Н.МӨНХЖИН
Хонконгийн оршин суугч байх амар биш. Их Британи Хонконгийг Хятадад шилжүүлж өгснөөс хойш 15 жилийн дараа иргэд нь түгшүүрээр амьсгалж, үл мэдэгдэх ирээдүйгээс айж байна. Хойгийн үзүүрт орших энэ хот хурдан хэмнэлээ хадгалж үлджээ. Хоёр давхар трамвай арлын төвөөр явж, 100 жилийн настай Star Ferry компанийн хөлөг онгоцууд хоолойг гаталсан хэвээр л байна. Эдүгээ Хонконг орон нутгийн болон эх газрын магнатуудыг цуглуулсан газар болсон ч тус хотын иргэд Хятадад харъяалагддагтаа таагүй ханддаг аж.
Британийн экс колонийн оршин суугчдын сэтгэл хуваагджээ. Тус хот Хятадын мэдэлд очоод 15 жил болсон ч бизнес, үйл ажиллагаагаар буцалж байгаад иргэд нь сэтгэл хангалуун байдаг. Гэвч тэд Бээжинд итгэдэггүй. Төвийн эрх баригчид хонконг иргэдийн эрх чөлөөг хасч, Хонконгийг залгиад дуусах вий хэмээн айж байна. Лондон, Бээжин хоёр нэг улс, хоёр систем зарчим дээр үндэслэн Хонконгийн бичил Үндсэн хуулийг баталсан нь хонконгуудад өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрт, хараат бус шүүх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгосон билээ.
“Нэг улс нь хоёр системээ бүрэн арилгаж хаясан нь тодорхой байна. Хонконг өргөн автономит эрхээ алдлаа” хэмээн Хонконгийн Ардчилсан намын тэргүүн асан Мартин Ли өгүүлэв. Хятадын Коммунист намын бодлогыг дэмжигч Лиун Чун Ин саяхан Хонконгийн захирагчаар томилогдсон юм.
“Бид их азтай” хэмээн Хонконгийн ахмад хөрөнгөтөн Пол Фан “South China Morning Post” сонинд ярьж байна. “60, 70-аад онд Хятад улс их ядуу байхад бид Британийн колони байж, өрнөдийн эдийн засгийн өсөлтөөс хуваалцаж, хувь хүртэж байлаа. Өнөөдөр АНУ, Европ санхүүгийн хямралд орж байхад Хятад нь дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засагтай улс болж байна. Өмнө нь бид эх газарт байдаг хамаатан садандаа хувцас, мөнгө илгээдэг байсан бол, одоо тэд аялж, мөнгөө үрэхээр Хонконгод ирдэг болжээ. Хонконг нь Хятад болон өрнөдийн эдийн засгийн өсөлтийн ашиг тусыг хүртэж байна” хэмээн Фан онцолсон юм.
Энэ бол түгээмэл бус санаа бодол. Хонконгийн олон иргэн, эх газрын жуулчдын давалгаа Хонконгийн нийгэмд сайн зүйл авчрахгүй хэмээн хардаж байна. Улстөрчид нь Бээжинг уурлуулахгүйн тулд Хятадын хүчирхэг эдийн засгийн нэгдэлд орж, ашиг хүртэхийг илүүд үздэг. Ингэснээр Хонконг нь дэлхийн санхүүгийн чухал төвийн статусаа хадгалан үлдэх учиртай бололтой.
Харин Хонконгийн жирийн иргэд өөр бодолтой байна. Дэлхийд хоёрт ороод байгаа Хятадын эдийн засагтай хэт “сүжирвэл” баян, ядуугийн хоорондох ялгаа 1971 оноос хойш дээд цэгтээ хүрнэ хэмээн хонконг иргэд үзэж байгаа юм.
Хонконгийн шинэ баячуудын худалдан авах чадвар иргэдийн амьдралд муугаар нөлөөлж эхэлжээ. Сүүлийн таван жилд үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш 95 хувиар нэмэгдэж, орон сууцны дундаж үнэ нэг гэр бүлийн орлогоос 12 дахин их болсноор дунд давхаргын иргэд орон сууц худалдаж авахад ихээхэн хүндрэлтэй болжээ. Эх газрын жуулчид зөвхөн үнийн өсөлтөд буруутай гэж үзэхгүй байна. Хятад жуулчид Хонконг дахь улсын эмнэлэгт ирж хүүхдээ төрүүлэх нь моодонд орсон юм. Хонконгт хүүхдээ төрүүлвэл хүүхдийн мөнгө авч, дэлгүүрээс бусад бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр авдаг аж.
Энэ бүгдээс болж хонконгууд Хятадад таагүй хандах нь нэмэгдсэн юм. Саяхан Хонконгийн их сургуулиас явуулсан судалгаагаар, хонконг иргэдийн 37 хувь нь Бээжинд итгэдэггүй гэсэн дүн гарчээ. Мөн 58 хувь нь өөрсдийгээ Хятадын харъяат гэж үздэггүй байна.