Монгол Улс Зүүн Азийн бүс нутгийн тэр дундаа Солонгосын хойгийн энх тайвны талаар ярилцахад хамгийн тохиромжтой талбар болж байгааг сүүлийн үед олон улсын судлаачид тодорхойлон бичих болсон. Ялангуяа жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал үүнд онцгой нөлөө үзүүлж байгааг энэ жилийн оролцогч улс орнуудын төлөөллүүд ч онцлон тэмдэглэж байв. Тэр дундаа энэ жил БНСУ-ын Нэгдлийн сайд өөрийн биеэр хүрэлцэн ирж анх удаа оролцсон нь энэхүү ач холбогдлыг улам тодруулж буй юм. Тэгвэл Монгол Улс тэнцвэртэй, олон талт гадаад бодлогоороо хэрхэн Азийн Женев болж байгааг онцолсон нэгэн өгүүлэл дахин хэвлэгджээ. Зүүн Азийн аюулгүй байдал, олон улсын улс төрийн эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг, БНСУ-ын Сүүкмён эмэгтэйчүүдийн их сургуулийн зочин профессор Ли Мин Ён энэхүү нийтлэлийг хэвлүүлснийг орчуулан хүргэе.
 

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

АНУ, БНХАУ-ын стратегийн өрсөлдөөн улам ширүүсэж, олон улсын дэг журамд томоохон өөрчлөлтүүд өрнөж буй энэ үед Солонгосын хойгийг тойрсон аюулгүй байдлын орчин улам бүр царцанги шинжтэй болж, шинэ “Хүйтэн дайн”-тай зүйрлэх хэмжээнд хүрээд байна. 2019 онд АНУ, БНАСАУ-ын Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний дараагаас яриа хэлэлцээ биш сөргөлдөөн улам нэмэгдэж, хамтын ажиллагааг үл итгэлцэл халхлах болсон. Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй бас нэгэн хүчин зүйл нь Европ болон Ойрхи Дорнодод үргэлжилж буй аюулгүй байдлын хямралууд бөгөөд эдгээр нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж, Солонгосын хойгийн асуудлаарх яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны дипломат орон зайг улам хумиж байна. Энэхүү мухардлыг даван туулахын тулд холбогдох талуудын хоорондын харилцан итгэлийг сэргээж, шинэ яриа хэлэлцээний боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Өнөөдөр Улаанбаатар хот энэ үйл явцын хөшүүрэг төдийгүй, яриа хэлэлцээ өрнүүлэх чухал талбарын нэг болон дахин тодорч байна.

 

Улаанбаатарын яриа хэлэлцээ: Олон талт аюулгүй байдлын шинэ загвар

Энэ сарын эхээр болсон 2026 оны Улаанбаатарын яриа хэлэлцээний (UBD) үеэр БНСУ-ын Нэгдлийн сайд Солонгосын хойгт энх тайвны дэглэм тогтоож, Зүүн хойд Азийн олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх алсын хараагаа танилцуулсан нь шинэ боломж нээсэн үйл явдал болов.
Тэрхүү санал нь эхний ээлжинд Хойд, Өмнөд Солонгос, АНУ, БНХАУ-ыг хамарсан дөрвөн талт яриа хэлэлцээний тогтолцоог бүрдүүлж, цаашлаад Монгол, Япон, ОХУ болон бүс нутгийн бусад оролцогчийг хамарсан Зүүн хойд Азийн энхийн архитектур болгон өргөжүүлэх зорилготой юм.
Энэ тогтолцоог дэмжих хүрээнд Нэгдлийн сайд эдийн засгийн тодорхой санаачилгуудыг мөн танилцуулсан. Үүнд Их Түмэн санаачилга (GTI)-тай уялдсан Арктикийн тээврийн замын хамтын ажиллагаа болон урт хугацаанд Сөүл, Бээжин хотыг өндөр хурдны төмөр замаар холбох боломж зэрэг багтаж байна.
Эдгээр санал нь Солонгосын хойгийн энх тайвныг бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн БНСУ-ын дипломат хүчин чармайлтыг илэрхийлж байна. 
Ерөнхийлөгч И Жэ Мёны долоодугаар сард Монгол Улсад хийхээр төлөвлөсөн айлчлал нь хоёр улсын харилцааны ач холбогдол өсөн нэмэгдэж буйг төдийгүй Монгол Улсын Зүүн хойд Азийн бүс нутгийн стратегийн байр суурь улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
БНСУ-ын хувьд Монгол Улс нь газрын ховор элемент зэрэг стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эдийн засгийн аюулгүй байдлын чухал түнш бөгөөд Солонгосын хойгийн асуудлаарх яриа хэлэлцээг дахин сэргээх боломжтой олон талт дипломат тавцан болж байна.

 

Монгол Улсын зуучлагчийн үүргийг тодорхойлох гурван стратегийн давуу тал

Монгол Улс Солонгосын хойгийн энх тайван, хамтын оршин тогтнолыг дэмжих бодитой бөгөөд итгэл хүлээсэн зуучлагчдын нэг болж чадсан нь дипломат ололт амжилт, геополитикийн байршил, олон жилийн турш хуримтлуулсан харилцан итгэл гэсэн гурван үндсэн хүчин зүйлд тулгуурладаг.
Нэгдүгээрт, Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх асуудлаарх дипломат байр суурь, ёс суртахууны нэр хүндийг бүрдүүлж чадсан улс юм. Монгол Улс 1992 онд өөрийгөө цөмийн зэвсгээс ангид бүс (NWFZ) хэмээн сайн дураараа зарласан бөгөөд энэхүү онцгой статуст нь НҮБ хожим албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Хятад, Орос зэрэг их гүрний дунд оршдог хэдий ч Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогоо тууштай баримталж, аливаа нэг талд хэт хэлбийлгүй стратегийн тэнцвэрээ хадгалсаар ирсэн.
Энэ нь Зүүн хойд Азийн энх тайван, цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хэлэлцээний үед Монгол Улсад төвийг сахисан, итгэл төрүүлэх байр суурийг бүрдүүлсэн юм. Ийм төвийг сахисан бодлого нь бүх оролцогчийг улс төрийн дарамт, болгоомжлол багатайгаар хэлэлцээний ширээний ард суух боломжийг олгодог.
Хоёрдугаарт, Монгол Улс Хойд болон Өмнөд Солонгостой тэнцвэртэй, найрсаг харилцаагаа тогтвортой хадгалж ирсэн. Монгол Улс 1948 онд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш 1990 оны ардчилсан шилжилтийн дараа ч энэхүү харилцаагаа үргэлжлүүлэн хадгалсан. Өмнө нь социалист байсан олон улс Пёньянаас аажмаар зайгаа барьсан бол Монгол Улс БНАСАУ-ын хувьд найдвартай, итгэлтэй түнш хэвээр үлдсэн цөөн орны нэг болсон.
Өнгөрсөн онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Монгол Улс Хойд, Өмнөд Солонгосын хооронд бодитой гүүрийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн нь зүгээр нэг дипломат мэдэгдэл биш байлаа. Монгол Улс 2007 оноос хойш Хойд Солонгос, Японы ажлын түвшний хэлэлцээг зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатарын яриа хэлэлцээний хүрээнд БНАСАУ, АНУ-ын хоорондын албан бус харилцааг ч дэмжин ажилласан. Солонгосын хойгийн асуудлаарх дипломат үйл ажиллагаанд ийм туршлага хуримтлуулсан улс тун ховор.
Гуравдугаарт, Монгол Улс, БНСУ хоёр олон арван жилийн турш иргэд хоорондын харилцаа, түүхэн дотно холбоонд тулгуурласан гүнзгий харилцан итгэлийг бий болгожээ. Хоёр улс газар зүйн хувьд ойрхон төдийгүй нийтлэг ойлголцол, сайн санааны үндсэн дээр улам бүр ойртож байна. Энэхүү харилцаа улс төр, эдийн засаг, соёлын бүх салбарт өргөжин хөгжиж, хоёр улсын байгуулсан XXI зууны стратегийн түншлэл-ийн бат бөх суурь болж байна.
Ийнхүү харилцан итгэлцэл байгаа нь Монгол Улсын яриа хэлэлцээний талбар болох дипломат үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлж байна. Монгол Улс уулзалт, хэлэлцээний талбар санал болгох үед Сөүл, Пёньян аль аль нь түүнийг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөхүйц, таатай орчин гэж үзэх хандлагатай байдаг.

