ОХУ Монгол Улсын хүсэлтийн дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук Орос, Монголын бүс нутгийн хамтын ажиллагааны II чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдлээ.

Тэрээр Монгол Улсыг ОХУ-ын худалдааны чухал түншүүдийн нэг хэмээн тодорхойлоод, хоёр орны худалдааны эргэлт өсөж байгааг онцолсон байна. Оверчукийн мэдээлснээр, Орос, Монголын худалдааны хэмжээ 2025 онд дөрвөн хувиар өсөж, бараг 3 тэрбум ам.долларт хүрсэн бол 2026 оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс 18 хувиар өсжээ.

Түүнчлэн ОХУ нь Монгол Улсыг шатахуун, тослох материал болон бусад түлшээр хангадаг бөгөөд Монголын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хөнгөлөлттэй нөхцөлөөр хангах хүсэлтийг тогтмол хүлээн авч байгааг Оверчук хэлсэн байна.

Түүний хэлснээр, ОХУ Монгол Улстай харилцан ашигтай бүх салбарт хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх зорилт тавьж байгаа аж. Энэ нь тэгш эрх, харилцан ашигтай байдал, түншийн ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлана гэдгийг  онцолсон гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Монгол, Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны II чуулган энэ есдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотод болж өндөрлөсөн билээ.

Эх сурвалж: zms.mn