Б.НАНДИН
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Бээжин хотноо хийх төрийн айлчлал маргааш эхэлнэ. Тэрбээр тавдугаар сарын 14-15-нд айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, худалдаа, геополитик болон аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээллээ.
Энэ нь Дональд Трампын 2017 оноос хойш Хятадад хийх анхны төрийн айлчлал бөгөөд хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Ши Жиньпинтэй хийх хамгийн чухал уулзалтуудын нэг гэж ажиглагчид үзэж байна.
Уулзалтаар АНУ, Хятадын худалдааны маргаан, тарифын бодлого, Тайванийн асуудал, Ираны нөхцөл байдал болон хиймэл оюун ухааны зохицуулалтын талаар хэлэлцэхээр байгаа аж. Мөн хоёр улсын хооронд байгуулсан ховор металлын нийлүүлэлттэй холбоотой тохиролцооны хэрэгжилтийг ярилцах төлөвтэй байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд талууд “стратегийн тогтвортой байдал”, дэлхийн аюулгүй байдлын асуудлыг мөн хэлэлцэнэ гэж онцолжээ. Харин Д.Трамп айлчлалынхаа өмнө “Ши Жиньпин дэлхийн энх тайванд чухал үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн мэдэгдсэн нь Ираны асуудалтай холбоотой дипломат шахалт нэмэгдэж буйтай холбон тайлбарлагдаж байна.
Түүнчлэн Америкийн хэвлэлүүдээр Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудлыг хоёр тал хаалттай хүрээнд ярилцаж магадгүй талаар мэдээлж эхэлжээ. Энэхүү уулзалтыг АНУ, Хятадын харилцааны дараагийн чиглэлийг тодорхойлох чухал үйл явдал болно гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 91 (7833)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn