Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль нь жижиг, дунд үйлдвэр, хоршооны чиглэлээр шинжлэх ухаан, техник, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Монголын жижиг, дунд бизнесийн удирдах ажилтнуудын дижитал чадавхийг хөгжүүлэх сургалт” хоёр дахь удаагаа БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод 2026 оны 9 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Сургалтад Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, БНХАУ-ын дижитал худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийн туршлагаас суралцаж байна.

Энэ хүрээнд оролцогчид Олон улсын цахим худалдааны “Нэг дэлгүүр, олон хэлбэр” онлайн болон оффлайн худалдааны системтэй танилцсан байна. Мөн хил дамнасан цахим худалдаанд ашиглагдаж буй хиймэл оюун ухаанд суурилсан орчуулгын туслах программ, түүний бизнесийн хэрэглээтэй танилцлаа.
Монгол Улсын “Технологийн Зочил” ХХК болон “Даяар” ХХК-ийн хамтын ажиллагааны бизнесийн загварын талаар мэдээлэл авч, туршлага судласан байна. Түүнчлэн экспорт, импортын гаалийн агуулахын үйл ажиллагаа, логистик, худалдааны зохион байгуулалттай танилцаж, автомашины тоноглолыг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загварын дагуу үйлдвэрлэдэг үйлдвэрээр зочилжээ.
Борц үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулах технологийн туршлага судалсан байна.
Тус сургалт нь Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дижитал чадавхийг нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх, улмаар Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээлжээ.
Эх сурвалж: zms.mn