С.УЯНГА

Монголчууд найман настай балчираас 80 настай буурай хүртлээ циркийн урлагт шимтэж, циркээр хүмүүжиж явсан үе бий. Тэр байтугай циркийн үзүүлбэрээр дэлхийг байлдан дагуулж олон оронд Монголынхоо тугийг өргүүлж, сүлдийг дуулуулж явав.

Ингэж л дотооддоо аймаг, сум, баг бүрт соёлын үрийг тарьж Монголын нэр сүрийг таван тивийн долоон тэрбум хүнд хүргэж  байлаа. Монголын циркчид уран нугаралт, акробатын төрлөөр дэлхийд айрагдаж, олон улсын циркчид Монголд цугларч найрамдлын тоглолт хийж ёстой л циркийн урлаг оргил үедээ хөгжиж байсныг мэдэх хүн ховордсон нь даанч харамсалтай.

Арга ч үгүй түүнээс хойш бүхэл бүтэн нийгэм солигдоод байгаа юм. Гэтэл өнөөдөр  хүүхэд багачууд циркийн урлагаар хүмүүжих нь битгий хэл анхан шатны ойлголтгүй болтлоо монгол соёл гээгдэж хоцорсонд харамсан толгой сэгсэрч яваа циркчин олон бий.

Мөн 1941 онд Монголын цирк Яармагийн задгай талбайд нээлтээ хийж маршал Х.Чойбалсан үг хэлж тууз хайчилснаас хойш 80 жилийн ойтойгоо золгож байна. Энэ түүхийг бичилцсэн нэгэн үеийн төлөөлөл Монголын циркийн урлагийг нуруун дээрээ үүрч басхүү гайхамшигт үзүүлбэрүүдийнх нь гол дүрд тоглож явсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Намсрайжавын Болдбаатартай уулзаж дурсамжийг нь сөхлөө.

 

ДӨРВӨН ҮЕИЙН ЦИРКЧИД  

Н.Болдбаатар циркийн урлагтай хүсэл мөрөөдөл, амьдралаа холбоод хагас зуун жил болж байна. Тиймдээ ч 16 наснаасаа үндсийг нь цэцэглүүлж, ачааны хүндийг нь үүрэлцэж иржээ. Түүний цирктэй холбогдсон хувь тохиол их онцгой. 1971 онд улс хувьсгалын 50 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Х.Баянмөнх аварга түрүүлж, С.Цэрэн аварга үзүүрлэсэн үе. Харин хүүхдийн барилдаанд Н.Болдбаатар түрүүлж, улсын шонхор Гэгээсүрэн аман хүзүүдэв. Ийнхүү долдугаар ангийн хүү хотын 50 гаруй сургуулийн сурагчдаас онцгойрч төрийн наадамд түрүүлж Монголын төрийг 40 жил удирдсан Ю.Цэдэнбал, ЗХУ-ын төлөөлөгч нараас уут дүүрэн шагнал гардан авчээ. Уутанд 36-гийн торго хоёр хүний дээлийнхээр, найман метр дурдан бүс, баавгайтай чихэр, нар хамба, нандин чавга гээд тэр үедээ л ховор зүйлээр шагнуулж байжээ. Тэр тухайгаа “Ю.Цэдэнбал даргаас хүүхдийн барилдааны аварга буюу БНМАУ-ын “Шандас” цол гардаж  баяр хүргэхэд гар нь яг л хөвөн шиг зөөлөн байсан. Тэр жилийн есдүгээр сарын 1-нд манай сургуулийнхан гуулин хөгжим, цэцгийн баглаатай угтаад сүйд болж байлаа” хэмээн дурсав. Нэг ёсондоо энэ үеэс л түүний циркийн урлагтай холбогдох эхлэл тавигдаж дараа жил нь 1972 онд хотын сургуулийн 3000 гаруй оюутнаас 30 хүүхдийг циркийн сургуульд шилж авахад Н.Болдбаатар багтсан байв. Тэр жил Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цэнд-Аюуш, Монголын циркийг үндэслэн байгуулсан Ардын жүжигчин Нацаг, Шаравдорж, Жигмиддорж, Нямдаш, Цэцэгээ гээд тэр үеийн урлагийн суутнууд 3000 хүүхдээс 30-ыг нь сонгохдоо нүдний хараа, хөл, гар, нурууны бэртэл, эрүүл мэнд, уян хатан, овсгоо самбаа гээд их л олон нарийн  шалгуур тавьсан гэдэг.

