Ц.МЯГМАРБАЯР

 

COP17-ын “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-ийн хүрээнд Global Flagship Initiative for Food Security санаачилгын хэрэгжилт, цаашдын зорилтыг хэлэлцлээ. COP16-д эхлүүлсэн уг санаачилгад өдгөө 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төсөл, санаачилгыг дэмжин ажиллаж байна. Цаашид 120 сая гаруй фермерийг дэмжиж, 10 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 11 дэх өдрөө “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр” сэдвийн дор үргэлжиллээ. Өмнөх өдрүүдэд ус, санхүүжилт, бэлчээр, малчид болон уугуул иргэдийн асуудлыг хөндсөн бол энэ удаа хүнсний аюулгүй байдлыг газрын доройтол, хөрсний эрүүл мэндтэй нэг цогц асуудал болгон авч үзэв.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн суурь санаа нь энгийн. Эрүүл хөрсгүйгээр тогтвортой хүнсний үйлдвэрлэлийг ярих боломжгүй. Тиймээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх бус, хүнс үйлдвэрлэж байгаа хөрсөө хамгаалж, нөхөн сэргээх шаардлагатайг оролцогчид онцолж байна. COP16-аар баталсан 19 дүгээр шийдвэр ч хөдөө аж ахуйн газрын доройтлыг бууруулах, зогсоох, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийг улс орнуудад уриалсан юм.

Энэ асуудал улам чухал болж буйн нэг шалтгаан нь хүнсний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа явдал. Монгол Улсаас COP17-ын өмнө гаргасан баримт бичигт 2050 он гэхэд дэлхий өнөөгийнхөөс дор хаяж 50 хувиар илүү хүнс үйлдвэрлэх шаардлагатай болохыг онцолсон. Гэтэл хүнсний тогтолцоо өөрөө газрын доройтлын томоохон шалтгаануудын нэг байхын зэрэгцээ газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн эмзэг салбаруудын нэг хэвээр байна.

Өдрийн гол арга хэмжээний нэг болох “Global Flagship Initiative for Food Security” нь  хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилгын хэлэлцүүлэг байлаа. Тус санаачилгыг шинжлэх ухаан, инновац, олон талт түншлэлд тулгуурлан хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны механизм болгон хөгжүүлэхээр зорьж байна. COP17 дахь хэлэлцүүлгээр санаачилгын зорилго, стратегийн чиглэлээс гадна амлалтыг бодит хэрэгжилт болгох дараагийн үе шатанд анхаарлаа хандуулав.

Өөрөөр хэлбэл, СОР16-аас СОР17 хүртэлх “Стратегийн түншлэл ба хамтарсан хөрөнгө оруулалтаар хүнсний аюулгүй байдлыг урагшлуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, олон улсын болон бүс нутгийн болон хөгжлийн санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэгтгэх асуудлыг авч үзсэн юм. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдлын талаарх олон улсын амлалтуудыг тус тусад нь  төсөл хэвээр үлдээх бус, санхүүжилт татах боломжтой, өргөжүүлж болох бодит хөтөлбөрүүд болгон хувиргах нь дараагийн зорилт хэмээн үзэв.

 

Хөрсний эрүүл мэндийг хэмжих нэгдсэн шалгуур шаардлагатай гэв

 

Цэнхэр бүсийн өглөөний хэлэлцүүлгүүд хөрсний эрүүл мэндийг хэрхэн хэмжих вэ гэсэн асуудлаар эхэлсэн нь онцлог байлаа. Энэхүү “Connecting food and soil health breakthroughs” хэлэлцүүлгээр  хөрсний эрүүл мэнд, нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй, агроэкологийн шилжилтийн ахицыг улс орнууд ижил төстэй шалгуураар хэмжих боломжийг хэлэлцсэн юм.

Учир нь хөрсийг нөхөн сэргээх зорилго тавих нэг хэрэг, харин хэдэн жилийн дараа хөрс үнэхээр сайжирсан эсэхийг баталгаатай хэмжих нь өөр асуудал. Иймээс нийтлэг үзүүлэлт, мониторингийн тогтолцоо, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох нь хөрсний нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох үндэс гэж үзэж байна.

