Д.МЯГМАР

 

Нийслэлийнхэн ирэх оны төсвөө хийхдээ анх удаа иргэд, байгууллагуудын санал, бодол, санаачлагыг тусгасан билээ. Улмаар цахим хуудсаар санал авч олонд нээлттэй, ил тод хэлэлцэж түүхэнд байгаагүй том хөрөнгө оруулалт татсан онцгой төсвийг баталсан. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаатай ярилцлаа.

 

-Улаанбаатар хотын шинэчлэлийн баг анхны төсвөө баталлаа. 2013 онд нийслэлд их хэмжээ­ний бүтээн байгуулалт хийнэ гэж төсөөлж болох уу?

-Нийслэлийн шинэ засаглалын хөтөлбөр, ирэх жилийн санхүүгийн төл­вийг нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэл­цэж баталлаа. Э.Бат-Үүл даргын хэлснээр, манай мөрийн хөтөлбөр шинэч­лэлийнх болсон. Тиймээс ирэх жилийн хотын сан­хүүгийн төсөв шинэчлэ­лийг авчирна. Ирэх жи­лийн төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад ихээхэн онцлогтой.

-Юугаараа онцлогтой төсөв гэж үзэж байгаа юм бол?

-Төсөв маань хэмжээ­гээрээ өмнөх оныхоос нэлээд томорсон. 2011 оныхтой харьцуулахад хөрөнгө оруулалт, төсвийн хэмжээ 65 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Нэг жилийн дотор хотын төсөв 22,4 хувиар өсч, томорчээ гэж дүгнэж болно. ДНБ 17 хувиар өсч байхад нийс­лэлийн төсөв 22,4 хувиар өссөн дүн гарч түүхэнд байгаагүй чухал үйл явдал боллоо. Цар хүрээ, агуулга сайтай төсөв боллоо. Иргэ­дийн дуу хоолой, санал бодол хаана ч үнэ цэнэтэй, хүчтэй байдгийг энэ удаагийн төсвөөр харлаа.

-Ямар учраас энэ жил хот төсвөө ингэж өсгөв. Нуруун дээрээ ихээхэн ачаа үүрнэ гэж ойлгож болох уу?

-Улс орны хөгжил манай төсөвт эерэгээр нөлөөллөө. Уул уурхайн хөгжлийн эрч бас тусна. Үүний үр өгөөж Улаан­баатар хотод нөлөөлж буй нь төсвөөр гарч ирлээ.  Монгол Улсын санхүү­гийн эргэлтийн 64 орчим хувь нь Улаанбаатарт эр­гэл­дэж байна. Улс орны хэмжээнд санхүүгийн бо­ломж, чадвар өсч байгаа. Үүнийг дагаад Улаан­баа­тар хотын бай­гууллага, компани, иргэ­дийн төлж буй татвар өсч байна. Улаанбаатарын ирэх оны санхүүгийн дүр, зураг сайхан харагдаж байна. Ирэх жилийн төс­вийн чиг­лэл иргэдийг ая тухтай, аюулгүй орчинд аж төрүүлэхэд оршиж байна.  

-Иргэдийн эрүүл, аюул­гүй орчинд аж төрөх эрхийг Үндсэн хуулиар тунхагласан. Амьдрал дээр энэ эрх хангагдаагүй. Ирэх жил хийх ажилд үүнийг яаж шийдэв?

-Бид таван А хөтөлбөр дэвшүүлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Иргэд эрүүл орчинд аж төрөх ёстой. Угтаа агаарын бо­лон орчны бохирдолгүй байхыг хэлж байгаа хэрэг. Утааг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэл­сэн. Хүрээлэн байгаа орч­ноо хамгаалах, сайж­руу­лахаар ирэх онд ихээхэн ажил хийхээр төлөвлөсөн. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэх ажлыг хийхэд зориулж тусгайлан төсөв гаргана. Өмнө нь хотын төсвөөр ийм ажил хийж байгаагүй. Боломж нь ч байгаагүй. Ногоон хот руу чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын аж­лыг бид хийнэ. Энэ маань зам тавьж, барилга барих дайны хүндхэн ажил. Чимх­лүүр нямбай ажил шаардсан тул хүн, хүчээр энэ ажлыг гүйцээнэ. Ирэх жилээс Улаанбаа­тарт цэ­цэрлэгчийн тушаалыг ши­нээр бий бол­гоно. Ногоон байгуу­лам­жийг ерөнхий дендер­логич хариуцдаг. Харин цэцэрлэгч нь хаягд­чихсан.

