Б.НАМУУНТАМИР

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв”-ийн УЗ-ийн дарга, доктор, профессор Д.Гансүхийг урьж ярилцлаа.

 

Аялал жуулчлалын салбарын чиг хандлага нь энэ жилдээ ямар ч өөрчлөлт гарахгүй

 

Дэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик дүнгээс үзэхэд нийт бүс нутагт дунджаар 70 хувийн уналттай явж байна. Европын орнууд хоорондоо зорчих хөдөлгөөн хэвийн байгаа учраас харьцангуй гайгүй. Үүнийг дагаад нэг жуулчнаас шалтгаалан 12 ажлын байр хөдөлдөг гэдэг байсан нь үндсэндээ байхгүй болсон. Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын салбарт энэ зун 7-8 сард дотоодын жуулчид багахан дэм болсон гэж үзэж болно.

 

Блиц

БОЛОВСРОЛ:

-1987-1990 ОХУ, Новосибирскийн геоматик, Технологийн их сургууль- техникийн ухааны доктор,

-1996 БНХАУ, Ханжоугийн их сургууль, аялал жуулчлалын сургагч багш,

-2000 Голланд, Гаагын Зочид буудлын сургууль, зочлох үйлчилгээний сургагч багш,

-2017 Испани, Валенсия их сургууль, байгууллагын стратеги, хүний нөөцийн сургагч.

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1982-1995: МУИС-ТИС, багш

-1995-2007: Газарчин дээд сургуулийн захирал

-2007-2009: Баянгол зочид буудалд захирал

-2009- 2011:  Улаанбаатар хотын банк, газрын захирал

-2011-2020:  НАЗО Групп компанийн дэд ерөнхийлөгч

-2016-2019:  Байгаль орчин, Аялал Жуулчлалын сайдын зөвлөх

-2020 оноос: Монсертф компанийн захирал, “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн

 

Гэхдээ энэ нь ямар ч тус дэм болоогүй. Үндсэндээ ажиллах хүч нь өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхлэх, эсвэл ажилгүйдэх шахуу байдалд орсон. Жуулчны баазууд амралтын газар, хүүхдийн зуслан, зуны сургалтын төв гэх мэт хэлбэрүүдээр өчүүхэн хэмжээний орлого олсон. Аялал жуулчлалын салбарын чиг хандлага нь энэ жилдээ ямар ч өөрчлөлт гарахгүй, ирэх оны зун хүртэл ДЭМБ болон холбогдох байгууллагуудаас ямар чиглэл, зөвлөмж гарах нь вакцин болон бусад эм тарианаас шалтгаална. Гэвч найдлага нь ерөнхийдөө 2021 он руу чиглэж байгаа. Сэргэж магадгүй, ойрын аяллууд эхлэх байх. Дотоодын аялал аль ч газар нэмэгдэх талтай байгаа юм. Үндсэндээ харилцан уялдаатай эдийн засгийн салбарыг зогсоосон.

Тэгвэл одоо яах вэ гэхээр Монгол Улсад нэг туршлага бий. Эдийн засаг нь зөвхөн аялал жуулчлалаар амьдардаг олон улсууд бий. Энэ улсуудаас ялгаатай нь бид зуныг жуулчны улирал гээд, өвлийн улирлыг жуулчны биш улирал гэдэг байсан. Өвөл нь юу хийдэг байсан гэхээр маркетинг, менежментээ сайжруулах ажил, сургалтын ажлуудыг хийж жуулчид хүлээн авах бэлтгэлээ хангадаг байсан. Тэгэхээр том утгаар нь яривал энэ хугацаа уртассан гэсэн үг. Нэгдүгээрт, аяллын бүтээгдэхүүнээ чанаржуулах бололцоо гарч ирж байна. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх бололцоотой. Гуравдугаарт, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх бололцоо гарч ирж байна. Дөрөвдүгээрт, маркетингийн талаас ойрын 3-5 жилд Монгол Улсад аяллын таатай газар нутгууд юм уу эсвэл аль улсын ямар жуулчдыг авах вэ гэдгийг сонгож, ялгах, сегмэнтчилэх бүрэн бололцоо гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг арай уртхан хугацааны зогсолт гэж ойлговол бид дараа нь аялал жуулчлалдаа бидний хүсдэг Монгол Улсад таатай гэдэг жуулчдыг татаад, тэр жуулчдад чанартай олон улсын үйлчилгээг хүргэх бэлтгэлээ хангах боломж гэж үзвэл бидэнд илүү үр дүнтэй.

