
Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг
Geopolitical monitor цахим сэтгүүлийн геополитикийн анализ тойм
Бүгд Найрамдах Индонез Улсын саяхан хийсэн геополитикийн эргэлт нь тооцоолсон бодлогын тохируулга мэт харагдахгүй байна. 2026 оны 4-р сард Индонез улс АНУ-тай харилцаж буй харилцаагаа Батлан хамгаалах хамтын ажиллагааны томоохон түншлэлээр өргөжүүлж, орчин үеийн түүхэндээ бусад улстай хийж байгаагүй хамгийн өргөн хүрээтэй худалдааны гэрээ байгуулан бэхжүүллээ. Цаасан дээр энэ алхам нь түншлэл, чадавхийг бэхжүүлэх, харилцан хүндэтгэх гэсэн танил үг хэллэгтэй. Харин бодит байдал дээр эдгээр гэрээ нь илүү гүн гүнзгий утга агуулгыг илтгэнэ: эл шийдвэр нь дэлхийн дэг журам задарч байгаа энэ үед он удаан жил эвсэлд үл нэгдэх бодлого баримталсан дунд гүрэн Индонез нь их гүрнүүдийн мөргөлдөөний таталцлын хүч рүү шилжиж буйг харуулж байна.
Цаг хугацаа бол бүх зүйл. Ираны дайны нөлөөгөөр Ормузын хоолойд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг 20 хувийг гацааж, эрчим хүчний зах зээлд цочрол үүсгэн, хямралын үед ч худалдаа чөлөөтэй урсдаг гэсэн даяаршлын ойлголт худлаа болохыг харуулав. 270 гаруй сая хүн амтай, эрчим хүч импортлогч Индонезын хувьд зах зээлийн цочрол маш хүндээр туссан. Үндэсний мөнгөн тэмдэгт рупигийн ханш хэлбэлзэж, нийлүүлэлтийн сүлжээ суларч, эдийн засаг агшсан нь улс төрийн яаралтай шийдвэр гаргахад хүргэв.
Өнөөгийн геополитикийн өөрчлөлт алс хол мэт харагдавч, үнэндээ Индонезын айл өрхүүдэд эдийн засгийн хувьд хүндээр тусаж байна. Тухайлбал дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг 20 хувь нь Ормузын хоолойд гацсанаар Индонезын татаасын сул тогтолцоог улам сульдааж, рупигийн ханш унах, хангамжийн сүлжээ тасалдах, түлшний хомсдол үүсгэх зэргээр бүх талын нөлөөлөл үзүүлж байна. Ийм ээдрээтэй цаг үед Жакарта Вашингтоныг түших нь стратегийн сонголт гэхээсээ илүү бүрэн эрхт байдал нь валютын тогтвортой байдал, хангамжийн сүлжээний аюулгүй байдал, инфляцыг хязгаарлах улс төрийн зайлшгүй шаардлагаар чимээгүйхэн хязгаарлагдаж байдаг "алтадмал тор" руу дурамжхан орохтой адил зүйл юм.
Вашингтоны өнцгөөс харахад Индонез бол байдаг л нэг түнш биш. Батлан хамгаалах салбарын шинжээчдийн дүгнэснээр Индонез нь Энэтхэг, Номхон далайн дундах "газарзүйн бат бөх холбоос" юм. Япон, Филиппин дэх АНУ-ын цэргийн баазууд пуужингийн аюул заналхийллээс эхлээд дотоодын улс төрийн хязгаарлалттай тулгарч байгаа өнөө үед Индонезын арлууд дээгүүр нислэг үйлдэх эрхтэй, ложистикийн уян хатан байдлаа хангах бололцоотой байх нь стратегийн хувьд найдвартай баталгаа л гэсэн үг. Энэ харилцаа уламжлалт утгаараа эвсэл байгуулж буй хэрэг биш юм. Харин байнгын цэргийн бааз байгуулж зардал гаргахгүйгээр цэргийн хөдөлгөөнийг уян хатан зохицуулах бололцоог нээж өгч байгаараа онцлог юм.