Циркийн сургуулийг ихэнх нь нэг юм уу хоёр номертой л төгсдөг байсан гэдэг. Гэтэл мөр зэрэгцэн дөрвөн жил сурсан нэг үеийн 30 шижигнэсэн залуу төгссөний дунд Н.Болдбаатар бас л онцгой нэгэн байв. Ихэнх нь 1-2 үзүүлбэртэй төгсдөг бол тэрээр шидэх банз, морин акробат, хүч тамирын акробат, тулах тэнцвэр гэсэн дөрвөн үзүүлбэрээр дипломаа онц дүнтэй хамгаалсан талаараа “Нэг ёсондоо хөрвөх чадвартай гэсэн үг л дээ. Тухайн үед үндэсний  болон чөлөөт бөхөөр барилддаг байсан болоод ч тэр үү юм юм л оролддог байлаа. 1971 онд гадныхан шинэ циркийг барьж өгсөн. Тэгээд төгссөний дараа жилээ гадагшаа тоглолтоор явсан. Намайг шууд тэмээтэй акробат, шидэх банз, тулах тэнцвэр гээд найман үзүүлбэрийг тогло гээд дотоод, гадаадгүй тоглодог боллоо. Давхардсан тоогоор 60-70 номер хийсэн байдаг.  Бид агуу социалист орнуудад уран нугаралт, хүч тамирын гайхамшиг, акробатын төрлөөр гайхуулж явсан. Дэлхийн 16-20 орны циркчид хаврын баяраар Ардчилсан Солонгост тоглоход  Монголоос долоон удаа очсон. Мөн бүхий л социлиаст орон, Япон, Солонгос, АНУ, Чех, Болгар, Унгар, Румын гээд хөрөнгөтөн гэгддэг орноор явсан даа. Гадаадад тоглож байхад Монгол цирк онцлогтой. Ялангуяа, уран нугаралт, хүч тамирын гайхамшиг, морьтны гайхамшгаар дэлхийг алмайруулсан суут хүмүүс бий” гэлээ.

Н.Болдбаатарынх дөрвөн үеэрээ циркчид. Түүний мэргэжлийг өвлөж хүү, зээ нар нь өдгөө дэлхийн номер нэг гэгддэг Нарны циркт 20-оод жил ажиллаж  дэлхийн өнцөг булан бүрт Монголын циркийн урлагийг түгээж явна. Монголын циркт морь, тэмээг анх тоглуулсан Сандаг Н.Болдбаатарын хадам аав, охин С.Баярцэцэг нь түүний гэргий. Харин хүү Б.Ганжуур, Б.Ганболор нар нь Дэлхийн нарны циркт тоглодог бол зээ Г.Аялгуу, дүүгийн хүүхэд Б.Мөнхбаясгалан нар мөн циркийн салбарт хүчин зүтгэж явна. Хүү нь шидэх банзтай үзүүлбэрээр Солонгосын тэмцээнээс Гранпри шагнал авч, Хятадаас алт, мөнгөн медаль хүртсэн. Олимп, дэлхийн аваргын хэмжээний тэмцээнээс медаль авсан циркчдийг урьж нэг баг болгоод дэлхийг тойрдог. Энэ багт түүний хүү багтаж явдагт бахархаж сууна.

 

МОНГОЛЫН ЦИРКИЙГ ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОСОН СОР ҮЗҮҮЛБЭРҮҮДИЙГ Н.БОЛДБААТАРЫН БАГИЙНХАН АМИЛУУЛСАН

Хөшиг нээгдэхэд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын дэлхийг дайлаар мордож буйг илтгэсэн доргио ая эгшиглэж, Сэвжидийн Сүхбаатарын дэглэсэн бүжигчид гарч ирнэ. Яг энэ үед дөрвөн хүний мөрөн дээр Чингис хаан эрхэмсгээр морилон саатснаар “Монголын гайхамшгууд” тоглолт эхэлдэг. Тоглолтын завсраар олон орны хүмүүс дэлхийг байлдан дагуулсан Чингис хаантай зураг даруулах гэж арван ханатай Монгол гэрийг зай завсаргүй бүчинэ. Манай нийтлэлийн баатар ингэж л кино, драмаас гадна циркийн Чингисийн дүрээр баруун европыг тойрч байв. 1993 онд циркийнхэн бүрэн  бүрэлдэхүүнээрээ 40-50 уулаа баруун европоор хоёр жил явж “Монголын гайхамшгууд” аялан тоглолт хийж байв.

