АН-1 үү, АН-2 уу

0
хуваалцах
1147
үзсэн

Т.БАТСАЙХАН

 

АН хоёр дарга тодруулж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байна. С.Эрдэнийн талаас өрсөлдсөн таван нэр дэвшигчээс Майнбаярын Тулгат олонхийн санал авсан бол, Ц.Тувааныг орлох хүнээр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл тодорсон.  Ц.Тувааны талын сонгуульд  70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн саналаар илүүрхсэнийг мэдээлэв. Харин АН-ын дарга асан С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн  санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан. Тэгэхээр АН-ын даргын маргааныг Дээд шүүх эцэслэх нөхцөл байдал үүсэв. Өнгөрсөн долоо хоногт хоёр тал хоёулаа дарга нарынхаа материалыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд хуулийн хугацаанд буюу энэ долоо хоногт Дээд шүүх асуудлыг хэлэлцэх учиртай.  АН-1 үү, АН-2 уу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

 

АН-1 буюу С.Эрдэнийн намын удирдлагууд

 

Намын дарга нь М.Тулгат. М.Тулгатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн мандатаа З.Энхболдод булаалгаж байв. Тухайн үедээ мэдэгдэл хийж, намынхаа ах нарыг нэлээд шүүмжилж байсан удаатай. Парламентын гишүүний өрсөлдөөнд орж чадаагүй ч  М.Тулгат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.  Тэрээр Киотогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Япон Улсын “Софтбанк инк” санхүүч, “Бекфорс” ХХК-ийн захирал, “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байсан намтартай.   Харин  АН-1-ийн PR хариуцсан дэд дарга Ц.Оюундарь, улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар О.Чулуунбилэг нар сонгогдон ажиллаж байна. Ц.Оюундарь нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол О.Чулуунбилэг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан билээ.  Түүнчлэн намын шинэ дарга М.Тулгат намынхаа Ерөнхий нарын бичгийн даргаар Ч.Өнөрбаярын томилоод байна.  Харин АН-1-ийн Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдон ажиллаж байгаа юм.

 

АН-2 буюу Ц.Тувааны намын удирдлагууд

 

Намын даргаар О.Цогтгэрэл тодроод байна. Увс аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Цогтгэрэл нь эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж намтартаа  бичжээ.  Мөн Увс аймгийн намын даргаар ажиллаж байсан.  Намын даргын сонгуулийн үеэр “Ардчилсан нам 10 давхар байшингүй учраас ялагдаад байгаа юм биш, зуун жилийн түүхгүй учраас балчирдаад байгаа юм биш. Гишүүдээ бодлого, ажилдаа оролцуулахгүй байгаа учраас л ялагдаад байгаа юм” хэмээж байв.  Улмаар намын даргаар ажиллах болвол сандал ширээтэй зууралдахгүй, дараагийн үеийнхнийхээ боломжийг хааж, эргэж зууралдсан үйлдэл гаргахгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан. АН-2 буюу Ц.Тувааны АН-ын дэд даргаар Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарыг сонгосон хэвээр байгаа. Мөн Нийслэлийн АН-ын даргаар Б.Пүрэвдаваа ажиллаж байна.   Удахгүй шинэ дарга О.Цогтгэрэл бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх нь тодорхой.  Саяхан О.Цогтгэрэл нэгэн өөрчлөлт хийсэн  нь намынхаа ХЭГ-ын даргыг чөлөөлсөн.  Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт тушаал гарган П.Нүрзэдийг чөлөөлж, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томилжээ.  

 

УИХ дахь АН-ын бүлэг хоёр хуваагдсан уу

 

УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүн­тэй. Тэд  Ц.Тувааны нам буюу АН-2-ын талд байж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгогдоход баяр хүргэж байсан.  Гэвч саяхнаас намынхаа нэгэн адил, үзэл бодлоороо хоёр хуваагдсан сурагтай.   Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар АН-ын бүлгийн 11 гишүүн Ц.Тувааны АН, С.Эрдэнийн АН гэдгээрээ хуваагдчихаж. Ц.Тувааны АН-д нь А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар багтаж байгаа аж. Тэгвэл нөгөө талд нь буюу С.Эрдэнийн АН-д нь Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Пүрэв­дорж нар байгаа гэх яриа улс төрийн хүрээнд бий.

 

Дээд шүүхийн өмнөх шийдвэр

 

Улсын дээд шүүх  өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд  Ц.Тувааны талаас зохион байгуулсан намын аравдугаар их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан.  Тодруулбал,  АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн байна. Мөн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Дээд шүүхээс цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам  дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй гэж үзсэн.   Тэгвэл энэ удаа АН хоёр ч намын дарга сонгож,  Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүллээ. АН-1 үү, АН-2 нь албан ёсных уу гэдэг нь анхаарал татаж эхэллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.12 ДАВАА № 73 (6550)