Индонезын хувьд тооцоолол нь хийсвэр биш эдийн засгийн ашиг сонирхол давамгай байгаа. Сая байгуудсан хоёр талын худалдааны хэлэлцээр нь тарифыг бууруулж, далдуу модны тос, кофе, какао зэрэг Индонезийн экспортын бараа бүтээгдэхүүнд АНУ-ын зах зээлийг нээж өгөхийн зэрэгцээ Жакарта АНУ-ын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 99 орчим хувиар бууруулах үүрэг хүлээж буй юм. Үүний зэрэгцээ, 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх Грасбергийн уурхайн лицензийг 2061 он хүртэл сунгасан нь чухал ашигт малтмалын АНУ-д төвлөрсөн хангамжийн сүлжээнд урьд урьдынхаас илүү оролцоотой болж ирлээ. Эдгээр нь жирийн хамтын ажиллагаа биш. Индонезын эдийн засаг, стратегийн байр сууринд бүтцийн өөрчлөлт хийсэнтэй дүйцэхүйц ач холбогдолтой юм. Гэсэн хэдий ч худалдаа арилжааны эдгээр гэрээ, хэлэлцээрийн цаана тарифын хуваарь эсвэл батлан хамгаалахын санамж бичгээр хэмжих боломжгүй илүү гүнзгий түгшүүр нуугдаж байгаа.
Гадаад бодлогын номлол нь шинэ бодит байдалтай нүүр тулж байна
Индонезын гадаад бодлогын ялгарах онцлог нь удаан хугацаанд идэвхтэй, бие даасан байдалд тулгуурлаж ирсэн.Тус улсын гадаад бодлогын номлол колоничлолын эсрэг тэмцлээс урган гарч, шинээр тусгаар тогтносон улсууд их гүрнүүдийн өрсөлдөөнд оролцохоос татгалзаж буйгаа илэрхийлсэн 1955 оны Бандунгийн бага хурлын үр дүнд буй болсон юм. Гадаад бодлогын энэхүү номлол зүгээр нэг уран илтгэл биш. Энэ нь Индонезын улс төрийн ухамсарт гүн шингэж, тусгаар тогтнол, нэр төр, ёс суртахууны манлайллын талаарх олон нийтийн үзэл бодлоор батжин бэхжиж иржээ. Харин өнөөдөр энэхүү номлол хүнд сорилттой тулгарч байна.
Одоо Индонез улсын “хоолойд” геополитикийн олс чангарсаар байна. Индонезын гадаад бодлогод АНУ-ын аюулгүй байдалд тулгуурласан, Хятадын эдийн засгийн үр шимээр тэтгэгдсэн, Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс хамааралтай "хамгаалалтын гурвалжин" үүсэж байна. Энэ дүр зураг тус улсын идэвхтэй, бие даасан гадаад бодлогын мөн чанарыг сорьж, хараат байдлын шинэ хэлбэрт аажмаар шилжих эрсдэлтэй байгааг харуулж байна.
Дотоодын эсэргүүцэл эрчтэй байна. Олон нийтийн санал асуулгаар Индонезын иргэдийн талаас илүү хувь нь АНУ-ын дэмжлэгтэй Газын Зурвасын төлөөх "Энх тайвны зөвлөл"-д оролцохыг эсэргүүцэж, уг зөвлөлд гишүүнээр элсэхийг дэмжиж буй иргэдийн дэмжлэг 34 хувиас доош буурчээ.
Иргэд гудамжинд гарч жагсаал хийж, шашны номлогчид үзэл бодлоо илэрхийлж, тэдний дуу хоолойг иргэний нийгмийнхэн олноороо дэижиж буй нь үндэсний хэмжээнд нэгдсэн ховор үзэгдэл болж хувирав: тэд Ойрх Дорнод дахь АНУ-ын стратегийн зорилтуудыг заавал дэмжиж, нэгдэх албагүй гэж үзэж байна. Жакарта хотод Палестины далбаан дор олон мянган хүн жагсаж, хил хязгааргүй эв нэгдлийг уриалцгааж байгаа. Ард иргэдийн энэ дуу хоолой зөвхөн Газын Зурвасын тухай биш. Үндэстний өвөрмөц байдлын тухай юм. Индонез улс Хөгжиж буй улс орнуудын дуу хоолой хэвээр үлдэх үү, эсвэл их гүрнүүдийн бодлогын хавсрага улс болох уу гэсэн сонголтын өмнө байна.
