Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Төв Азийн хэвлэл мэдээллийн форум энэ сарын 13-14-ний өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо боллоо. Энэ удаагийн форумд Монгол Улсаас болон Төв Азийн таван улсын нийт 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
Төв Азийн хэвлэл мэдээллийн форум нь бүс нутгийн хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн чанар, технологийн сорилтыг хэлэлцсэн нь энэ арга хэмжээний цар хүрээг илтгэж байна. Форумыг OSCE /Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага/-ийн “Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгчийн алба” зохион байгуулсан юм. Бага хурлыг нээж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч, Элчин сайд Ян Браату хэлсэн үгэндээ “Энэхүү форумд Монгол Улс оролцож байгаад баяртай байна" хэмээн онцолсон юм.

Бага хурлын эхний өдөр хэвлэл мэдээллийн тогтвортой байдал нийгмийн эв нэгдэлд хэрхэн нөлөөлж буй талаар улс орнууд өөрийн сайн туршлагаа хуваалцахаас гадна ардчилал итгэлцэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн нөлөөлж буй болон мэдээлэлтэй тогтвортой нийгмийг дэмжихийн тулд хэвлэл мэдээллийн тогтвортой байх талаар хэлэлцсэн юм.
Хэвлэлийн салбарын тогтвортой байдлыг дээшлүүлэх “Media Viability Manifesto” баримт бичгийг танилцуулж, жижиг зах зээлтэй орнуудад хэвлэл мэдээллийн байгууллагуудын эдийн засгийн бие даасан байдлыг сайжруулах шаардлагатайг онцолж байлаа. UNESCO болон OSCE хамтран боловсруулсан “Экологийн сэтгүүл зүйн гарын авлага”-ыг танилцуулж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шинжлэх ухаанд суурилсан эх сурвалжаар тайлбарлахын чухлыг хөндлөө.
Хиймэл оюун ухаан болон дэвшилтэд технологийг ашиглаж байгаагаа дурддаг байх хэрэгтэй

Технологийн хөгжлийн нөлөөг тусгасан “Big Tech ба AI-ийн үед хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах” бодлогын гарын авлага ихээхэн анхаарал татав. Хиймэл оюун ухаан, цахим платформууд мэдээллийн урсгалд нөлөөлж буй нь жижиг хэвлэлийн байгууллагын өрсөлдөх чадварт шууд нөлөөлж байна хэмээн илтгэгчид хэлж байлаа.

Энэ тухай Европын их сургуулийн хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн олон талт байдал болон хэвлэлийн эрх чөлөөний төвийн зохицуулагч Ива Ненадич “Хиймэл оюун ухаан, дижитал технологи нь эрсдэл бас боломж дагуулж байна. Нэг талаараа хиймэл оюун ухаан нь бие даасан сэтгүүл зүйд өөрийн эрх чөлөөний орон зайг тэлэх, шинэ эринд тохирсон боломж олгож байна. Ялангуяа залуу үзэгчдийн мэдээлэл авах хэлбэр өөрчлөгдөж байгаа энэ үед өөрт ашигтай байдлаар ашиглах боломжтой. Мөн сэтгүүлчид хэрхэн мэдээлэлдээ хэрхэн ашиглаж байгаагаа дурддаг байх хэрэгтэй” гэсэн юм.
Харин Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын хэвлэл мэдээллийн бичиг үсгийн талаарх бодлогын зөвлөх Мартина Чапман хараат бус сэтгүүлзүйг бий болгож иргэдийн итгэх итгэлийг олох нь чухал байгааг онцолсон юм. Энэ тухайгаа “Ийм чухал бөгөөд бэлгэдэлтэй арга хэмжээг зохион байгуулж, сэтгүүлчид, шинжээчид, төр болон иргэний нийгмийн төлөөллийг цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр нэгтгэж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ нь мэдээлэлтэй, тогтвортой нийгмийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулна. Эрх чөлөөтэй, хариуцлагатай, хараат бус хэвлэл мэдээлэл нь ардчилал, ил тод байдал, олон нийтийн итгэлийн тулгуур багануудын нэг. Хурдацтай өөрчлөгдөж буй өнөө цагт худал мэдээлэл олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх явдал их байна. Хуурамч мэдээллийн өсөлт их энэ үед сэтгүүлчид чухал нөлөөтэй. Тэд зөвхөн мэдээлэл түгээхээс гадна, нийгмийн ухамсрыг төлөвшүүлж, хүмүүсийн сэтгэх арга барил, шийдвэр гаргалт, дэлхийн болон дотоодын үйл явдалд хандах хандлагад нөлөөлдөг. Иймд хэвлэл мэдээллийн боловсролыг бэхжүүлэх, идэвхтэй санаачилга гаргаж өргөжүүлэх, ёс зүйтэй сэтгүүл зүйн зарчмуудыг сахин хамгаалах нь худал мэдээллээс нийгмээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Найдвартай, тогтвортой хэвлэл мэдээллийн салбар нь иргэдийг зөв мэдээллээр хангаад зогсохгүй, хүмүүс, олон нийт, төрийн байгууллагуудын хооронд итгэл, харилцан ойлголцол, энх тайвныг бэхжүүлэх гүүр болдог юм” гэв.
Медиа бичиг үсгийн боловсролд анхаарах хэрэгтэй байна

Мэдээллийн бичиг үсгийн боловсрол бол орчин үеийн мэдээллийн “дархлаа” юм. Худал мэдээлэлтэй тэмцэхэд энэ чадвар нь зөвхөн хувь хүний хамгаалалт биш, нийгмийн хариуцлагын нэг чухал хэсэг юм. Мэдээллийн бичиг үсгийн боловсрол гэдэг нь зөвхөн унших, бичих чадвар бус мэдээллийг үнэлэх, шүүмжлэх, задлан ойлгох чадварыг багтаасан ойлголт юм. Энэ нь Мэдээллийн эх сурвалжийг шалгах (цэнтэй эсэх, найдвартай эсэх), Зохиогчийн зорилт сонирхлыг тодорхойлох, Сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл хийхгүйгээр мэдээллийг задлан тунгаах, Хувь хүний мэдээллийг хуваалцах үед хариуцлагатай хандахад нөлөөлдөг. Тиймээс Төв Азийн улс орнууд хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд бичиг үсгийн чадвар чухал гэж үзэж байгаа юм. Тодруулбал, Медиа боловсрол буюу иргэдийн мэдээлэл ялган таних чадварыг нэмэгдүүлэх нь буруу мэдээллийн эсрэг хамгийн үр дүнтэй арга гэдгийг оролцогчид санал нэгтэйгээр хэлж байлаа. Ингэхийн тулд медиа бичиг үсгийн боловсролд анхаарах нь чухал хэмээн үзлээ. Энэ талаар Киргизстаны баримт шалгах төв буюу “Checkit media”-ийн захирал Асель Сооронбаева “Хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд иргэдийн бичиг үсгийн боловсрол чухал байна. Нийгмийн сүлжээнд санаатай болон санамсаргүй байдлаар хуурамч мэдээлэл тардаг. Үүнд хүмүүс ихээр итгэдэг. Бичиг үсгийг өндөр боловсролтой хүн хуурамч мэдээлэлд автдаггүй. Тиймээс энэ төрлийн боловсролыг олгох нь чухал байна. Ингэхийн тулд сургалт зохион байгуулах зэргээр анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Цахим дарамтаас сэтгүүлчдийг хамгаалах нь чухал байна гэв
Форумын бас нэг гол сэдэв нь сэтгүүлчдийн аюулгүй байдал байв. Онлайн дарамт, нэр хүнд гутаах үйлдэл, бие махбодын халдлага зэрэг эрсдэл бүс нутагт нэмэгдэж буй тул хамгаалалтын бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

Энэ талаар “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Энэ удаагийн форумд “Сэтгүүлзүйн төлөөлөл, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлдээ хэвлэл мэдээллийн салбарын бие даасан байдал, хариуцлага ёс зүйг хангахад сэтгүүлчдийн төлөөлөл, салбарын дотоод зохицуулалт чухал болохыг онцолсон. Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн асуудал болон дижитал мэдээллийн боловсролын асуудал улам хөгжиж буй AI буюу дижитал технологийг үр дүнтэй ашиглах нь худал ташаа мэдээлэл түгэхээс сэргийлэх боломжтойг энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж байна. Мөн энэ удаагийн форумд сэтгүүлчийн аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн. Тодруулбал, сүүлийн жилүүдэд технологи дагасан аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөж байна. Үүнд, улс орнууд хэрхэн анхаарч байгаа талаараа туршлагаасаа хуваалцлаа. Мөн сэтгүүлчийн аюулгүй байдлыг эрх зүйн орчинд болон редакцын түвшинд хэрхэн хамгаалах тухай хэлэлцлээ” гэсэн юм.
Форумын төгсгөлд Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, мэдээллийн салбарын тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 218 (7715)