Фото:Baikal-daily.ru
 

Д.АРИУН

Монгол Улс нь ОХУ-аас ирэх шаардлагатай байгаа иргэдээ Алтанбулагийн хилийн боомтоор хүлээн авч байгаа. Тиймээс манай улстай хил залгаа бүгд найрамдах улс дахь  COVID-19-ийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Хил залгаа Буриадад COVID-19-ийн халдварын тоо аажмаар буурч байгааг тус Бүгд найрамдах улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 24-ний өглөөний мэдээллээр, өнгөрсөн нэг хоногт Буриадад корона вирусын халдварын шинэ 96 тохиолдол бүртгэгдсэн гэсэн байна. Сүүлийн гурав хоногт халдварын буурч байгаа тоо дөнгөж нэг нэгээр доошилж, үндсэндээ зогсонги байдалд ороод байгааг Байкал-дайли сайт онцолжээ.

Цар тахал эхэлснээс хойш Буриадад халдвар авсан хүний тоо нийтдээ 55753 болоод байгаа бөгөөд тэдгээрийн 49 хувь нь буюу 27230 нь Улаан-Үд хотын иргэд байгаа аж.

Буриадад цар тахлын улмаас нас барсан хүний нийт тоо 1763 болжээ. Өнгөрсөн нэг хоногт дөрвөн хүн халдварын улмаас нас барсан байна.

COVID-19-ийн халдвартай өвчтөн хүлээн авч эмчилж байгаа Буриадын эмнэлгүүдэд одоо 61 хүний биеийн байдал хүнд байгаагийн 33 нь 65-аас дээш насныхан байгаа бол 25 өвчтөн уушиг орлуулах аппаратад байгаа талаар Буриадын хэвлэлүүд мэдээлжээ.

Буриадын Бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыдынов хэдэн өдрийн өмнө иргэддээ хандан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж, “Цар тахлаас хамгаалах арга бол вакцин. Эсвэл гэртээ хамгаалалтын хувцастай сууж байх хэрэгтэй болно” хэмээн хэлж байсан.

Буриадад одоогоор вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа хүний тоо 251454  болжээ.

Эх сурвалж: www.polit.mn