Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Армийн сүүлчийн онгоц Афганистаниас даваа гарагт хөдөлснийг АНУ-ын төв командлалын удирдагч генерал Франк МакКензи мэдэгдлээ. Ингэснээр урт хугацааны туршид үргэлжилсэн Афганистаны дайн дуусгавар болж буй юм. Америкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн Афганистаны дайн 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа эхэлсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн хүчнийхэндээ талархлаа илэрхийлжээ. Тэрбээр “Өнгөрсөн 17 хоногт АНУ түүхэн дэх хамгийн олон удаагийн том нислэгийг хийж 120 мянган Америк иргэн, холбоотон орны иргэд, Афганы иргэдийг  бидний цэргүүд нүүлгэн шилжүүллээ. Тэд энэ үүргээ давтагдашгүй зориг, шийдэмгий байдлаар маш мэргэжлийн гүйцэтгэлээ. Ингэснээр Афганистан дахь 20 жилийн цэргийн ажиллагаа албан ёсоор дууслаа” гэжээ. АНУ долдугаар сараас хойш Хамид Карзай олон улсын нисэх буудлаас 122 мянга гаруй иргэнийг нисэх онгоцоор татан авсныг Пентагонийн хэвлэлийн ажилтан Жон Кирби мэдэгдэв. Харин Жо Байдены хэлсэн 17 хоног буюу наймдугаар сарын 14-нөөс хойш 1064 Америк иргэн, Афганистанд эрсдэлтэй байгаа цагаачлалын онцгой визтэй 2000 гаруй иргэнийг шилжүүлжээ. Үүн дээр 6000 энгийн Америк иргэн нэмэгдэх аж. Төрийн департментийн өндөр албан тушаалтан “Одоо 250 Америк иргэн буюу маш цөөн хүн үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ яг хэдэн хүн үлдсэнийг албан ёсоор тооцоолохоор ажиллаж байгаа” гэж ярьжээ.Зөвхөн даваа гарагт гэхэд  C-17 цэргийн 26 онгоцоор 1200 хүнийг татан авчээ.

 Сүүлийн таван нислэгээр Америк иргэдийг тээвэрлээгүй  ч нэг ч Америкийн дипломат ажилтан үлдээгүй байна. Гэсэн ч Афганистанд үлдсэн америкчууд болон эрсдэлт бүлгийн афганчуудад туслахын тулд АНУ Элчин сайдын яамны үйл ажиллагаагаа зогсоохгүй юм байна. Харин Афганистан дахь дипломат төлөөлөгчийн газраа Катарын Доха руу шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Афганистан дахь АНУ-ын Элчингийн ажил дуусаагүй. Байдены Засгийн газар АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчид болон америкчууд, афганчуудыг Афганистаниас явахад нь үргэлжлүүлэн тусалсаар байх болно. Дараа дараагийн төлөвлөгөө бидэнд бий.Холбоотон орнуудынхаа гадаад хэргийн сайдуудтай Афганистаниас хэрхэн аюулгүй нислэг үйлдэж, Кабулын нисэх онгоцны буудлыг удахгүй нээх боломжийг бүрдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан. Афганистаниас гарахыг хүссэн хүмүүсийг өдөр бүр чартер нислэгээр зөөсөн Катар болон Туркийн дэмжлэгт бид маш их талархаж байна”гэжээ.

Афганистаны газар нутагт Америк цэргүүд байсан 20 жилийн хугацаанд АНУ хоёр их наяд ам долларыг зарцуулж, 2000 Америк цэрэг амиа алдсан байна.НҮБ -ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт Афганистан улсаас дүрвэх хүсэлтэй афганчуудыг чөлөөтэй гаргахыг шаардсан тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг Аюулгүй зөвлөлийн 15 улсаас АНУ, Их Британи, Франц зэрэг 13 улс зөвшөөрч, ОХУ, БНХАУ түдгэлзжээ.

 Эх сурвалж:CNN