П.АМГАЛАН

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монголын анхны хувийн хэвшлийн ногоон орон сууцны цогцолборыг барих ажлыг санхүүжүүлэх зорилгоор 30 сая ам.долларын (төгрөгөөр олгох) зээлийн гэрээг Таван Богд Холдингс ХХК-тай байгууллаа. Энэхүү санхүүжилт нь тогтвортой орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний зардал болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын стандартыг Монголын орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

“Энэхүү төсөл нь тогтвортой хот байгуулалт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь хэрхэн харилцан үр дүнтэй уялдаж болохыг харуулж байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг хэлээд “Уг төслийг дэмжсэнээр АХБ эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шинэ жишгийг тогтооход хувь нэмэр оруулахын зэрэгцээ ногоон барилга нь байгаль орчны төдийгүй бизнесийн үр ашигтай болохыг харуулж байна” гэв.

Энэхүү санхүүжилт нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдаж буй нийт 252 айлын орон сууцны дөрвөн барилга бүхий Гэрлүг ногоон орон сууцны төслийг дэмжинэ. Төсөл нь уламжлалт барилгуудтай харьцуулахад эрчим хүч, ус болон барилгын материалын хэрэглээг хамгийн багадаа 20 хувиар бууруулах шаардлага бүхий олон улсын ногоон барилгын EDGE стандартын гэрчилгээ авахаар зорьж байна. Гэрлүг ногоон орон сууцны төсөл нь эрчим хүчний хэрэглээг 34.6 хувь, усны хэрэглээг 30.6 хувь бууруулж, барилгын материалтай холбоотой нүүрстөрөгчийн ялгарлыг 38.1 хувиар багасгах хүлээлттэй байгаа нь EDGE стандартын шаардлагыг давуулан биелүүлж буй үзүүлэлт юм.

"Монгол айлуудын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцыг бий болгоход, мөн  иргэдэд урт хугацааны үр өгөөж хүртээхэд хувийн хэвшил чухал үүрэгтэй гэж бид үздэг" гэж Таван Богд Группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэлээд, "АХБ-тай байгуулсан энэхүү түншлэл нь Монголын орон сууцны салбарт илүү өндөр стандартыг нэвтрүүлж, илүү тогтвортой, тэсвэртэй орон сууцны салбарыг дэмжих бидний зорилтын илэрхийлэл юм" хэмээн тодотгов.

Монголын орон сууцны барилгууд эрчим хүчний хэрэглээ өндөртэй бөгөөд өвлийн улиралд нүүрсээр галладаг халаалтын системээс ихээхэн хамааралтай байдаг. Төслийн хүрээнд нэвтрүүлэх дэвшилтэт дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, ухаалаг эрчим хүчний тоолуур зэрэг ногоон шийдлүүд нь эрчим хүчний зардлыг бууруулж, Монгол Улсын 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 23 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

АХБ-ны Уур амьсгалын үйл ажиллагаа, инноваци болон хувийн хэвшлийн хөгжлийг эрчимжүүлэх техникийн туслалцааны төсөл нь Монгол Улсад ногоон барилгын боломжийг тодорхойлох, үнэлэх, төрийн болон хувийн хэвшлийн барилга байгууламжид эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Уг техникийн туслалцаа нь Таван Богд Холдингс ХХК-д олон улсын ногоон барилгын стандартыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн.

Барилгын ажлын явцад төсөл нь ойролцоогоор 1,800 ажлын байр бий болгохоос гадна эмэгтэйчүүдэд техникийн мэргэжлээр ажиллах болон дадлага хийх боломжийг нэмэгдүүлнэ. Монгол Улсад хувийн хэвшлийн хэрэгжүүлэх анхны ногоон сертификаттай орон сууцны цогцолборын хувьд уг төсөл нь ногоон орон сууцны жишиг загварыг бий болгож, орон даяар эрчим хүчний хэмнэлттэй барилгын практикийг өргөнөөр нэвтрүүлэхэд хөшүүрэг болох юм.

Таван Богд Холдингс ХХК нь Монголын томоохон бөгөөд олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн группүүдийн нэг болох Таван Богд Группын хөрөнгө оруулалтын компани юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог. 

Эх сурвалж:www.zms.mn