 

НИЙСЛЭЛ АНХ УДАА ИРГЭДИЙН НҮДЭН ДЭЭР ТӨСВӨӨ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

 

-Иргэдийн төсөвт хан­дах, хандлага, оролцоо, идэвх хэр байв?

-Хот иргэдийн орол­цоог бүх төвшинд, бүх үйл ажиллагаагаараа дэм­жин, явуулж байгаа. Ажил авангуутаа л бид “Иргэ­ний танхим”-ын ажлыг идэвхтэй болгосон. Хотын сайтыг шинэчлэн амьд­руул­лаа. 1200, 1234 тоот утсаар иргэдийн санал, хүсэлтийг авч байгаа. Олон хүн хотын хөгжлийн төлөө санал хэлэхээр ирж “Иргэний танхим”-д баг­тахгүй байсныг та бүрхэн харсан байх. Оршин сууж байгаа гудамж, хашаа, хороогоо яаж тохитой болгох вэ. Ногоон орчинд аж төрмөөр байдаг. Энэ том зорилтот ажлын нэг салбар нь амины орон сууцтай тохилог хороолол болж байна.

-Таван А-гийн нэг нь амины орон сууц. Гэр хорооллынхон энэ ажлыг яаж, ямар хугацаанд хэ­рэг­жүүлэх бол гэж хүлээж байгаа болов уу?

-Хотын төсөвт гэр хо­рооллын дэд бүтэц, ин­женерийн шугамыг барих төсөв багтсан. Дахин төлөвлөсөн гэр хорооллыг инженерийн шугаманд холбоно. Айл бүрийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай  хийнэ.

-Бүтээн байгуулалтын ажлыг орхиогүй биз?

-Хотын бүтээн байгуу­лалтын ажлыг далайцтай хийнэ. 97 км замыг ирэх жил шинээр тавьж, зарим­ыг нь өргөтгөж, шинэч­лэнэ. Хоёр давхар гүүрийг зургаан газарт барих жишээтэй.  Явган хүний төмөр хийцтэй гарцуудыг олон газар барина.  Хотын төсвөөс авто тээврийг шуурхай болгох, замын түгжрэлийг багасгахаар олон санаа хэлсэн. Энэ төсвийг хийхэд төлөө­лөгчид идэвхтэй, эрчтэй ажилласан.

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид шинэ хүмүүс. Тэднээс ямархуу санаа, үзэл гарч байх юм бэ?

-АН анх удаа нийс­лэлд олонх болсон. Төлөө­лөгчид маань голдуу улс төрд шинээр орж ирж байгаа залуус. Энэ нь чадваргүй гэсэн үг биш. Тэд иргэдийг төлөөлж, жинхэнэ дороосоо, буцал­сан амьдрал дундаас ши­нээр орж ирж байгаа тул санаачлага нь шинэ. Тэдний хэлж байгаа үг үнэн, ямар нэг лоббигүй, амьд, хаана чхэрэгцээтэй байлаа. Их ч эрчтэй ажил­ласан бид. Турайлбал, нийгмийн чанартай үйл­чилгээнээс хамгийн тү­рүүнд сургууль, цэцэрлэ­гийн хүрэлцээ таарууг эцэг, эхчүүд сайн мэдэх байх. Энэ хэрэгцээнд дө­рөөлөн ирэх онд Улаан­баатарт шинээр есөн сургууль, 11 цэцэрлэг, спортын дөрвөн цогцолбор барина. Хотын төсвийн мөнгөөр 4-5 цэцэрлэг барина. Намаржин эцэг, эхчүүд цэцэрлэг хайж, дугаарладаг бол­сон. Энэ бол цэцэрлэгийн хэрэгцээ, эрэлт өссөний дохио. Төлөөлөгчид маань энэ ажлыг сэдлээ. Дээр нь бага сургуулиудыг хороо бүрт байгуулна.

-Яагаад заавал бага сургууль байгуулна гэж?

-Багачуулыг хол газар унаагаар удаан явуулах­гүй. Дээр нь гэр, эцэг эхэд нь ойрхон сургуультай болговол аюул бага гэж тооцлоо.

