Ч.ҮЛ-ОЛДОХ
Барилга барьж буй газартаа иргэдийг түгшээж, уур бухимдал түгээж явдаг барилгын компани бол “Жигүүр гранд” групп. Хаана хууль зөрчиж, хүн зодсон, иргэдийн эрх ашгийг хохироосон, байгаль орчны тэнцвэрийг алдагдуулсан гэх мэдээлэл гарна, тэнд тэдний нэр дурьдагдаж байдаг. Гэвч хэн ч хариуцлага тооцдоггүй, иргэд гомдол гаргасан ч АТГ-аас эхлээд хүлээж авах газар олддоггүй, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарлаа гээд алдаагаа засахгүй атлаа залруулга хийгээд сууж байдаг арилсан дотортой, ширэн нүүртнүүд тэднээс өөр байхгүй. Даварсан “Жигүүр гранд” группынхны тухай эрэн сурвалжилснаа хүргэе.
Зайсангийн амны төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг, хот төлөвлөлт албан ёсоор хийгдээгүй, барилга барих хууль ёсны зөвшөөрөлгүй газарт олон компани бүтээн байгуулалт нэрийн дор байшин барьж байна.
Тэдний нэг нь “Жигүүр гранд” групп гэдгийг нийслэлчүүд андахгүй. Тус групп Зайсангийн аманд “Хунгийн хотхон”, “Luxury”, “Zaisan village”, “Гэгээнтэн”, “Зайсан лакшери-1” зэрэг орон сууцны хороолол барьсан. Өдгөө “Мазар” компаниас авсан газартаа “Зайсан лакшери-2” хотхоноо үргэлжлүүлэн барьж байгаа юм. Харин бидний “Хүүхдийн хорих” гэж нэрлэдэг Нэгдсэн хорих 401 дүгээр ангийг тойруулан давуу эрхтэйгээр барилга барьж, тэр бүү хэл хашаан дотуур нь нүх ухаад кабель татчихсныг тийм ч олон хүн мэдэхгүй байгаа болов уу. Учир нь энэ талаар одоогоор хэн ч асуудал хөндөөгүй, хэл ам таталсан мэдээлэл ч тэр бүр гарсангүй. Тиймээс эндээс сурвалжлагаа эхлэхийг зорилоо.
Юуны өмнө холбогдох байгууллагуудаас Хорих ангийн хашаан дотуур ямар компани кабель татсан тухай асуухад хэлж өгөх хүн олдсонгүй. Сурвалжлага бэлтгэх явцад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанид хэд хэдэн удаа хандсан боловч үүдний жижүүрээс цааш нэвтрэх эрх өгсөнгүй. Уг нь тухайн асуудлыг хариуцсан байцаагчаас нь тодруулахыг хүссэн минь тэр. Төрийн өмчит тус компани зөвхөн хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хариу өгдөг гэнэ. Хэвлэлийн төлөөлөгч нь хөдөө явсан тул ирээгүй, ирэхээр нь асуу гэхчлэн буцаасаар сүүлдээ залхав. Ингээд утасны дугаарыг нь олж аваад залгав. Дотоод сүлжээгээр нь холбогдож, хяналт, шалгалт хариуцсан байцаагч нарыг нь эрсэн ч бас олдсонгүй. Их төлөв “Гадуур ажилтай яваа” гэсэн хариултаар ам таглах юм. Хяналт, шалгалт хариуцсан нэр бүхий албан тушаалтнууд ч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин нэрээ хэлэхийг хүсээгүй, хариуцлагатай албан тушаал хашдаг нэгэн эрхэм “Тухайн байгууллагын хашаан дотуур нүх ухаж, кабель татсан бол тэр байгууллагын зөвшөөрлөөр хийгдэж байгаа ажил байх” хэмээн баахан булзааруулсны эцэст “Гэхдээ холбогдох байгууллагад заавал мэдэгдсэн байх ёстой биз дээ” гэсэн асуултад “Тэр ч тийм” гэсхийгээд харилцуураа тавив.
Кабель утасны учгийг хөөсөөр Хорих ангийн жижүүрээс асуухад “Бид мэдэхгүй” гэсэн хариу өгөв. Тэгэхээс ч аргагүй биз, дарга нарынхаа дээгүүрээ ярьж шийдсэн асуудлыг тэд яаж мэдэхэв. Харин нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан нь “Жигүүр Гранд” групп кабель татсан хэмээн хариуллаа. Тэр хавийн иргэдийн хэлж буйгаар бол дээрх ажил ШШНЕГ-ын дарга М.Ганхүүгийн үеэс хэрэгжсэн гэнэ. Ийнхүү Хорих ангийн хашаан дотуур нүх ухан, кабель татаж орон сууцны хороолол сүндэрлэж байна. Хорих ангийн хашаан дотуур нүх ухаж кабель татсан хэргийн эзэн нь “Жигүүр гранд” мөн эсэх, тэрхүү шугам нь албан ёсны зөвшөөрөлтэй, эсэхийг судалж тогтоох гэсэн оролдлого энэ хүрээд өндөрлөв. Тэгвэл, түүнтэй шууд бус ч гэсэн ямар нэгэн байдлаар холбоотой, магадгүй зөвшөөрөлгүй гэдгийг нь батлах өөр нэгэн баримт байна. Тэр нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн намар гаргасан “Нийслэлд зөвшөөрөлгүйгээр баригдаж буй барилгын судалгаа” юм. Нэр бүхий компани, иргэн, аж ахуйн нэгжийн барьж буй 172 барилгыг хамарсан жагсаалтын 44-45-д Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, Хорих ангийн баруун талд “Жигүүр гранд” группын барьж байгаа “Зайсан-I” орон сууцны өргөтгөлийн IV ээлж буюу 72 айлын орон сууц, мөн Хорих ангийн зүүн хойд талд барьсан “Хунгийн хотхон” орсон байна. Барьсан барилга нь зөвшөөрөлгүй гээд хар дээр цагаанаар бичигдсэн байгаа юм чинь түүн рүү татсан кабелийн шугам нь зөвшөөрөлгүй байж таарна.
Сүүлийн үед Зайсангийн аман дахь орон сууцны хороолол өргөжсөөр Хорих ангийг нүүлгэх бичигдээгүй шийдвэрт хүргэсэн гэлцдэг. Бүхэл бүтэн Хорих ангийг нүүлгэх хэмжээнд аваачна гэхээр Зайсангийн амны байгаль орчныг сүйтгэчихээд хариуцлага хүлээлгүй өнгөрч байгаад гайхах юмгүй мэт. Тэр бүү хэл, нэгэнт барьчихсан хорооллыг төр засаг ч, иргэд ч хүчээр нурааж дийлэхгүй. Тиймээс холбогдох яам, газар нь харин Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсийг шинээр тогтоох хэрэгтэй. Хамгаалалтын бүс тогтоолгох улс төр, бизнесийн лобби бүлэг ч байгуулагдсан гэх мэдээллүүд дуулддаг. Үүнд үндэслэн шуудхан хэлэхэд, мөнгө, эрх мэдэл хосолсон авлига үнэртэж байна, тэндээс. Энэ ганц “Жигүүр Гранд” бус өвгөд дээдсээс зарлигаар дархалж, хойч үеийнхэн төрийн тусгай хамгаалалттай бүсээр зарлаж хуулиар баталгаажуулсан Богдхан уул, Зайсан орчмыг байшингаар дүүргэсэн барилгын бүх компанид хамаарч буйг Монголын 2.7 сая хүн нэгэн дуугаар хэлнэ.