Мөн миллиард 300-400 сая хүнтэй Хятадын циркт Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цэнд-Аюушийн удирдлагаар Н.Болдбаатар ахлагчтай баг тоглоод “Хүрэл арслан” хүртэж Монголынхоо циркийн урлагийн түүхэнд шинэ түүхийг бичилцсэн удаатай. Спортоор жишвэл дэлхийн аваргын тэмцээнээс акробатыг бүжигтэй хослуулсан үзүүлбэрээрээ 130-140 улсаас  шалгарч Гала тоглолтод оролцоод “Хүрэл арслан” хүртжээ. Энэ амжилтаараа 1987-2005 оны шилдгүүдийг нэрлэдэг дэлхийн хэмжээний сэтгүүлд Монголын циркчдийг онцолсон байна. Энэ мэтээр Монголын циркийг дэлхийн брэнд болгосон сор үзүүлбэрүүдийг Н.Болдбаатар болон түүний багийнхан амилуулсан байдаг. Тэр дундаас гурван давхар тэнцвэрийн балансаар дэлхийн амжилт тогтоосныг дурдаж болно. Гавьяат жүжигчин Доржийн дэглэснээр мөр, духан дээрээ хүмүүсийг гурван үеэр давхарлаж тогтоосон үзүүлбэрийг Монголын циркчид анх удаа хийсэн нь энэ юм.

 

 “ОРЧИН ҮЕИЙН ЦИРК БАРИАД ӨГЧИХВӨЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ НЬ БИД ЦУГЛУУЛЪЯ”

 

Н.Болдбаатар амьдралынхаа туршид циркээс урваж байгаагүй. “Гал тогоондоо” л уран бүтээлээ хийж ирсэн. Одоо тэрээр Монголын урлагийн ажилтны холбооны “Цирк эстрад” нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Циркчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Тэр ч утгаараа циркийн өнөөгийн нөхцөл байдалд хамгийн их санаа зовж буй хүмүүсийн нэг юм. Энэ талаар ярихдаа сэтгэл нь таагүй байгаа бололтой “Циркчид бүхээгтэй машинд тоног хэрэгслээ ачаад зуны гурван сар хөдөө явж аймаг, сум, баг, тосгон болгонд тоглодог байлаа. Өвөл нь гадаадын социалист орнуудаар явна. Олон улсын томоохон уралдаан тэмцээнээс медаль хүртэнэ. Төр, засаг циркийн урлагийг дэмжиж, ард түмэн ч хүсэн хүлээдэг байж. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад циркийн урлагийг улсын төсөвт оруулж байсан. Бид хөрөнгө мөнгө гэж санаа зовохгүй яаж сайн үзүүлбэр гаргаж, илүү олон хүнд хүргэх вэ гэдэгт л анхаардаг байлаа. Ер нь социализмын үед чөлөөт, жүдогийн бөхчүүдээс гадна циркчид Монголын нэрийг дэлхийд гаргасан юм шүү.

