Б.ДОЛЖИНЖАВ

АНУ арваннэгдүгээр сараас эхлэн вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын аялагчдыг хүлээж авахаар төлөвлөж байгаа талаар Цагаан ордон өчигдөр мэдээлжээ. Тодруулбал, Америк руу очих гадаадын иргэдээс арваннэгдүгээр сараас эхлэн вакцины бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ шаардахыг Цагаан ордны цар тахал хариуцсан мэргэжилтэн Жефф Зиентс мэдэгдэв. Аяллын эрх нээгдэх сар гаруй хугацаанд нислэгийн компани болон иргэний нисэхийн агентлагуудыг жуулчдадаа хүлээж авахад бэлтгэх зөвлөмжийг өгчээ.

Үүнээс гадна  гадаадын жуулчид болон эх орондоо эргэн ирж байгаа иргэд вакциндаа хамрагдсан ч  нисэхээс гурван өдрийн өмнө COVID-19 эсрэг шинжилгээ өгч, сөрөг хариугаа үзүүлэн зорчих  аж. Ингэхдээ очоод тусгаарлагдахгүй.Нислэгийн компаниуд зорчигчийн утасны дугаар, имэйл хаяг болон бусад хэрэгцээт мэдээллийг Америкийн халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв рүү илгээх юм. Ингэснээр тухайн зорчигч халдвар авсан тохиолдолд холбогдох аж.

Харин вакциндаа хамрагдаагүй ч гадаадаас ирж байгаа Америк иргэдээс нэмэлт нарийн шинжилгээ авах юм байна. Иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэх орнуудад Хятад, Их Британи, Ирланд, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Иранаас гадна Шенгений бүсэд багтдаг Европын орнууд багтаж байна.

Америкийн тухайд цар тахлын анхны тохиолдол Хятадад бүртгэгдэх үеэр буюу 2020 оны нэгдүгээр сард тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп аяллыг хязгаарласан билээ.

Эх сурвалж:CNN