-МУИС-ийн профессор Журын Баянсангийн бүтээлийн тухай-
Чойжанцангийн БАТТУЛГА
МУИС-ийн багш
30 жилийн тэртээ бидэнд “Хэл шинжлэлийн удиртгал” хичээлийг заахаар 40 эргэм насны цэвэр ганган хувцаслаж, үсээ толийтол самнасан хүн орж ирсэн нь Ж.Баянсан багш байв. Харин би багшийн өмссөн тохойндоо өөр өнгийн оруулгатай костюмыг хараад ихэд гайхаж, яагаад ийм нөхөөстэй байгаа юм бол гэсэн шиг бодож суутал “Хүн төрөлхтөн хэлтэй болохын тулд харилцах хэрэгтэй болсон юм уу, эсвэл харилцах хэрэгцээгээ хангах явцад хэлтэй болсон юм уу” хэмээх хачин “жигтэй” асуултыг тавьж билээ. Хөдөө малчны хотноос шууд их сургуулийн хаалга татсан мань мэтэд багшийн хувцас нь ч тэр, асуулт нь ч тэр их л сонин санагдаж, толгойг минь эргүүлж орхисныг мартдаггүй юм. Улмаар “Энэ чухам яагаад”, “Яагаад ингэсэн байж болох вэ” гэх мэтээр нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах асуултаар булж, биднийг чадан ядан хариулахад ёжтой нь аргагүй инээнэ.
ХЭЛ СУДАЛНА ГЭДЭГ НЬ ХҮН СУДАЛНА ГЭСЭН ҮГ
Профессор Ж.Баянсан 2022 онд МУИС-ийн Ахмад багш нарын лекцийн “Алтан сан” цувралын 12 дугаарт “Хэлцийн утгыг үндэстний соёл сэтгэлгээний илэрхийлэл хэмээн судлахын учир” хэмээх сэдвээр хүндэтгэлийн лекц уншсан юм.
Уг лекцийг сонсож байтал багш маань аанай л хачин жигтэй зүйлээ ярив. Өөрөө ч түүнийгээ “Өнөөдөр миний ярих юманд их хачин хачин зүйл гарна, хэл бол тийм ч чухал хэрэглүүр биш” гэв. Цааш нь “Хэл бол хэчнээн гайхамшигтай хэрэглүүр мөн боловч хэлээр ямар ч бодол санаа дамжихгүй. Хэл бол бодол санаа дамжуулахгүй. Хэлээр ямар ч соёлын зүйл дамжихгүй. Соёлын зүйлийг хэл ерөөсөө тээхгүй. Бодол санааг ч тээхгүй. Харин Хэл бол утга санааг илэрхийлдэг хэрэглүүр. Үндэстний хэл бол үндэстний сэтгэлгээг илэрхийлэх хэрэглүүр/ арга мөн” гэж тодорхойлов.