Европын холбоо Афганистанд 236 сая долларын тусламж үзүүлнэ

0
хуваалцах
293
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Европын холбоо Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа 236 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр болсныг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдэв. Тэрбээр “Их долоогийн удирдагчдын уриалгаар Европын холбоо афганчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 50 гаруй саяас 230 гаруй сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэв. НАТО-гийн цэрэг, бие бүрэлдэхүүн Афганистанаас гарсан ч ихэнх төрийн бус байгууллага тус улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр үлдэх юм. Тиймээс энэ мөнгийг хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүст хүргэхийн тулд түнш байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж, хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа тухай тайланг гаргана хэмээн Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Эрик Мамер мэдэгдэв.

Харин Дэлхийн банк Афганистан дахь төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоолоо.Талибанчууд мэдэлдээ авснаар Афганистаны хөгжил, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоо суларна гэж үзэж буйгаа Дэлхийн банкнаас мэдэгджээ. Дэлхийн банк нь 2002 оноос хойш Афганистан дахь төслүүдэд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.Үүнээс хэдэн өдрийн өмнө Олон Улсын валютын сан тус улс дахь санхүүжилтээ зогсоогоод байсан билээ. Мөн Афганистаны төв банк АНУ дахь мөнгөндөө хүрэхийг Ерөнхийлөгч Жо Байден хориглоод байна. Афганистаны төв банк есөн тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй ба ихэнх нь АНУ-д хадгалагддаг юм.
Талибанчуудад эзлэгдсэн Афганистаниас улс орнууд руу дүрвэж байгаа хүмүүсийн ихэнх нь охид, эмэгтэйчүүд байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь Талибанчууд 1990-ээд онд Афганистаныг захирахдаа эмэгтэйчүүдийн сурч, боловсрох, хүссэн хувцасаа өмсөх эрхийг шашны хатуу хуулиар хязгаарлаж байсантай холбоотой. Тэгвэл Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиуллах Мужахид Талибаны цэргүүд эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх талаар хангалттай бэлтгэгдээгүй байгаа тул аюулгүй байдлын үүднээс афган эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.  Тэрбээр “Бид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ. Гэхдээ эхлээд аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Манай аюулгүй байдлыг хангах хүчин эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн шийдэх, тэдэнтэй хэрхэн харилцах туршлагагүй байна. Энэ улсад аюулгүй байдлын тогтолцоо бүрэн тогтоотол бид эмэгтэйчүүдийг гэртээ үлдэхийг хүсэж байна” гэж ярьжээ.

Талибанчууд энэ удаа Афганистаныг захирахдаа үзэл баримтлалаа зөөлрүүлж, эмэгтэйчүүдийг ажиллах,суралцах боломжоор хангана гэж амлаад байгаа юм. Гэвч афганчууд төдийгүй олон улс энэ амлалтад нь эргэлзсэн хэвээр байна. Тухайлбал, Дэлхийн Банкны хэвлэлийн төлөөлөгч Марсела Санчез-Бендер“Бид Афганистаны одоогийн нөхцөл байдалд, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд маш их санаа зовж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn