П.АМГАЛАН
Гэрэл зургийг Р.ОЮУН
Монгол Оросын найрамдлын 65 дахь өдрүүд, “Оросын Боловсролын үзэсгэлэн-2025” Улаанбаатар дахь Русский Домд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Оросын Москва, Санкт-Петербург, Красноярск, Новосибирск, Владивосток, Екатеринбург, Эрхүү, Улаан-Үд, Пенза, Томск зэрэг томоохон хотуудын төлөөлөл 26 их дээд сургууль оролцож байгаа юм.
Тус үзэсгэлэнг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэг дор зохион байгуулж байна.
Оросын их дээд сургуулиуд Монголын төгсөгчдөд Монголын орчин цагийн шаардлага, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй эмч, инженер, дизайнер, медиа-технологи, хүнсний үйлдвэр, ai-технологи, зам ахуйн үйлчилгээ, сошиал шинжлэх ухаан, газрын тос-байгалийн хийн салбар түүнтэй хослон дагалдах мэргэжил, соёл боловсрол зэрэг мэргэжилд нийцсэн сургалтын хөтөлбөр, мэргэжлүүд санал болгож байна.
Та бүхэн үзэсгэлэнгийн хүрээнд ОХУ-ын тэргүүлэх 26 их, дээд сургуультай танилцах боломж, ОХУ-ын Засгийн газрын 2026–2027 оны хичээлийн жилийн төлбөргүй сургалтын тэтгэлгийн хөтөлбөрийн дагуу суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, мэргэжил сонголтод чиглэсэн сонирхолтой тоглоом, асуулт-хариултын тэмцээн, мастер-класс болон тест, инженерийн мэргэжлээс эхлээд урлагийн чиглэл хүртэлх бүх сургуулиудын төлөөлөгчдөөс зөвлөгөө, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үзэсгэлэнд Москва, Санкт-Петербург, Томск, Екатеринбург, Иркутск, Красноярск, Улаан-Үд, Саратов, Нижний Новгород, Якутск зэрэг хотуудын нэр хүндтэй их, дээд сургуулиуд оролцдог. Энэ жил Монгол Улс дахь боловсролын үзэсгэлэнд анх удаа А.Н. Косыгины нэрэмжит Оросын улсын их сургууль (Москва хот), ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи (Москва хот), Н.А. Добролюбовын нэрэмжит улсын хэл шинжлэлийн их сургууль (Нижний Новгород хот, Оросын биотехникийн их сургууль (Москва хот) их, дээд сургууль оролцож буйгаараа онцлог.
Энэ үеэр Улаанбаатар дахь Русский Домын захирал Валерия Валерьевна Кильпякова
“Монгол Оросын найрамдлын 65 дахь өдрүүдийн нээлтийн ёслол болон “Оросын боловсролын үзэсгэлэн-2025” болж байна. Оросын 26 шилдэг их, дээд сургуулиуд өөрсдийн хөтөлбөрийг танилцуулахаар хүрэлцэн ирсэн. Энэ арга хэмжээний үеэр ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи хүрэлцэн ирсэн бөгөөд “Ирээдүйн удирдагч” нэртэй олимпиадыг зохион байгуулах юм. Олимпиадад түрүүлсэн оролцогчид ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах боломжтой.Мөн ОХУ-аас жил бүр манай улсад 620 тэтгэлэг олгодог. Энэ тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.
“Оросын боловсролын үзэсгэлэн”-д оролцож буй Томскийн үндэсний судалгааны политехникийн их дээд сургуулийг төлөөлж Евгегия Алексеевна мэдээлэл хүргэлээ.
Тэрээр “Манай сургууль 15 жилийн турш амжилттай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд олон чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Газрын тос, хийн үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, эдийн засаг, менежмент зэрэг эрэлт хэрэгцээтэй чиглэл суралцах боломжтой. Одоогийн байдлаар Монгол Улсаас 50 гаруй оюутан суралцаж хэлний бэлтгэлээ төгсөж, мэргэжлийн чиглэлдээ бэлдэж байна. Мөн бид Монгол Улсын ерөнхий боловсролын 105 дугаар сургуультай хамтран ажилладаг. Бид Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин ОХУ-ын А.И.Герцений нэрэмжит Улсын Багшийн их сургуулийг төлөөлж Анатолий Валентинович
“Бид бүхэн Оросын боловсролыг бусад улсад түгээх хөтөлбөрт идэвхтэй оролцож, хамтарч ажилладаг. Монгол, Вьетнам, Лаос зэрэг улсад төвөө нээж хамтарч ажиллаж байна. Бид бүхэн МУБИС, МУИС, болон ерөнхий боловсролын 162 дугаар сургуультай хамтарч ажилладаг” гэсэн юм.
Энэ жил анх удаа тус үзэсгэлэнд оролцож буй ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийг төлөөлж Алина Вадильевна Акчурина болон Александра Андреевна Макарова мэдээлэл өгсөн юм.
Тэд “Манай сургууль Монгол Улсын Эрдмийн их сургуультай хамтарч ажилладаг. Энэ хугацаанд 20 гаруй төрийн албаны ажилчдыг бэлтгэн гаргасан.
ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи бол улсын тэргүүлэх сургуулийн нэг бөгөөд улсын хэмжээнд 50 салбар, есөн төлөөлөгчийн газартай. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Академид жил бүр 270 мянган оюутан суралцдаг бөгөөд 2500 нь гадаадын иргэд байдаг. Академийн дэд бүтэц нь ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх их сургуулийн статустай бүрэн нийцдэг гэдгээрээ онцлог. Сургалтын үндсэн чиглэлд төрийн удирдлага, менежмент эрх зүй, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг багтдаг.
Манай сургууль Монгол Улсын Эрдмийн их сургуультай хамтран ажиллаж аравдугаар сарын 20-21-нд Улаанбаатар дахь Русский Домд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой олимпиад зохион байгуулна. Олимпиадад математик болон дагалдах хичээлээр шалгалт өгөх боломжтой. Олимпиадын бүртгэл дуусаагүй тул та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Харин А.Н. Косыгины нэрэмжит Оросын улсын их сургуулийг төлөөлж Зозолева Алевтина Викторовна
“ Энэ жил манай сургууль 150 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд дэлхийд нэртэй загвар зохион бүтээгч төгсөгчдөөрөө бид бахархдаг. Манай сургуульд 200 гаруй чиглэлээр суралцах боломжтой.
Манай сургуулийн хувьд үндэсний дизайн ба загварын төв, оюутнуудын олон улсын хэмжээний томоохон компаниудтай төслүүд дээр хамтран ажилладаг. Мөн загварын музей, оюутны амралт, спортын бааз зэрэг олон орчин үеийн дэд бүтэцтэй гэдгээрээ онцлог. Манай сургуульд 80 гаруй улсаас оюутнууд суралцдаг бөгөөд монгол хүүхдүүд ч байгаа. Дотуур байртай. Бидний уриа бол “Өнөөдөр бол оюутан, маргааш бол тэд брэнд” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн юм.
Эх сурвалж:www.zms.mn