“Жигүүр гранд” группын орон сууцны хотхон барьж буй Хан-Уул дүүргийн XI хорооны иргэд “Бидний эрх ашгийг байнга хохироож байдаг. Энэ тухай хэвлэл, мэдээллийнхэн газар дээр нь ирж сурвалжлаад ч нэмэргүй. Эрх баригчид сохор, дүлий мэт байдаг” хэмээн гомдоллож байна. Тухайлбал, өнгөрсөн оны хичээлийн шинэ жилийн эхээр тэр хавийн хүүхэд багачууд шар өвчнөөр өвчилсөнд “Жигүүр гранд” групп буруутай. Одоо ч хөрсний бохирдол ямар нэгэн хэмжээгээр бий гэв.
Юу болсныг тодруулахад, тэд 54 айлын “Zaisan Village” хотхоноо барих явцдаа бохирын цооногийг ухаж, шороог нь ил задгай овоолсон гэнэ. Бохирын цооног ямар учиртай талаар түүх сөхвөл, 1947 онд Халдвартын эмнэлэг Улсын төв эмнэлгээс салбарлан Богд уулын аман дахь Зайсан толгойн дэргэдэх Зөвлөлтийн цэргийн эмнэлгийн байранд байгуулагдаж байсан. Үүнээс хойш 30 гаруй жилийн дараа Халдвартын эмнэлэг нүүж, түүний оронд Сүрьеэгийн эмнэлэг үйл ажиллагаа явуулах болжээ. Удалгүй тус эмнэлэг Халдвартын эмнэлэгтэй нэгдэж, оронд нь Хорихын эмнэлэг үйл ажиллагаа явуулах болсон байна. Тухайн үед бохирын нэгдсэн шугаманд холбогдоогүй байсан учраас тэрхүү нян бактерын үүр уурхай бий болсныг иргэд хэлж байна. Тэрхүү “уурхай”-г “Жигүүр гранд”-ын ажилчид ухаж, шороог нь айлын хашаанд буулгаснаар өвчин дэгдэх гол нөхцөл бүрдэж олон хүүхэд шар өвчнөөр өвджээ. Бохир, нянтай шороог ачих үүргийг тухайн үед НМХГ-аас өгч байсан ч тэд огтхон ч тоогоогүйг зарим нь хэлэв. Ингээд тус хорооны иргэд “Богд уулыг аврах уугуул иргэдийн холбоо” ТББ-ыг байгуулж, хөрсний шинжилгээ хийлгэхээр холбогдох газарт нь хандсан ч манай улсад албан ёсны хөрсний шинжилгээ хийдэг газар байхгүй гэдэг шалтгаанаар иргэд, оршин суугчдын гомдол хаалганы гадна үлджээ. Хан-Уул дүүргийн XI хорооны Мөнх зайсангийн II хэсгийн 83 өрхийн 200-гаад иргэн тухайн үед гарын үсгээ зурж, дүүргийн Засаг даргадаа нөхцөл байдлын талаар дуулгахад “БОАЖЯ-нд ханд” гэсэн бол салбарын яам ямар ч хариу өгөөгүй гэнэ. Тэр бүү хэл сургуулийн багш нар нь шар өвчин гарсан талаар мэдээллийг нууж хааж байсан тухай тус хороонд 40 гаруй жил амьдарч байгаа өөрийгөө Б.Сувд хэмээн танилцуулсан эмэгтэй хэлэв. Хүүхдүүд шар өвчнөөр өвчилснөөс гадна “Жигүүр гранд” группын барилга барихаар ухсан нүхэнд хүн унаж нас барсан гэх мэдээлэл хоёр жилийн өмнө дуулдаж байсан удаатай. Мөн Богд уулын ам жалганд тулгаж барилга барьснаас орон сууцны гараашууд үерт автаж, нэр хүндтэй олон эрхмийн ганган төмөр хүлгүүдийг “будаа” болгосон гэх асуудал шүүхээр явж байсан билээ.
Үргэлжлэл бий.