голын эрэг дээр байдаг) гэдэг газар байгуулахад гол үүрэг гүйцэтгэж анхны овоохойг босгож, галыг асаасан хүн юм гэнэ. Ингэж л англичууд, цагаан арьст хүмүүсийг Америк тивийг эзэгнэн суух колонийн дарлалын анхдагч, колоничлолын түүхийн бараан хуудсыг нээсэн хүмүүс бололтой. Уугуул иргэдийн нутгийг эзлэн түрэмгийлж, бас хар арьстнуудыг Африкаас зөөвөрлөн авчирч боолчлолын шинэ дэглэмийг тогтоосон нүгэлтнүүд. Тэр замаар ариун дагшин, онгон зэлүүд, баян тансаг, үзэсгэлэнт сайхан тэр нутгийн зүг Европын цагаачид, булаан эзлэгчдийн цуваа 1620-иод оноос нэн идэвхжиж чухам л үерийн ус шиг урсаж байсан гэнэ. Тэгсэн хэр нь тэд, ямар нэг улс болж бүрэлдэн тогтох үйл явц ор сураггүй байхад л элдэв цуст мөргөлдөөн аллага таллага, дайн тулаан дэгдээсээр байжээ. Эхлээд зөвхөн Америк тивийн уугуул оршин суугчидтай мөргөлдөж хаа сайгүй алж хядаж байсан бол сүүлдээ “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгчээр булаан эзэлсэн газар нутаг, эд баялгийг булаалдан өөр хоорондоо тэмцэлдэн дайтаж эхэлсэн юм байх.

 

Оршин тогтнохын төлөө хийсэн олон дайн. Нэг. Пекотын дайн (1636-1638 онд) хоёр жил үргэлжилсэн энэ дайны үед Пекотын ард иргэдийг аймшигтайгаар (Зөвхөн нутгийн иргэдээс гэхэд 5000 хүн амь үрэгдсэн гэдэг) хядсан; Хоёр. “Метакомын бослого” гэж түүхэнд тэмдэглэгдсэн Хаан Филиппийн (Америк тивийн түүхэнд тийм хаан  байгаагүй Метакомет гэдэг хүнийг бараг хошигнох байдлаар тэгж нэрлэсэн бололтой) (1675-1678 он) дөрвөн жил үргэлжилж, хамгийн их цус урсгасан дайн; Гурав. Франц-Индианчууд хоорондын дайн (1688-1763) үндсэндээ 70 гаруй жил үргэлжилсэн; Дөрөв. Колоничлогсод ба Британийн дайн (1775-1783 он) найман жил үргэлжилсэн. Харин энэ дайны үр дүнд АНУ тусгаар тогтнолоо олж авсан; Тав. АНУ ба индианчуудын олон овгуудын дунд газар нутаг эзэмшлийн төлөө (1810-1890) ойролцоогоор 80 орчим жил үргэлжилсэн дайн; Зургаа. Хойд ба Өмнөд америкчуудын дунд (1861–1865) дөрвөн жил үргэлжилсэн (Энэ бол Хойд өмнөд Америк тив биш. Америк дотроо хойд өмнөд нутаг гэсэн үг) иргэний дайн. Гол үр дүн нь боолчлолыг халсан түүхтэй; Долоо. Англи, Францын (1756-1763) долоон жил үргэлжилсэн дайн. Энэ дайнд Англи Улс дийлснээр америкийг чухамдаа индианчуудын газар нутгийг дангаар эзэгнэн суух ноёрхлыг тогтоосон гээд олон дайн дажин (Зөвхөн Америкт), мөн төдий чинээн том жижиг бослого мөргөлдөөний гай гамшгийг тоочин ярьж, бичиж баршгүй байх. Энэ бол 1636-1763 оны хооронд (130 шахам жил) болсон томоохон дайн байлдааныг тоймлосон бүрэн бус мэдээ.

 

Харин өнөөгийн Америк. Америк тивд шинэ колоничлолын дэглэм тогтсоноос хойш тусгаар тогтносон, анхны улс бол АНУ юм. Өөрөөр хэлбэл Европоос нүүж очсон цагаачид, уугуул нутгийнхныг колоничилсон бол тэд өөрсдөө бас англичуудын давхар колоничлолд байсан цаг үе бий. Тэр үед англичуудын колони байсан, чухамдаа 250 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж ядаж явсан АНУ өнөөдөр газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд дөрөвт, хүн амынхаа тоогоор дэлхийд гуравт, эдийн засгийн чадавхаар нэгд, цэргийн хүчин чадлаараа нэгд, инноваци ба технологиор гуравт, соёлын нөлөө кино, хөгжим, боловсролоор нэгд, ДНБ-ний үйлдвэрлэлээр нэгд, худалдан авах чадвараар хоёрт, нэг хүн амд ногдох ДНБ-ээр нэгд тус тус эрэмбэлэгддэг аварга гүрэн болжээ. Цахим ертөнцөд тэмдэглэснээр 349 сая хүнтэйгээс 2.9 хувь нь уугуул иргэд. Уугуул иргэд гэдэгт Хойд Америкийн нутаг дэвсгэрт Европын колоничлолоос өмнө амьдарч байсан үндэстнүүд тухайлбал, өөрсдийгөө “Америкийн индиан болон Аляскийн уугуул” гэж тодорхойлж албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс багтдаг байна. Уугуул ард түмэн нь өнөөг хүртэл өөрийн хэл, соёл, уламжлалаа хадгалахын төлөө тэмцсээр ирсэн. Одоо ч тэмцэж л  байгаа бололтой. Уугуул иргэдийг “индиан” гэж ярьж тэмдэглэхээ бараг больж уугуул иргэд гэж албан ёсоор ярьж бичдэг болсон гэнэ.

 

“Замбуулингийн чанад дахь их Мэй орноор...” 2026 он. УБ.

Төгсгөл өгүүлэх хаялга. Монголчууд АНУ-ын тухай их сонссон, багагүй уншсан, зохих хэмжээний мэдээлэл мэдлэгтэй, бараг хүн бүр тэнд зочилсон аялсан, ажиллаж суралцагсдад, энэхүү ном сонин биш байж болно. Харин харь холд төдийлөн явдаггүй, тэгсэн хэр нь АНУ-ыг сонирхож ажигладаг, мөн АНУ-д суралцах, ажиллах хүсэл мөрөөдөлтэй хүмүүст анхны ойлголт, төсөөлөл өгөхөд миний энэхүү номын нэг зорилго оршиж байгаа. Гэхдээ нэг хоёр удаагийн аяллаар АНУ хэмээх аварга гүрний сайн сайхан бүхнийг харж үзэх, мэдэж ухаарах, нутаг ус, байгалийн сонин хачин, түүх соёлын дурсгал, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, иргэдийн аж амьдрал, сургууль боловсролын байдлыг нэгэн зэрэг хараад бүхнийг багтаасан тэмдэглэл бичнэ гэвэл мань мэт ахардаж, энэ хэрийн товхимол жижигдэх болно. Тийм учраас Америк орныг, нэг удаагийн аяллаар бүгдийг үзэх, бүхэлд нь ойлгож ухаарах, тэр бүхнийг  хамарсан, үнэн зөв, хангалттай хэмжээний ном бичих боломж хэнд ч хомс болохын учир, дутуу хүтүү харсан, буруу зөв ухаарсан, андуу ташаа бичсэн зүйл байх аваас хүлцэн болгоож авах гээхийн ухаанаар хандахыг мэргэн уншигч танаас хүсье.

Сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг.

2026.06.29.

Гэрэл зургийг С.Зэвсэг.                       

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин