НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Тус чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны үеэр дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ амлалт өгсөн нь анхаарал татлаа. Тодруулбал, Ши Жиньпин нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэдгээ илтгэлийнхээ үеэр мэдэгдэв. Энэ нь тус улс “Бүс ба Зам” дэд бүтцээ хөгжүүлэх санаачилгадаа өөрчлөлт оруулахын дохио юм. Мөн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх ногоон эрчим хүний төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэлээ. 
Үүний хариуд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхийн  хоёр том эдийн засагтай орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээ авахаа зарласанд үнэхээр баяртай байна. АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жилд 11.4 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. Харин өнөөдөр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нүүрсний станцуудыг гадаадын орнуудад барихаа зогсоож, улмаар хүлэмжийн хий бага ялгаруулдаг, ногоон бүтээн байгуулалтыг дэмжихээ зарлалаа. Нүүрсний хэрэглээг бууруулах нь Парисын хэлэлцээрт заасны дагуу дэлхийн дулаарлын өсөлтийг цельсийн 1.5 хэмд байлгах хамгийн чухал алхам юм” гэжээ. Хятад улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 2014-2020 оны хооронд нүүрсний цахилгаан станцны бүтээн байгуулалтад 160 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байсан юм. Тус улс дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч бөгөөд 2020 оны хэрэглээ нь бусад улсыг нийлүүлснээс давсан байна.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)