Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн БНХАУ-ын Ухань хотоос  хэдэн  мянган хүний цусны шинжилгээ авч COVID-19 халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор бэлтгэж байгаагаа Хятадын албаны хүмүүс мэдэгдэв. Тус улсыг халдварын эх үүсвэрийг тодорхойлох судалгаанд хойрго хандаж, нуун дарагдуулж байгааг дэлхийн зарим орон шүүмжилж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг хийжээ. ДЭМБ-ын шинжээчдийн баг энэ жилийн хоёрдугаар сард тус улсад ажиллаж, 2019 онд халдвар авсан 200 мянга гаруй хүнээс шинжилгээ авч, вирус хаанаас, хэрхэн хүнд тархасныг тодорхойлохоор болсон юм. Энэ цусны дээжийг одоо Уханий Цусны төвд хадгалж байгаа бөгөөд  хоёр жил болсон учир тун удахгүй хугацаа нь дуусах юм. Гэвч дээрх цусны дээжийн хугацаа хоёр жил болсны дараагаар шинжилгээг хийж эхэлнэ гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдэгджээ. Дээжийг зөв хадгалсан тохиолдолд  халдварын эсрэг биетийг илрүүлэхэд асар их тустай хэмээн тэд үзэж байна.
Энэ талаар  Хятадын Гадаадтай харилцах консулын дэлхийн эрүүл мэнд хариуцсан ахлах ажилтан Янжон Хуан “Халдварын дэгдэлтийн хугацааг тодорхойлоход энэ шинжилгээ тусална гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийт бидний дүгнэлтийг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй. Гэвч Хятад халдварын гарал үүслийн судалгаанд нухацтай хандаж байгаагаа олон нийтэд зарлаж байгаа нь энэ юм” гэж ярьжээ. Мөн Вандербилт анагаах ухааны их сургуулийн доктор Виллям Шаффнер “Цар тахал анх Хятадын хүн амын дунд хэрхэн тархсаныг мэдэх гайхалтай боломж олдлоо. Дээрх цусны дээжүүд анхны халдвар авсан хүний нас, ажил мэргэжил болон яг хаанаас авсныг хэлж өгөх байх. Гэхдээ цусны дээжийн хадгалалт, хоёр жил болсон зэрэг нь хариу үнэн зөв гарахад нөлөөлөх асуудал юм. Мөн эрүүл хүмүүсээс дээж авах нь шинж тэмдэггүй халдваруудыг илрүүлнэ. Учир нь цар тахал шинж тэмдэггүйгээр тархаж болдгийг бид ойлгосон” гэж ярьжээ. Харин Колумбын их сургуулийн вирус судлаач Мауреен Миллер “Хятадын талд маш чухал мэдээлэл байгаа. Гэхдээ судалгааг хийхдээ гадаадын шинжээчдийг оруулахгүй бол Хятадын судалгааны үр дүнд хэн ч итгэхгүй” гэв.
БНХАУ халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 08нд бүртгэгдсэн хэмээн үзэж байгаа ч  ДЭМБ-ын хамтарсан судлаачдын баг үүнээс ч өмнө халдвар тархсан байж болзошгүйг мэдээлсэн.АНУ-ын Тагнуулын албанаас халдвар амьтнаас хүнд тархсан тухай баримтыг дэлгэсэн. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Жо Байден “Цар тахлын гарал үүсэлтэй холботой чухал мэдээлэл БНХАУ-д байгаа. Гэвч тус улсын Засгийн газар энэ мэдээлэллээ дэлхийн шинжээчдэд зарлахаас урьдчилан сэргийлж ажилласан” гэж ярьсан юм. Үүний дараа Хятад улс вирус АНУ-ын Форт Детрикийн лабораториос алдагдсан хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)