Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайландаа өнгөрсөн сард танилцуулж, дэлхий дахинд хүний эрхэд заналхийлсэн аюулт шинэ эрин эхэлж байгааг анхаарууллаа. Хэрэв улс орнууд буулт хийхээ зогсоож, хамтын эсэргүүцэл үзүүлэхгүй бол энэ хандлага тогтсон дэг журам болж бэхжих эрсдэлтэй байна гэж тэмдэглэжээ.
144 орны нөхцөл байдлыг хамарсан уг тайланд хүчирхэг гүрнүүд, корпорациуд болон хүний эрхийн эсрэг хөдөлгөөнүүд олон улсын эрх зүй, хүний эрх, олон талт хамтын ажиллагаанд системтэйгээр заналхийлж буйг тэмдэглэсэн байна.
“Бид цаг үеийнхээ хамгийн сорилттой мөчтэй нүүр тулж байна. Хууль бус дайн, зэвсэгт мөргөлдөөн, халдлага, эдийн засгийн дарамтаар хэсэг бүлэг улс ноёрхлоо тогтоохоор зорьж буй мөлжлөгт тогтолцоо дэлхий даяар бэхжиж байна” гэж Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгдсэн.
Дэлхийн хүний эрхийн төлөв байдалд ямар сорилт тулгарч байгаа талаар Эмнести Интернэшнл дараахь зүйлүүдийг онцолсон байна.
ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ, ШУДАРГА ЁСНЫ ТОГТОЛЦОО ГАНХАЖ БАЙНА
Мөлжигч, ашиг хонжоо хайсан халдлагууд дэлхий даяар хүний эрхийг хамгаалах суурь болсон олон улсын эрх зүй, шударга ёсны тогтолцоог улам сулруулж байна. Олон улс орнууд АНУ, ОХУ, Израил болон Хятадын үйлдлийг тууштай, ил тод буруутгах, бодит дипломат шийдэл эрэлхийлэх тал дээр хангалттай алхам хийсэнгүй.
АНУ, Израил болон ОХУ олон улсын хариуцлагын механизм, ялангуяа Олон улсын Эрүүгийн Шүүхийг сулруулах алхмууд хийжээ. Израил улс Газа дахь Палестинчуудын эсрэг геноцидоо үргэлжлүүлж, апартеидын тогтолцоогоо хадгалсаар байна. 2026 оны эхээр АНУ болон Израил Ираны эсрэг довтолж, энгийн иргэд, хүүхдүүдийн амь нас эрсэдсэн.
Арабын Нэгдсэн Эмират Улс Суданд Шуурхай дэмжих хүчинд зэвсэг нийлүүлснээр мөргөлдөөнийг улам даамжруулж, аллага, хүчирхийллийг өдөөсөн байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Руандагийн дэмжлэгтэй M23 бүлэг энгийн иргэдийг хөнөөж, хоригдлуудыг эрүүдэн шүүжээ.
Афганистанд Талибан эмэгтэйчүүдийн эрхийг системтэйгээр хязгаарлаж, боловсрол эзэмших, ажиллах, зорчих эрхийг нь улам боомилсон байна. Иранд 2026 оны нэгдүгээр сард жагсагчдыг олноор нь хоморголон хөнөөсөн нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн цус асгаруулсан хэлмэгдүүлэлтийн нэг боллоо.
“Дэлхийн удирдагчид олон улсын эрх зүйд чиглэсэн дайралтуудын өмнө дэндүү удаан хугацаанд дуугүй, идэвхгүй байлаа. Энэ нь ёс суртахууны гүн хямрал бөгөөд олон арван жилийн турш тэмцэж олсон хүний эрхийн ололтыг ухрааж байна” хэмээн Агнес Калламард онцлов.
ИРГЭНИЙ ОРОН ЗАЙД ЧИГЛЭСЭН ДАРАМТ ЭРЧИМЖЛЭЭ
2025 онд иргэний орон зайг хумих, эсэргүүцэгч дуу хоолойг дарах оролдлогууд эрчимжсэн байна.
Балба, Танзани, Афганистан, Хятад, Египет, Энэтхэг, Кени, АНУ, Венесуэл зэрэг олон оронд эсэргүүцлийг гэмт хэрэгт тооцож, жагсаал цуглааныг хүчирхийллээр дарах, шүүхээс гадуур цаазлах тохиолдол бүртгэгджээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад “Palestine Action” хөдөлгөөнд оролцсон 2,700 гаруй хүнийг терроризмтой тэмцэх хуулийн хүрээнд баривчилсан. АНУ-д цагаач, дүрвэгсэд, орогнол хүсэгчдийн эсрэг хууль бус хатуу арга хэмжээ авч, эрүүдэн шүүхтэй дүйцэхүйц харьцаа, албадан сураггүй алга болгох практик хэрэглэжээ.
Латин Америкт Эквадор, Эль Сальвадор, Никарагуа, Парагвай, Перу, Венесуэл зэрэг улсууд иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарласан шинэ хууль баталсан байна.
Засгийн газрууд тагнах програм хангамж, цахим цензурыг ашиглан үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна. АНУ хиймэл оюунд суурилсан хяналтын хэрэгслээр палестинчуудтай эв санааны нэгдэл илэрхийлсэн оюутнуудыг онилон баривчилсан бол Кени, Сербид технологид суурилсан дарамтыг жагсагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн эсрэг ашиглажээ.
Уур амьсгалын хямрал гүнзгийрч, дэлхийн температур нэмэгдэх эрсдэлтэй байхад зарим удирдагчид үүнийг үгүйсгэж, бодит арга хэмжээ авахгүй хэвээр байна.
Монгол Улсад ч дэлхий дахины эдгээр чиг хандлага илэрч байна. Тухайлбал, Иргэдийн дуу хоолой, жагсаал цуглаан, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг хумих, байгаль орчныг хамгаалан дуугарсан иргэд рүү чиглэсэн дарамт шахалт нэмэгдэж байна. Хот дахин төлөвлөлтийн хүрээнд орон байртай байх эрх зөрчигдөж, нөлөөлөлд өртсөн иргэдийг хангалттай мэдээллээр хангах, бодит үнэлгээ хийх, үр дүнтэй гомдол шийдвэрлэх механизм бүрдүүлэх, хууль эрх зүйн хамгаалалтаар хангасангүй. Уул уурхайн төслүүдийн хүрээнд олон нийтийн оролцоо, зөвлөлдөх үйл явц хангалтгүй хэвээр байж, малчдын амьжиргаа, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлжээ. Мөн Эрүүгийн хуулийг хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахад ашигласан нь ноцтой асуудал хэвээр байна. Тайван жагсаал цуглаанд оролцогчдыг хамгаалах үүргээ төр биелүүлээгүй, мөн шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх мэдэгдлүүд гарсан нь хууль дээдлэх зарчим, шударгаар шүүлгэх эрхийг хөсөрдүүлж байна.
ЭСЭРГҮҮЦЭЛ, ЭВ САНААНЫ НЭГДЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА
Саад бэрхшээлийг үл харгалзан дэлхий даяар сая сая хүн шударга бус байдал, авторитар практикийн эсрэг дуу хоолойгоо өргөсөөр байна. Эсэргүүцэх, өөрчлөх үйл хэрэгт жагсагчид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагууд манлайлан оролцож байна.
2025 онд Z үеийнхний (Gen Z) эсэргүүцлийн хөдөлгөөн Индонез, Кени, Мадагаскар, Монгол, Марокко, Балба, Перу зэрэг арав гаруй улсыг хамарсан байна. Израилийн үйлдэж буй геноцидын эсрэг жагсаалууд дэлхий даяар өрнөж, 40 гаруй орны хүмүүнлэгийн ажилтнууд палестинчуудтай эв санааны нэгдэл илэрхийлэх зорилгоор далайн цуваа (Флоттилла) давалгааллаа.
Европын хэд хэдэн оронд боомтын ажилчид Израил руу чиглэсэн зэвсгийн тээврийг саатуулж, улмаар зэвсгийн экспортод хязгаарлалт тавихад нөлөөлсөн байна.
Олон улсын түвшинд хариуцлагын механизм идэвхжиж, Олон улсын Эрүүгийн Шүүх Талибаны хоёр удирдагчийг баривчлах захирамж гаргасан бол Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег аллага үйлдсэн хэргээр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган яллуулахаар тус шүүхэд шилжүүлэн өгсөн.
“2025 онд дэлхий даяар хүмүүс эсэргүүцэл, эв санааны нэгдлээ хүчтэй илэрхийллээ. Бид энэ эрч хүчийг алдалгүй, хүний эрхийг дэлхийн дэг журмын төвд дахин байрлуулахын төлөө хамтдаа зогсох ёстой” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард хэлсэн байна.
“2026 он бол бид өөрсдийн оролцоо, нөлөөгөө батлан харуулж, түүхийг бид өөрсдөө бүтээдэг гэдгийг нотлох жил байх ёстой” хэмээн тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: zms.mn