 

“Азийн Женев” ба Монгол, Солонгосын хойгийн хамтын ирээдүй

2009 оноос Зургаан талт хэлэлцээ үндсэндээ зогсонги байдалд орсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж дипломат мухардлыг даван туулах зорилгоор 2013 онд Улаанбаатарын яриа хэлэлцээ (UBD)-г санаачилж, 2014 онд албан ёсоор эхлүүлсэн юм.
Улаанбаатарын яриа хэлэлцээ нь БНСУ-ын өмнө нь хэрэгжүүлж байсан Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилгатай олон талаар төстэй. Үүний хамгийн том давуу тал нь Засгийн газрын төлөөлөгчид болон төрийн бус салбарын шинжээчдийг нэг дор оролцуулдаг механизм юм. Зөвхөн цэрэг, аюулгүй байдлын эмзэг асуудалд төвлөрөхийн оронд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн менежмент, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг “зөөлөн хүчний бодлого”-ын асуудлаар харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд онцгойлон анхаардаг.
Энэхүү арга барил нь Хойд Солонгосыг оролцуулаад бүс нутгийн бүх оролцогч улс төрийн харьцангуй бага дарамт, хязгаарлалттай оролцох боломжтой, уян хатан яриа хэлэлцээний орчныг бүрдүүлж байна.
Өнөөдөр геополитикийн өрсөлдөөнөөр тодорхойлогдож буй Зүүн хойд Азид гүүр болж буй Монгол Улсын байр суурьт “Азийн Женев” гэх тодотгол зүй ёсоор зохино. Гэхдээ Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны үнэ цэнэ зөвхөн дипломат харилцаа, аюулгүй байдлын асуудлаар хязгаарлагдахгүй.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд Солонгосын хойг нь Номхон далайд хүрэх стратегийн гарц бөгөөд Хятад, Оросын дунд оршдог газарзүйн хязгаарлалтыг даван туулах чухал боломж юм. Харин БНСУ-ын хувьд Монгол Улс нь Солонгосын хойгийг Евразийн өргөн уудам эх газартай холбох стратегийн гүүр болж чадна.
Хэрэв Солонгосын хойгт тогтвортой энх тайван тогтвол Монгол Улс далайн тээврийн шинэ гарцтай болж, БНСУ Евразийн эх газрын тээврийн сүлжээнд холбогдох боломжтой болно. Ийм харилцан уялдаа холбоо нь Зүүн хойд Азийн хамтын хөгжил, нийтлэг сайн сайхны бат бөх суурийг бүрдүүлэх юм.
Иймээс БНСУ, Монгол Улсын дипломат хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь Зүүн хойд Азид олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагааг сэргээж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгоход чиглэсэн яриа хэлэлцээг дахин эхлүүлэх бодит боломжийг нээж байна.
Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Солонгосын хойгийн энх тайван, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ эрч хүч авчирна гэсэн хүлээлттэй байна.
Эцэст нь, хэрэв бүс нутаг харилцан итгэлийг сэргээж, яриа хэлэлцээг дахин эхлүүлэх бодитой талбар эрэлхийлж байгаа бол Улаанбаатараас илүү тохиромжтой газар цөөн билээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 125 (7867)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?