Үүнтэй уялдан “Living soils, productive lands: from policies to implementation” арга хэмжээгээр COP16-ын шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлэхэд чиглэсэн UNCCD–FAO-гийн удирдамжийг танилцуулж, RAIZ санаачилгын газрын зураглалын хэрэгслийг хэлэлцэв. Энэ ажлын туршилтын хоёр орны нэгээр Монгол Улс, нөгөөгөөр Бразил сонгогдсон нь COP17-ын өнөөдрийн хөтөлбөр дэх Монголтой шууд холбоотой практик ажлын нэг байлаа.

 

Олон ургамал, агро-ойн аж ахуй, нутгийн үрийг шийдэл гэж үзэв

 

Хүнсний тогтолцоог өөрчлөх бодит туршлагуудын нэгээр агроэкологи онцгой байр суурь эзэллээ. Энэ нь байгалийн үйл явцыг дуурайлган газар тариалан эрхлэхийн зэрэгцээ тухайн нутгийн иргэдийн уламжлалт мэдлэгийг ашиглах арга юм. Нэг талбайд олон төрлийн ургамал тариалах, мод болон тариаланг хослуулсан агро-ойн аж ахуй эрхлэх, нутгийн үр болон тухайн орчинд зохицсон таримлыг ашиглах замаар химийн орцын хэрэглээг бууруулж болох туршлагуудыг танилцууллаа. Мөн фермерээс хэрэглэгчид хүрэх нийлүүлэлтийн сүлжээг богиносгосноор жижиг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнээс илүү шударга өгөөж хүртэх боломжтойг хэлэлцсэн юм.

Энэ нь хөрсний асуудлыг зөвхөн бордоо, технологийн асуудал биш гэдгийг харуулж байна. Хэн газар ашиглаж байна, ямар үр тариалж байна, бүтээгдэхүүнээ ямар үнээр борлуулж байна, фермерт орлогын хэдэн хувь үлдэж байна вэ гэдэг нь хүртэл хөрсийг тогтвортой ашиглах эсэхэд нөлөөлөх асуудал болж буй юм.

 

Хөрсийг хамгаалах төсөлд хувийн хөрөнгө оруулалт татна

 

Өдрийн бас нэг гол чиглэл санхүүжилт байв. Хөрс хамгаалах, газар нөхөн сэргээх ажлыг зөвхөн улсын төсөв, олон улсын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боломжгүй учраас хувийн хөрөнгө оруулалт татах санхүүгийн загваруудыг хэлэлцлээ.

“Scaling innovative financing solutions to accelerate investments” арга хэмжээгээр хөрсний эрүүл мэнд, газар нөхөн сэргээлт болон байгальд ээлтэй хүнсний тогтолцоонд хөрөнгө оруулах холимог санхүүжилтийн буюу blended finance загваруудыг танилцуулсан. Гол зорилго нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн төслийг зөвхөн зардал гэж харах бус, хөрөнгө оруулагч оролцох боломжтой эдийн засгийн бүтэцтэй болгоход чиглэж байна.

Business4Land-ийн төр-хувийн хэвшлийн хэлэлцүүлэг мөн энэ асуудлыг үргэлжлүүлж, хөдөө аж ахуйн салбарын газрын доройтлыг сааруулахад бизнесийн оролцоог нэмэгдүүлэхэд ямар бодлого, тайлагнал, хөрөнгө оруулалтын орчин шаардлагатайг хэлэлцлээ.  Тус хэлэлцүүлгийн зөвлөмжийг 50 гаруй бизнес болон түнш байгууллагын саналыг нэгтгэн боловсруулсан байна.

 

Чацаргана, хонины ноос, ингэний сүүг шинэ үнэ цэний сүлжээ болгон харуулав

 

Монголд илүү ойр, бодит жишээнүүд өдрийн тусгай хуралдаанд яригдлаа. Тогтвортой, хүртээмжтэй хүнсний үнэ цэний сүлжээ сэдэвт хэлэлцүүлгээр газар нөхөн сэргээх ажлыг орлого бий болгодог бизнесийн загвартай хэрхэн холбохыг танилцуулсан юм.

