Х.ОЮУНБОЛД

Улаанбаатар хотын хот тохижилт, өнгө үзэмж, барилгажилттай холбоотой асуудал хүмүүсийн анхаарлын  төвд байсаар ирсэн. Барилгын зураг төслийн “Эл энд Эйч констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал,мэргэшсэн архитектор Ч. Баярсайхан “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар үзэл бодлоо хуваалцсаныг хүргэж байна.

 

Мэргэшсэн архитектор хүний хувьд шинэ хот байгуулах нь  нийслэл хотын авто замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж бодож байна. Учир нь миний санаж байгаагаар Улаанбаатар хотод жилд 200 мянган машин нэмэгддэг гэсэн судалгаа байсан. Нийслэлд дээд тал нь 500 мянган хүн амьдрах хүчин чадалтай хот байна гэж төлөвлөж байсан юм билээ. Гэтэл одоо төлөвлөж байснаас нь гурав дахин их хүн амтай болоод байна. Мөн Монгол Улсын бүх замын уртыг нийлүүлээд машинуудаа нийлүүлээд тавибал зам дээрээ багтахааргүй их машинтай болно. Намайг 2000 онд I хороололд нүүж очиход байрны гадаа 10 гаруй машин зогсдог байсан. Харин одоо 50-60 машин зогсож байна. Энэ нь нэг талаар улс орны хөгжил гэж боддог. Түүнээс гадна хуучин барилгуудаа нураахын оронд насжилтыг нь уртасгах зорилгоор засаж сайжруулаад нөхөн сэргээх, бэхэлгээ хийх, дагуул хотыг байгуулах нь зөв гэж үздэг. Одоо Улаанбаатарт барилга нэмж барих нь гэмт хэрэг болж байна. Учир нь олон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байгаа гэж хэлж болно.  Энэ нь олон байгууллагын ажил хоорондоо уялдаа холбоо багатайгаас болж байна.

Дагуул хотыг барьж болно. Гэхдээ нийслэлд байгаа бүх бүсчлэлийг давхар төлөвлөснөөр тэнд хүн тогтож амьдрах боломжтой.  Мөн Улсын  хөгжлийн газар, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн дэргэд хотын бүс бүсчлэлийн ажлыг  цогцоор нь инженерийн  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан гаргаж ирдэг хүрээлэн их хэрэгтэй байна. Хуучнаар Барилгын зургийн институт гэж том байгууллага татан буугдаад жижиг аж ахуйн нэгж болчихсон. Ингэснээр хүрээ хүрээндээ хүмүүс захиалга өгөөд ажлаа хийдэг газрууд болсноос хойш яг том зургаар нь харж төлөвлөдөг мэргэжилтнүүд ховордсон байна. Мөн барилгажилтын ерөнхий төлөвлөгөөн дээр мэргэжлийн бүх хүн ирдэг энэ хүмүүсийнхээ үгийг сонсдог, дагадаг болгомоор байна. Зураг төслийн стандартыг харахад бүгд 1988 оны MNS 3757-84 стандартын 24 стандартыг 2013, 2014 онд шинэчлүүлж батлуулсан. Жишээлбэл, тэр стандартуудад 1-5 жилд дахин үзлэг хийж, сайжруулахыг нь сайжруулаад явж байх ёстой.  Гэтэл тийм бичиг баримт, норм нормативийг боловсруулъя гэхээр мэргэжлийн хүн их ховор байдаг. Тийм хүмүүс байгаа ч урдах ажлаа хийгээд өөр зүйлд зарцуулах цаг зав багатай. Үнэнийг хэлэхэд хүмүүс чинь мөнгө олж байгаа ажлаа л хийхээс биш стандарт орчуулаад тэрийг харах нь их бага байдаг. Харин ёстой ял үүрсэн юм шиг хэдэн зөвлөх инженерүүд, архитекторууд л манай салбарт байна. Гэхдээ хамгийн гол нь норм, норматив нь сайн байхаас гадна шинэчлэгдэж байх ёстой.

Эх сурвалж: www.polit.mn