 

Даацаас хэтэрсэн аялал жуулчлал үүссэн

 

Дан ганц манай улсад биш, олон улсын жуулчдын аялдаг газруудад үүссэн нэг хандлага нь хэмжээнээс нь хэтэрсэн аялал жуулчлал үүссэн. Дотоодын аялагч, жуулчдын гол аялж байгаа газар нутгуудад үүсээд байгаа үзэгдэл. Үүнийг хэмждэг олон хэмжүүр бий. Жишээлбэл, тодорхой жуулчны үед тодорхой газар нутгуудад жуулчны буюу өөр орон нутгийн автомашинууд ердийн хэмжээнээс ихэсвэл даацаас хэтэрсэн аялал жуулчлал бий болжээ гэж үздэг. Жуулчны баазууд хүн нь дүүрээд ирвэл мөн л дээрх үзэгдэл бий болжээ гэж үздэг. Тэгэхээр яг ийм байдал аяллын гол бүс нутаг болох Хөвсгөл, Хангайн бүс, баруун аймаг, говьд тодорхой хугацаанд гарч илрээд байгаа. Үүнийг олон улсын хэмжээнд шилдэг туршлага нь хэд хэдэн шийдлийг зааж өгдөг. Нэгдүгээрт аяллын газрыг ганц нэгхэн биш, олон газар болгож, аяллаа саармагжуулж, аяллын бүтээгдэхүүнийхээ маркетинг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олон газруудыг сурталчилсан маркетинг хийх. Тухайлбал, жуулчин ирдэггүй үед жуулчны баазууд үнийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр шийдэх боломжтой. Хоёрдугаарт, бүсчлэл болон даацын хүчин чадлыг нь тооцоод, хязгаарлалт лимит тогтоох асуудал. Жишээлбэл, Хөвсгөл далайгаар аялахад тусгай хамгаалалтын бүсээр зорчиж ордог. Энд бүх машиныг тооцох бүрэн боломжтой. Яагаад гэхээр өөр машин орох цэг байхгүй. Тиймээс энийг тодорхой хэмжээнд хязгаарлах, эсвэл машиныг нь сольж байрлуулж, цэгээс амралтын бааз руу нь  байгальд ээлтэй минибус явуулах ч гэдэг юм уу ийм зохицуулалтыг хийж байж бүсчлэл болон даацын хүчин чадлын талаар зохицуулах арга байна. гуравдугаарт эдийн засгийн асуудал. Жуулчны хувьд жуулчин их ирсэн үед нь биш, бусад үед нь очвол 50 хувь хүртэл амралтын баазууд нь багасгах, урамшуулал бий болгох олон бололцоо бий. Үүнийг хэн хийх ёстой вэ гэхээр төрийн захиргааны байгууллага, орон нутгийн удирдлага, аялал жуулчлалын газруудыг нэгтгэсэн газрын менежментийн байгууллага хийвэл зохих ажлууд юм.

Өнөөдөр байгууллага, компаниуд нь өөрсдөө байгальд ээлтэй нийгэмд хариуцлагатай гэдгээ илэрхийлэх, баталгаажуулах шаардлагатай болсон. Тэгвэл энэ байгууллагад очиж байгаа жуулчдаа илүү маркетинг сайжруулж чадах сурталчилгааг хүргэж чадах юм бол магадгүй хүмүүс 50 мянган төгрөг төлөхөөсөө илүү нэмээд 10 мянган төгрөгийг байгаль хамгаалах, далайн эргийг хог хаягдалгүй болгож байгаа энэ ажилд та гар бие оролцож байгаа шүү гэдгийг нь ойлгуулбал хүмүүс арай өөрөөр хандана. Оролцоотой, өөрсдөө хог хаягдал хаяхгүй, бусад хүнийг ч гэсэн уриална. Тэгэхээр энэ бүхэн хамтдаа нийлээд тухайн газар нутагт үүсэх жуулчны ачаалал, дарамтыг багасгах хөшүүрэг нь болж өгнө.

 

Өвлийн жижиг оврын баазуудыг бий болгож өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх хэрэгтэй

 