-Бага сургуультай болоход газрын асуудал гарна биз дээ?              

-Газрын асуудлыг шийд­нэ. Шинээр бага сур­­гууль барьснаар дунд сургуулийн хэтэрсэн ачааллыг бууруулж, анги, танхим сулрана. Сурагч­дын 40-50 хувь нь бага ангийнхан байдаг учраас ингэж зохион байгуулна. 

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт 16 их наяд төгрөг суулгасан. Энэ мөрөөдөл үү. Мөнгө яаж босгох вэ?

-Энэ бол хотод хийх ёстой ажлын санхүүгийн төсөөлөл гэж ойлгоорой. 16 их наяд төгрөгийг ирэх дөрвөн жилийн дотор олж зарцуулан цаашаа най­ман жил үргэлжлэх төсөл юм. Улаанбаатарт улсаас 273 тэрбум төг­рөгийн хөрөнгө оруулж байна. Хот өөрөө 233,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Энэ мөнгийг хотын аж ахуйн нэгж, иргэд болон олон төрлийн татвараас олж авна. Энэ бүхнийг нийлүүлэхэд 600 орчим тэрбум төгрөгийн төсөв гарч байна. Хөгжлийн банкны зээл, Хятадын Засгийн газрын удаан хугацаатай зээлийн санүүжилт зэргээр 600 орчим тэрбум төгрөгийн төсөв бүрдэнэ. Засгийн газраас гадаад зах зээлд сая 1,5 сая ам.долларын бонд гаргалаа. Үүнээс Улаанбаатар хэрэгжих төсөл, хөтөлбөр бий байх. АХБ, Дэлхийн банк зэрэг санхүүгийн байгууллагаас хоттой харилцах хандлага эерэг байгаа. Тодорхой төслүүдийг санхүүжүү­лэхээр амласан. 

-Ирэх онд зам барихад их мөнгө төсөвлөжээ. Тен­дерт ялаад замаа ба­риа­гүй тохиолдол ?мн? нь гарч байсан, ирэх жил хэрэгжиж чадах уу?

-Улаанбаатарт ирэх жил 100 гаруй км зам ба­рина. Улсын төсвөөр 86 км, хотын төсвөөр 40 ор­чим км зам тавина. Гол нь гэр хороолол болон орон сууцны доторх замуудыг засч, шинэчлэнэ. Хот зай багатай тул шинэ зам тавихад хэцүү. Налайх хүртэл, Нарантуулын ур­дуур Дүнжингарав худал­дааны төвөөс Улиастайн гүүр хүртэл зургаан км зам тавина. Богд Уулын арын 17 км, Яармагийн 13 км замыг барина. Аль ч улс, хотод зам сайн тавихад түүнийг дагаад нийгэм, эдийн засгийн байдал илт сайжирдэг. Бараа, бүтээг­дэхүүний үнэ буурдаг.

 

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРСОН АЙЛУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

 

-Гэр хорооллыг тохи­лог сууцтай болгох ажлыг ирэх жил хийж амжих уу?

-Утааны эх үүсвэр нь гэр хороолол юм. Том улстөрч хүн том зорилт тавьдаг. Малыг нь иргэдэд өгье гэсэн. Орон сууцыг нь хувьчлая гэлээ. Иргэ­дийг гадаад паспорттой болгоё гэсэн шиг Улаан­баатар хотын гэр хороол­лыг орон сууцжуулна. Энэ бол улс төрийн болон нийгмийн том зорилт юм. Ийм зорилтыг зориглон гаргаж тавьж хэрэгжүүлэх гэж байгаа нь бусдаас давуу тал юм. Бүтээн байгуу­лал­тын энэ том төслийг иргэд дэмжиж байна. Гэр хо­роол­лын дахин төлөвлөл­төд орсон айлуудад дэмж­лэг үзүүлнэ. Инженерийн шу­гам сүлжээг нь ойр­туулж өгнө. Ажилтай болоход туслаж, моргейжийн зээл олгоно. Гэр хорооллыг да­хин тө­лөвлөх ажил маань иргэ­дийн санаачлагаар л урагш ахиж байна. Зургаан газар дахин төлөвлөлтөд ороод инженерийн шугам сүл­жээгээ барих ажил эхлэ­­хэд бэлэн болсон. Дахин төлөвлөлтөөр гэр хороо­лолд хэсэг газрыг чөлөөлөх шаардлага гарна. Орон сууцны байруудыг тэнд барина. 

-Өмнөх Засаг даргын сүр дуулиантай эхлүүлсэн долдугаар хорооллын ажил яагаад сураг алдрав. Та бүхний бодлого зөрөөд дэмжсэнгүй юу?

-Тэр ажил завхарсан. Иргэдээс ам метр газрыг нь 100 мянган төгрөгөөр үнэлж авсан. Газрыг нь аваад үнэтэй орон сууцанд оруулж иргэдээс нэмж мөнгө авчээ. Тухайн иргэн мөнгө нэмж төлж чадахгүй тул байшингүй, бүр газар­гүй болж орох оронгүй хоцорсон тохиолдол байна.

-Та бүхний бодлого яаж ялгарах вэ?

-Газрын үнэд тохирсон байшинг нь үнэ төлбөргүй өгнө. Тэр газраар нь бай­шинг бид тулж авч буй том ялгаа бий. Таны энэ ярилц­лагыг уншаад хү­мүүс хоёр даргын ажлын ялгааг ойлгох байх. Таны газрыг бид орон сууцаар сольж, худалдаж авна. Бид иргэдийг хохироохгүй.

-Барилгын компаниуд та бүхний энэ ажлыг дэмжих үү?

-Барилгын компаниуд энэ ажлыг дэмжихгүй байх үндэс алга.

-Яагаад ийм итгэлтэй байна вэ?

-10 айлын газарт 15 давхар 150 айлын орон сууц барина гэж бодъё. Тэр компани 10 айлын газрын үнэд тааруулсан байр өгөөд үлдсэн нь тэдний ашиг болно. Тэд газрын үнийг тэгж төлж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Орон сууц олноор босгох юм бол цахилгаан, дулааны хангамж, эрэлт нэмэгдэх байх. Дэд бүтцийн асуудлыг ирэх онд хэрхэн шийдэх вэ?

-Дэд төвүүдийг бай­гуул­на. Өндөр байшинтай жижиг хорооллыг ирэх онд барина. Инженерийн бүх шугам сүлжээгээ тийш татна. Зам тавина. Түүний доогуур цэвэр, бохир усны шугамыг хангалттай хэм­жээгээр барина. Тэндээс салаалан гэр хорооллын бичил шугамыг татах юм. Энэ бүхнийг нэг амьсгаа­гаар хийчихгүй. Манай сөрөг хүчин энэ их эрчтэй ажлыг өөдрөг бус байд­лаар хараад байгаа юм. Мөрөөдлөө ажил хэрэг болгодгийг харуулна. Сая­хан болсон орон нутгийн сонгуулиар бидний явуу­лах бодлого бүрэн дэм­жигд­лээ. Энэ сонголтод бид урамшиж гэр хороол­лын дахин төлөвлөлтийг ойрын жилүүдэд улсад хийгээгүй гайхалтай бүтээн байгуулалт болгоно.

-Газаргүй иргэдэд та бүхэн ямар боломж олгох вэ. Хашаагаа хатгаагүй цаасан дээр өмчилсөн, эзэмшиж буй газрыг нь хотын дарга хуу хамж авна гэсэн мэдээлэл явах юм?

-Тийм юм байхгүй. Засгийн газраас газрын үнэлгээг тогтоосон. Хотын төвд нэг га газар 440 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл олон ком­пани хотын төсөвт мөнгө төлөлгүй А зэрэглэлийн бүсэд хэдэн га газар ав­чих­сан байна. Хууль бу­саар авсан газрыг хураана. Яагаад төсөл сонгон шалгаруулаагүй юм бэ. 440 сая төгрөгөө ямар учраас тэд төлөөгүй мултрав. Мөнгө төлөлгүй хотын төвд авсан газрын судалгааг бид хийгээд 80 хувьтай явж байна. Үнэхээр тухайн газраа зориулалтаар нь ашиглаж байвал газрын үндсэн үнийг төл гэж шаардана. Урьдчилсан тооцоогоор 2011 оны төсвийн хэмжээ­ний мөнгийг газраас бид хурааж авах боломжтой. 110-120 орчим тэрбум төгрөгийн газрыг арын хаалгаар өгчихсөн байна. Иргэнд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрыг буцааж авах ямар ч үндэс байхгүй.