Б.ЗОЛБОО

Европт энэ зуны эхээр урьд өмнө үзэгдээгүй хэт халалт болж, олон хүн цаг бусаар амь насаа алдаж болзошгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анхаарууллаа. Өнгөрсөн ням гарагт буюу зургаадугаар сарын 27-нд Герман, Польш, Чех зэрэг улсад агаарын температур дээд цэгтээ хүрч халсан юм. ДЭМБ-ийн тэргүүн Тедрос Адханом Гебрейсусын мэдэгдэж буйгаар Европ дахь хэт халалтын улмаас нас барсан 1300 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад өнгөрсөн лхагва гарагаас хойш 1000 гаруй орчим хүн нас барсныг мэдэгдсэн юм. Мөн гэртээ байж байхдаа нас барах тохиолдол 40 хувиар нэмэгдсэн бөгөөд нас баралтын дийлэнх хувийг 65-аас дээш насныхан эзэлж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Европын эрх баригчид томоохон хөгжмийн наадмуудыг цуцлах, гудамж талбайд согтууруулах ундаа худалдах, хэрэглэх зэргийг хоригложээ.