Хуулийн маргаан үүсэв
Эрдэмтэд болон иргэний нийгмийн бүлгүүд дээрх худалдааны гэрээ нь олон улсын гэрээг парламентаар соёрхон батлах тухай үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж маргаж байна. Одоогоор уг худалдааны хэлэлцээрийг "засгийн газрын хууль бус үйлдэл", Индонезид өргөн хүрээтэй үүрэг хүлээлгэснээс биш хүртэх үр ашиг нь бага байна гэсэн үндэслэлээр иргэд, иргэний нийгмийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ маргаан, шүүмжлэл нь зөвхөн процедурын шинжтэй биш юм. Энэ нь Индонез улс эдийн засгийн хувьд урт хугацаанд хараат байдалд орох эрсдэлтэй гэж үзсэн гүн гүнзгий айдас, болгоомжлолтой холбоотой юм.
Геополитикийн өрсөлдөөн эрчимжиж буй өнөө үед том гүрнүүд дунд гүрнүүдэд хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг амласан түншлэлийг санал болгож байгаа ч энэ нь алсдаа улс орны бие даасан байдлыг хязгаарлах эрсдэлтэйг улс орнууд харгалзан үзэх шаардлагатай байдаг. Энэ эрсдэл зөвхөн Индонезд тулгараагүй. Зүүн Өмнөд Азид, цаашлаад дэлхийн хөгжиж буй улс орнууд ижил төстэй эрсдлийг даван туулж, том гүрнүүдийн тогтоож буй дэг журам дотор зайлсхийх, өөрийгөө хамгаалах, уян хатан бодлого баримтлах зэргээр дасан зохицож оршихыг эрмэлзэцгээж байна. Вьетнам улс гэхэд Хятад, АНУ-ын дунд эвтэйхэн тэнцвэр барьж байгаа бол Энэтхэг улс шийдвэр гаргах бие даасан байдлаа хадгалахын зэрэгцээ стратегийн түншлэлд оролцоод явж байна. Австрали зэрэг АНУ-ын уламжлалт холбоотнууд хүртэл гадаадын цэргийн оролцоонд хууль эрх зүй, парламентын хатуу хяналт тавьж буй.
Индонезын хувьд түүний газарзүйн байршил, эдийн засгийн байдал нь гадаад орчныг нь ээдрээтэй болгож буй хүчин зүйл нь. Харин түүний өвөрмөц байдал нь тус улсыг тэсвэртэй болгодог юм. Хэрэв эвсэлд үл нэгдэх бодлого тууштай баримталж ирсэн улс энэ чиг шугамаасаа хазайж эхэлбэл бусад нь дагаж магадгүй. Харин эсрэгээрээ, хэрэв Индонез тусгаар тогтнолоо хадгалан геополитикийн энэ хүнд үеийг даван туулж чадвал бууж өгөлгүйгээр тусгаар тогтнолоо хэвээр хадгалахыг эрмэлздэг дунд гүрнүүдэд сайн жишээ болж өгч магадгүй юм. Дэлхийн түүхэнд нэгэн чимээгүй үнэн бий. Их гүрнүүд өөрсдийгөө стратегийн орчныг бүрдүүлж байна гэж боддог. Гэхдээ яг үнэндээ дунд гүрнүүдийн шийдвэрүүд - тэдний эргэлзээ, буулт, татгалзал нь олон улсын дэг журмын жинхэнэ мөн чанарыг илчилж байдаг юм.
Эх сурвалж: https://www.geopoliticalmonitor.com/indonesia-is-accepting-strategic-risk-because-it-has-no-choice/
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn