Б.ГАРЬД
Хэнтий аймгийнхан Хүүхдийн байгууллага үүссэж хөгжсөний 100 жилийн ойг өргөн тэмдэглэж өнгөрөөлөө. Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь “Эрхэм хүндэт хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл, багш ажилтнууд, хүүхэд багачууд аа, эрхэм зочид төлөөлөгчдөдөө Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хан Хэнтий нутгийн ирээдүйн эзэд, хөгжлийн үндэс болсон хүүхэд багачууд өсвөр үеийнхний сайн сайхны төлөөх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, энэ танхимд хуран цугларсан хүүхдийн төлөө сэтгэлдээ та нараараа бахархаж байна. Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн хугацаанд энэ байгууллагын нийгэмд болон улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг дурдвал маш их юм. Одоо үеийн салбар салбарын эрдэмтэн мэргэд, шилдгүүд энэ байгууллагаар заавал дамжиж гарч байдаг ийм уламжлалтай. Хүн болох багаасаа гэж ярьдаг. Хүүхэд байх үедээ ямар боловсрол, мэдлэг, хүмүүжил авьяасыг олсон, түүгээрээ нийгэмдээ гэрэл түгээж явж байдаг” гэв.
Мөн тэрээр эн эхүү ойн арга хэмжээний хүрээнд аймагтаа “Засаг даргад хүргэх миний үг-100 санал 100 шийдэл” арга хэмжээ зохион байгуулж, өөрөө сурагчидтай уулзаж саналыг нь хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахаа амласан юм. Тухайлбал, Засаг дарга Д.Аюурбунь аймгийнхаа “Тэмүүжин” сургуулийн сурагчидтай уулзах үеэр сурагчид “Манай сургууль тулгамдаж байгаа асуудал бол биеийн тамирын спорт заал байгаа. Биеийн тамирын хичээлдээ ороход бүгчим болдог. Агааржуулагчтай болгож өгч туслаач гэж хүсье”, Манай сургуулийн асуудлыг шийдэхээр ирсэнд маш их баярлалаа. Тулгамдаж байгаа асуудал гэвэл халаалт гэж бодож байгаа. Яагаад гэхээр нэгдүгээр давхрын ангиудад бол харьцангуй гайгүй байдаг. Харин хоёрдугаар давхрын ангиудад бол ер нь аягүй хүйтэн байдаг”, “Манай мэдээлэл зүйн хичээл дээр ашигладаг компьютерууд цөөхөн, хүрэлцээ муу. Тэгээд байгаа компьютерууд нь хүчин чадал муу, ашиглах хугацаа нь дуусчихсан. Компьютеруудыг солиод өгчихвөл нэг сайхан баярлачихмаар л байна”, “Би волейболоор хичээллэдэг. Бэлтгэлдээ орох гэхээр яг хичээл орох цагтай давхцдаг. Заал сул байна гэж байхгүй. Тиймээс дандаа хичээлийн цаг дууссаны дараа орой 19 цаг гээд бэлтгэл маань орж эхэлдэг. Манай охидууд 19 цаг, хөвгүүд 21 цаг гэж ороод дандаа 23 цаг өнгөрөөж тардаг. Ид унтах ёстой цаг дээрээ бэлтгэл хийгээд байхаар чинь ямар л олигтой байх вэ дээ. Маргааш нь хичээл дээрээ нойрмог, хичээлээ ч ойлгохгүй хүүхдүүд яваад байгаа шүү дээ. Тийм болохоор спорт заалын боломжийг нэмж болох уу”, “Би 12 дугаар ангид сурдаг. Номын санд цахимаар хичээл орох, давтлагад суух гэх мэт зүйлүүд тулгардаг. Гэтэл номын санд ямар ч цахим төхөөрөмж байхгүй. Тийм учраас бид нар сонгон судалгаа эсвэл зарим нэгэн хичээлүүдээ гүйцэт хийж чадахгүй байх тохиолдлууд гардаг”, “Би сургуулийнхаа Шударга ёсны клубийн гишүүн. Миний анзаарсан нь түрүү жилээс хойш манай ангийн хүүхдүүд олноороо шилждэг болсон. Анзаараад үзсэн чинь олон улсын, ер нь гадаад хэлний сургалттай сургуулиуд руу шилжээд энэ сургуулиа орхиж яваад байгаа. Тэгээд би үүний тухай сургуулийн захиргаанд мэдэгдэсэн. Тэгсэн чинь сургуулийн захиргаа үүнийг хүлээж аваад англи хэлний сонгоны хичээлүүдийг танхимыг зааж эрчимжүүлсэн. Үүнд нь би их баярлаж байгаа. Дараагийнх болохоор, одоо манай сургууль удахгүй хятад хэл заадаг болох гэж байгаа. Хятад улсаас мэргэжлийн хятад хэлний багш ирээд заана. Үүнтэй холбогдуулаад би манай сургуульд хоёр хоёр ширхэг интерактив дэлгэцтэй зурагтыг өгөөч гэж хүсэж байгаа юм. Энэ зурагтыг зөвхөн хятад хэлэнд биш өөр бусад зүйлд зөндөө ашиглаж болно” гэх зэргээр отуур байрны халаалт, сургуулийн халаалт, бэлтгэл хийдэг заалны шал эвдрэлтэй, мэдээлэл зүйн хичээл ороход компьютерын хүрэлцээ муу, охид хөвгүүдийн хувцас солих өрөө байхгүй гэх зэрэг олон асуудлыг ярилцаж шинэлэг санал санаачилга болон өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярилцлаа. Аймгийн удирдлагын хувьд сургууль болон аймаг орон нутгаас шийдвэрлэх боломжтой олон санал хүсэлтийг аймгийнхаа Засаг даргад уламжлав.
Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь Хэрлэн V сургуулийн сурагчидтай уулзаж ярилцжээ. Тэрээр “Хэдүүлээ сайхан чөлөөтэй ярилцъя. Та бүхнийхээ саналыг сонсъё. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд хүүхдийн байгууллагынхан маань маш олон ажлыг зохион байгуулж хийж байгаа” гэсэн юм. Энэ үеэр тус сургуулийн 12 дугаар ангийн сурагчид“Манай сургуулийн спорт заал нөгөө нэг засварт засварт ороод уул нь дуусах байсан. Тэгсэн чинь шалны лак нь хугацаа нь дууссан байсан гээд есдүгээр сараас хойш спорт зааландаа хичээл ороогүй. Дулаан үед гадаа орж байгаад одоо бол ангид онол орж байгаа”, “Манай сургуулийн асуудал гэх юм бол охидын 00 нь цоожгүйгээс болоод биеийн тамирын хичээлийн үеэр охидууд нь хувцсаа солих өрөөгүй байдаг. Түүнээс болоод ангидаа ангийнхаа хөвгүүдийг гаргаж байж хувцсаа сольдог. Үүнийг хүмүүс ер нь их сонсдоггүй, ойлгодоггүй байха гэж би боддог. Таныг сумдуудаар яваад аймгийнхаа сургуулийн хүүхдүүдийн яриаг нь сонсоод, хүсэл санааг нь сонсож байгаад би баярлалаа гэж хэлмээр байна”, “Хичээл оройтож тарахаар зарим гудамжинд гэрэлтүүлэг байдаггүй. Дайрдаг нохойтой айлууд нохойгоо уяхгүй тохиолдол эсвэл золбин нохойнууд дайрах тохиолдлуудууд их гардаг” зэрэг асуудалтай асуултыг тавьсан. Эдгээрт аймгийн Засаг дарга Д.Аюурбунь “Гэрэлтүүлэг зэргийг Хэрлэн сумтай яриад шийдье. Ойлгож байна, 19 цаг гэхэд харанхуй болчхож байгаа шүү дээ. Танай сургуульд 3 дугаар баг, 5 дугаар багийн хүүхдүүд байдаг тийм ээ. Тэгэхээр бид эгнээ гудамжнуудыг гэрлээр хангах тал дээр ажиллана. Ер нь бол хичээж байгаа, тэгэхдээ дутуу асдаггүй газрууд бас байгаа. Нохойны хувьд, бас сая зарим нэг хүүхдүүдийн хэлж байгаа саналуудыг н.Мөнхтуяа захирал бас анхаарч ажил болгоорой. Хоолны асуудал хүүхдүүд идэх тохиромжтой бөгөөд тэр нөхцөл байдлыг аймгийн Боловсролын газарт хариуцсан мэргэжилтэн байгаа. Тэр хүнээр явуулж үзүүлж харуулж шаардлагад нийцсэн чанартай бөгөөд аюулгүй эрүүл байх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Энэ тал дээр бас сургуулийн захиргаа анхаараара. Сургууль болгон дээр бас энэ 00-ийн асуудлыг бас ярьж байна. Зарим сургууль өөрсдөө шийдчихээр асуудлууд байгаа. Сургууль болгон дээр бас хэлж байгаа нэг санал болбол биеийн тамирын хувцас солих өрөөг ярьж байна. Эрэгтэй эмэгтэй гээд ярьж байна. Энэ одоо асуудлыг бид нар аймгийн хэмжээнд бас авч үзээд төрийн албанд ажилтны хүүхдийн өрөө гэж гаргасан шүү дээ, түүн шиг энэ сургуулиуд дээр эрэгтэй эмэгтэй хувцасны өрөөний асуудлыг шийдмээр юм байна. Дотуур байрны асуудлыг бас улсын төсөвт оруулах тал дээр судлаад, ямар гарц гаргалгаа байна вэ, шийднээ. Яг өнөөгийн нөхцөл байдал дээр улсын төсвийн нөхцөл байдал бол хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ аль болох гарц гаргалгааг бид нар ингээд судална. Мөн лед дэлгэц гээд хэлсэн. Ойлголоо. Үүнийг бид нар аймгийн болон сумын түвшинд яаж шийдэхээр байна, гарц гаргалгаа гаргая аа. Тэр химийн багшийн асуудлыг би сургуулийн захиралтай удаа дараа бас яриад байгаа. Энэ жил улсын химийн олимпиад Хэнтий аймагт болно. Ер нь бол та нар мэдэж сонсож байгаа байх, байгалийн ухааны чиглэлийн багшийн хомсдол улсын хэмжээнд хүндрэлтэй байгаа. Манай Хэнтий аймаг бол аль болох бүх түвшиндээ хангалт хийх тал дээр ажиллаж байна. Химийн багшийн асуудал дээр анхаарна аа. Ингээд та бүхэн энд илэрхийлж чадаагүй зүйл байвал захидал бичээрэй. Ийм аян явж байгаа. Хүүхдийн төлөө төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, аймгийн удирдлагууд захидлыг уншиж хаана, ямар асуудал байгааг аль болох шийдэх тал дээр анхаарна. Сургууль сургууль өөр өөрийн асуудалтай, өөр өөрийн онцлогтой. Тэгэхээр бид нар хавтгайруулж нэгдсэн шийдвэр бас гаргаж болохгүй. Ингэж уулзсанаар танай сургуулиас ч гэсэн өөр шийдэл гарч байгаа. Сая Тэмүжин сургууль дээр өөр асуудлууд яригдаж байгаа юм. Тиймээс онцлог онцлогоор нь асуудлуудыг шийднэ” гэж амлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 197 (7694)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.