Цэцэрлэг, арван жил, их, дээд сургуулийн хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар заавал цирк үзүүлнэ. Социализмын үеийн ахмадаа хүндэлдэг, ажил мэргэжилдээ үнэнч байсан сэхээтнүүдийг төлөвшүүлэхэд циркийн урлаг том үүрэг гүйцэтгэсэн. Хүүхдүүдэд амьтан гэдэг хүнээс дутахгүй ухаантай юм гэдгийг ойлгуулж, ойр дотно байлгахын зэрэгцээ зөв хандлага хүмүүжлийг олгодог. Гэтэл одоогийн хүүхдүүд ахмадаа хүндлэх нь битгий хэл аав ээжийгээ үл тоож байна. Монгол ахуй, морь мал мэдэх нь битгий хэл утас, компьютер шагайсан хүмүүс л байх юм. Тэр үед циркчид шинэ жил, наадмаар тусгай хөтөлбөрөөр том тоглолт хийнэ. Хот хөдөөгийнхөн, гадна дотны жуулчид зорьж ирж үздэг байлаа. Уран нугаралт, хүч тамирын гайхамшиг, тэмээтэй акробат, морьтны гайхамшгийг гадаадынхан биширдэг байлаа шүү дээ. Одоо бол циркийг амьтан, алиалагч, жүжигчин ч үгүй болгосон. Арваад жилийн өмнө төр засгийн харалган бодлогоор хувьчилж, сөнөөсөн. Үндсэндээ циркийг бэлэглэсэн гэж хэлж болно. Уг нь менежментийн хувьчлал гэдэг бол үндсэн үйл ажиллагааг нь алдагдуулах ёсгүй. Гэтэл өнөөдөр амьтан, циркийн жүжигчдийн өрөө, техник хэрэгсэл, уран бүтээлчгүй болголоо. Ихэнх уран бүтээлч гадагшаа явчихлаа. Циркийн дасгал сургуулилт хийхэд орон зай хэрэгтэй. Агаарын гимнастик, шидэх банз, аюулгүйн бүс, гэрэл техник, туслах манеж гээд амин сүнсийг үгүй хийсэн нь үндсэндээ циркчдийн гал голомтыг сүйтгэсэн. Зөвхөн жүжигчид биш гэрэл техникч гээд олон хүний үүрийг нь хөндсөн шоргоолж шиг болгож хаясан. Монголын төр нэг хүний дийлэхгүй байна гэж үү. Амьдралаа бүхэлд нь циркийн урлагт зориулсан хүмүүсийн өр нь өвдөж, самсаа шархирч сууна” гэв.

Түүнээс циркийн урлагийг дахин сэргээхийн тулд яах ёстой вэ гэхэд “Төрөөс циркчдэд газар өгч орчин үеийн цирк байгуулж өгөөсэй гэж хүсч байна. Дотор нь тоглох авьяас чадвартай хүмүүс, боловсон хүчнийг бид цуглуулъя. Олон циркчин дунд чансаатай уран бүтээл хийх залуус олон бий. Миний үеийнхэн ч гэсэн циркийн бүх  төрлөөр залуучууддаа зааж зөвлөхөд бэлэн байна. Амьдралынхаа турш мэдсэн сурсан бүхнээ шавхахад ямар ч үзүүлбэр бэлтгээд тоглох хэмжээний чадвартай мэргэжилтнүүд бэлэн жагсч байна” гэсэн юм.

Мөн тэрээр циркийн 80 жилийн ойгоор Монгол циркийг орох оронтой, оочих аягатай болгож, циркчдийн гавьяа зүтгэлийг үнэлэх байх хэмээн найдаж байгаа гэнэ. Н.Болдбаатар “Миний хувьд үе үеийн төрийн тэргүүнд үнэлүүлсэн дээ. Н.Баганбандиас Алтангадас, Н.Энхбаяраас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Ц.Элбэгдоржоос гавьяатаа гардаж байлаа. Манай ангийн 30 хүүхдээс 7-8 нь Монгол Улсын болон хөрш орнуудын төрийн соёрхолт болсон нь бас ч гэж муугүй явсаных юм болов уу гэж боддог. Спортынхныг амжилт гаргаад ирэхэд нь гавьяат, Хөдөлмөрийн баатар олгож улсаас сар бүр цалин өгдөг. Энэ зөв.  Харин яг үүн шиг олимп, дэлхийн аваргаас дутахгүй томоохон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа циркчдээ ижил тэгш үнэлэх хэрэгтэй. Монголын циркчид гадаадын томоохон театруудад тоглож олон улсын хэмжээний тэмцээнээс медаль авч байна. Цирк бол агуу урлаг. Циркчдийн амжилтыг харвал олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсантай л адил шүү дээ. Тиймээс ид хийж бүтээж яваа залуусыг төр, засаг дэмжиж, урам өгөөсэй гэж хүсдэг” гэдгээ манай сониноор дамжуулж төр, засгийн удирдлагуудад дайсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.2 ДАВАА № 211 (6436)