Өвлийн аялал жуулчлал их туршлага судалсан. Хамгийн шилдэг жишээ нь Скандинавын оронд байдаг. Энэ орнууд нэгдүгээрт, өвлийн аялал нь өвлийн спортод тулгуурлаж явдаг. Тэгэхээр тоног төхөөрөмж, хэрэгслүүд нь дутмаг юм уу даа. Тэгээд сургагч багш, сургалтын бааз хэрэгтэй, аюулгүй байх баталгаатай байх ёстой. Уг нь тодорхой цэгүүдэд өвлийн жижиг оврын баазуудыг бий болгож, байнгын дасгалжуулагч юм уу, сургагч багш нарыг ажиллуулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр байрлах газрын асуудал чухал. Дулаан байх, халуун хоол ундтай, бие засах нөхцөл нь хэвийн байх ёстой. Манайд инженерийн дэд бүтэц тулгамдсан асуудал болдог. Инженерийн дэд бүтцээ зөвхөн зун эсвэл зөвхөн нэг баазын өөрийнх нь хэмжээнд л шийдсэн байгаа болохоос биш нийтэд нь шийдсэн юм байдаггүй. Тэгэхээр сонголт байхгүй. Тиймээс өвөл ажилуулъя гэхээр эдийн засгийн хувьд ашиггүй болчихдог. Тиймээс дэд бүтцийг шийдэх хэрэгтэй. Манайд бололцоо бий юу бий. Хугацаа, хөрөнгө оруулалт шаардсан асуудал юм. Яагаад гэхээр бид өнөөдрийг хүртэл зун нүүдэлчин ахуй соёлдоо түшиглэж байж түүхий эдээ боловсруулж аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийдэг. Европын орнууд өөрийнхөө спортод тулгуурлан өвлийн аяллаа хийдэг. Бидэнд тийм туршлага байхгүй.  Тиймээс өвлийн аялал жуулчлал амархан шийдэгдээд,  идэвхжихгүй. Хөвсгөл, Хэнтий аймагт  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа төсөл байгаа. Энэ төслөөр энэ асуудлыг шийдэх зорилго тавьсан. Тодорхой хугацааны дараа хэдэн жилийн дараа энэ төслийн  үр дүнгээр ямар үр дүн гарах вэ гэдэг нь харагдана.

Эрүүл ахуй ариун цэврийн стандарт илүү чангарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд  аялал жуулчлал хийнэ. Амны хаалт, бээлий хэрэглэж хэвшиж байж, аялал жуулчлал олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцоно. Нөгөө талаас аялал жуулчлал зохион байгуулах байгууллага нь энэ нөхцлийг хангасан байх ёстой. Зай барих, гар ариутгалын хэрэгсэл зэрэг ариун цэврийн шаардлагуудаа хангаад халдваргүй хүмүүсийг тодорхой бүсэд нэвтрүүлж чадаж байвал аялал жуулчлал хэвийн явагдаж болно. Хятад улсын аялал жуулчлал эргэж сэргэж байна гэж байгаа. Хятад дотоодынхоо аялал жуулчлалыг л тодорхой шаардлага хангасан нөхцөлд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ариун цэврийн стандартыг маш сайн бэлтгэсний дараа цар тахлын үе дэх аялал жуулчлалын янз янзын төрлийг дотооддоо зөв сонгох хэлбэрээр явуулна уу гэхээс биш яг өнөөдрийн Улаанбаатарын олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж байгаа хэлбэрээр хийх нь эрсдэлтэй.

 

Дотооддоо алдаагүй учраас жуулчид их ирэх ч тэр хэмжээгээрээ эрсдэлтэй

 

Дотооддоо COVID-19-ийг алдаагүй учраас манайд боломж байгаа. Гэхдээ эсрэгээрээ жуулчид манайд их ирэх нь эрсдэлтэй. Хүний хөдөлгөөн ихсэх тусам манайд эрсдэл үүснэ. Нэн түрүүнд ДЭМБ-ын санал, зөвлөмжүүдийг чухалчилсны дараа бизнес болон бусад асуудалд анхаарлаа хандуулах нь чухал. Дотооддоо алдаагүй гэдэг утгаар аялал жуулчлал шууд сайжирна гэхэд хэцүү. Ер нь асуудал дэлхийн хэмжээнд шийдэгдвэл бид дотооддоо алдаагүй хэвээр байвал үүнийг маркетингийн том хэрэгсэл болгох бүрэн бололцоотой. Хамгийн гол асуудал цар тахал гарсны дараа ярьж байсан. Ер нь зөвшөөрөгдөх хэмжээнд нь бизнесийн бололцоог нь амралт, ресторан, гэсэн бусад бололцоотой чиглэлээр нь хэт хязгаарламааргүй байна. Цагийн хувьд, үйл ажиллагааны хувьд хэт хязгаарлалт хийвэл бүр л боомилж байна гэсэн үг. Мөн аялал жуулчлалын байгууллага төрөөс зээл дэмжлэг хүсч байгаа. Энэ нь бизнесийн зээл биш. Өнөөдөр ажилтнуудынхаа цалинг хэвийн байлгахын тулд. Мөн аяллынхаа бэлтгэлийг хангах хэрэгтэй. Жуулчны баазуудад шинэчлэлт хэрэгтэй, барааны татан авалт, маркетингийн зардал зэрэг санхүүжилтийн тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Үүнийг шийдэх схемийг зөв болгож өгвөл бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа.

Нэг үеэ бодвол хувь хүний түвшинд аяллын боловсрол харьцангуй дээшилж байгаа. Сошиал ертөнцийн уриалга, ухуулгын нөлөөлөл юм. Залуучуудын хувьд хариуцлагатайгаар аялах хандлага ажиглагдаж байна. Дотоодын аялал жуулчлал манайд эрх зүйн хувьд ч, эсвэл сурталчилгаа, соён гэгээрүүлэх, маркетингийн талаас нарийн судлагдаагүй, анхааралд өртөөгүй сэдэв. Бид аялал жуулчлал гэхээр л шар толгойтой хүн Монголд монгол дээлтэй явж байхыг л ойлгож байснаас биш та бид өөрсдөө машинтайгаа аялаад явж байхыг аялал жуулчлал гэнэ гэж яригдаагүй асуудал. Үүнийг ярих цаг нь болсон. Хятад сүүлийн үед ёс зүйн журмыг хүчтэй болгож өгсөн. Тухайлбал, хоорондоо чанга ярихгүй байх, гудамжинд шүлсээ хаяхгүй байхыг ухуулж байгаа. Манайд сошиалд үүссэн давалгааг бодит амьдрал дээрээ хэрэгжүүлээд, аялагчдын дүрэм гаргаж өгөх ёстой. Нөгөөтэйгүүр орон нутгийн хүмүүстэй холбоотой асуудал бий. Улаанбаатараас хөдөөг  зорих таван машинтай аялагчдын гурав нь хогийн савтай, хогоо хөдөө хаяхгүй явж байгаа. Орон нутгаас орон нутагт аялах аялагчдын боловсрол муу байна. Орон нутгийн иргэдэд хэрхэн аяллын боловсролын талаарх мэдээллийг хүргэх талаар багаас нь хичээл заах эсвэл зөвхөн тэдэнд чиглэсэн контент агуулгуудыг нэвтрүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй. Орон нутаг нь өөрөө манлайлагч байх ёстой.

 

Аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн бодлогын зарчмын үндсэн дээр хөгжүүлэх ёстой

 

Байгаль орчны менежментийн асуудлыг байгууллага чухалчлах ёстой. Дэлхийн практик үүн дээр юу гэж хэлээд байна вэ гэхээр аж ахуйн нэгж, байгууллагууддаа олон улсын байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхийг зөв гэж үздэг. Хувь хүний ёс зүйн журам шиг байгууллагын ёс зүйн журам чухал. Жишээлбэл, ажил дээр чинь нийтээрээ хог хаяхгүй байя гэдэг хэвшлийг суулгаад, байнга яриад байвал хэвшил болно. Тэгэхээр олон улсад тэргүүн туршлага нь аж ахуйн нэгж, байгууллага ажилтнууддаа байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг зааж сурга гэж байгаа.

Хамгийн гол асуудал нь цаашид аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн бодлогыг зарчмын үндсэн дээр хөгжүүлэх ёстой. Гэхдээ энэ нь Засгийн газрын ч юм уу ямар нэгэн удирдлагын дээд түвшний асуудал биш. Энэ нь аж ахуйн нэгж байгууллага болгоны өөрийнхөө үйл ажиллагаанд стратеги төлөвлөгөөг боловсруулахад, маркетингийн төлөвлөгөөгөө хийхэд гарцаа байхгүй суурь баримт бичиг болж, миний хийж байгаа үйл ажиллагаа хүн байгальд хэр зэрэг ээлтэй юм бэ. 

Энэ үйл ажиллагаагаар өнөөдрийн бизнесээс гадна байгаль орчныг хамгаалах үйлсэд, залуу шинэ үеийг бий болгоход, биологийн олон төрөл зүйлсийг хадгалж, хамгаалах үйлсэд ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулж чадаж байна уу гэдгийг хэмжих ёстой болчихсон ийм үе. Энэ бол дэлхий даяар бүх бизнесийн явж байгаа загвар.

Тэгэхээр бид энэ загвар руу орж хуучин хүрэн эдийн засаг гэж байсан бол өнөөдөр ногоон эдийн засаг болчихлоо гэж байгаа. Үүн шиг ижил өнцгөөр харсан байр суурийг хувь хүний хийж байгаа санал санаачилгыг байгууллага, салбарын түвшинд оруулах цаг нь болсон. Миний хэлэх дуртай зүйл бол ирээдүйгээ бодсон, хүн байгальд ээлтэйгээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, хийж хэрэгжүүлэх нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.2 ДАВАА № 211 (6436)