Тухайлбал, чацарганаар газар нөхөн сэргээхийн зэрэгцээ тос, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын стандарттай үнэ цэний сүлжээ бий болгох, хонины ноосоор органик бордоо үйлдвэрлэж тойрог эдийн засгийг хөгжүүлэх, ингэний сүүний үйлдвэрлэл, боловсруулалтаар нэмүү өртөг бий болгох зэрэг шийдлийг танилцуулав.

Эдгээр жишээний нийтлэг тал нь газар нөхөн сэргээлтийг орон нутгийн иргэдэд эдийн засгийн ашиггүй байгаль хамгаалах ажил хэвээр үлдээхгүй байх тухай юм. Харин хөрс, ургамлаа хамгаалсан хүн өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэн орлого олдог тогтолцоо бий болговол нөхөн сэргээлт урт хугацаанд тогтвортой үргэлжлэх боломжтой гэсэн санааг олон оролцогчид хэлж байлаа.

 

Залуусын санаачилга Монголд салбартай боллоо

 

Өнөөдрийн шинэ санаачилгуудын нэг нь залуус, эмэгтэй фермерүүдийн оролцоотой холбоотой байв. Youth4Soil Manifesto Implementation Guide буюу залуусын хөрс хамгаалах амлалтыг бодит ажил болгох хэрэгжүүлэх удирдамжийг танилцуулж, мөн World Food Forum National Youth Chapter – Mongolia буюу Дэлхийн хүнсний форумын Монгол дахь залуусын үндэсний салбарыг эхлүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна.Энэ нь хөрс хамгаалах асуудлыг зөвхөн засгийн газар, эрдэмтдийн түвшинд бус, хүнс үйлдвэрлэдэг болон ирээдүйд энэ салбарт ажиллах залуу үеийн оролцоотой холбож байгаагаараа ач холбогдолтой.

 

Уур амьсгалд дасан зохицсон тарималд хөрөнгө оруулна

 

Өдрийн төгсгөлд Vision for Adapted Crops and Soils буюу VACS санаачилгын дараагийн алхмыг хэлэлцэв. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, шим тэжээл сайтай, тухайн орчинд зохицсон таримлыг эрүүл хөрсөнд тариалах замаар хүнсний хангамжийг тогтвортой болгох нь уг санаачилгын үндсэн зорилго юм.

FAO, CGIAR/CIMMYT, IFAD болон Crop Trust хамтран VACS-ийн дараагийн хоёр жилийн үйл ажиллагааны замын зураг, хамтарсан үр дүн, хөрөнгө босгох чиглэлээ тодорхойлохоор ажиллаж байна. Мөн эдгээр таримал нь зөвхөн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бус хөрсийг тогтворжуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах давхар ач холбогдолтойг онцолжээ.

 

Хөрсийг зардал бус хөрөнгө гэж харах цаг ирсэн

 

Ийнхүү COP17-ын 11 дэх өдрийн Цэнхэр бүсийн хэлэлцүүлгүүдийг нэгтгэвэл хүнсний аюулгүй байдлыг “илүү их хүнс үйлдвэрлэх” гэсэн хуучин ойлголтоос салгаж, “эрүүл хөрсөн дээр тогтвортой хүнс үйлдвэрлэх” чиглэлд шилжүүлэх шаардлагатай гэсэн нийтлэг байр суурь давамгайллаа.

Үүний тулд хөрсний эрүүл мэндийг хэмждэг нэгдсэн шалгууртай болох, фермер, малчин, орон нутгийн иргэдэд санхүүжилт болон технологи хүргэх, агроэкологи болон уур амьсгалд дасан зохицсон таримлыг өргөжүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг газар нөхөн сэргээлт рүү чиглүүлэх, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг орон нутагт бий болгох зэрэг шийдлийг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай байна. COP17-ын албан ёсны хөтөлбөр ч хөрсний эрүүл мэндийг байгаль орчны асуудлаас гадна үйлдвэрлэлийн болон стратегийн эдийн засгийн хөрөнгө гэж үзэх чиглэлд анхаарч байна.

Түүнчлэн  “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр” нь COP17-ын сэдэвчилсэн өдрүүдийн сүүлчийн өдөр болж, хурлын турш дэвшүүлсэн санаачилга, түншлэлүүдийг бодит хэрэгжилт, хөрөнгө оруулалттай холбох Action Agenda-гийн дараагийн үе шатыг тодорхойлоход чиглэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 161 (7903)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn