Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдварын анхны тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улс орнууд хөл хорио, вакцинжуулалтаас эхлээд олон төрлийн хязгаарлалтыг хэрэгжүүлсэн ч халдварын тархалт буурсангүй. Харин эсрэгээрээ олон төрлийн мутацид орон халдварлах болоод өвчлүүлэх чадвар нь хурдацтай нэмэгдэж байна. Яг одоо дэлхийн дахинаа дельта хэмээх өмнөх хувилбаруудаасаа 70 хувиар хурдацтай тархдаг вирус тархаж, дахин шинэ давлагааг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл сүүлийн үед хүн амын дунд тархах болсон  COVID-19-ийн дельта хувилбарын шинэ дэд хувилбарыг судалж эхэлснээ Их Британийн Засгийн газар мэдэгдлээ.

Энэ нь “Delta Plus” буюу AY.4.2 нэртэй дэд хувилбар юм. Одоогоор шинэ дэд хувилбарыг илүү амархан халдварладаг гэх нотолгоо байхгүй ч анхааралдаа аван судалж эхэлснийг Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Хэрэв халдварын тархалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа нь батлагдвал хариу арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа аж.Хэдийгээр Их Британид вакцинжуулалтын хувь өндөр байгаа ч сүүлийн саруудад  тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тус улс долдугаар сард хорио цээрийн бүх дэглэмээ цуцалсан ч  анагаах ухааны зарим мэргэжилтнүүд дотоод орчинд амны хаалт зүүх гэсэн зарим хариу арга хэмжээг буцааж сэргээх шаардлагатай гэж үзэж байна.Дельта хувилбарын AY.4.2 дэд хувилбар нь одоогоор Их Британиас өөр АНУ-д гурван тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: www.Polit.mn