Н.МӨНХЖИН
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода парламентаа тарааж, хугацаанаас өмнөх сонгууль явуулах шийдвэр гаргалаа. Тэрээр зайлшгүй байдалд орж ийм шийдвэр гаргасан ба ирэх сонгуулиар Ёшихико Нодагийн тэргүүлдэг Ардчилсан нам парламентад олонхийн байр сууриа алдаж, Нода өөрөө Ерөнхий сайдын суудлаасаа огцрох нь бараг тодорхой болоод байна.
Лондоны “Economist” сэтгүүл Нодагийн шийдвэрийг “Камиказе” хэмээн нэрлэжээ. Нода болон Ардчилсан намын нэр хүнд доошоо орсноор ирэх сонгуульд амжилт олох ямар ч найдваргүй болоод байгааг нэр хүнд бүхий сэтгүүлд онцолсон байна. Наран улсад Засгийн газрын тэргүүн нь жил болов уу үгүй юу огцордог жишиг ийнхүү үргэлжлэх бололтой. Тус улс сүүлийн зургаан жилд зургаан Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Ардчилсан намынхан эрх мэдэлд гараад гурван жил болохдоо гурван Ерөнхий сайдыг огцруулаад амжсан аж. Эдүгээ долоо дахь Ерөнхий сайдын ээлж ирээд байгаа ба энэ нь ардчилагчдын гол өрсөлдөгч Либерал ардчилсан намаас сонгогдох бололтой.
Парламентыг тараах Нодагийн шийдвэрийг гадаадад түүний түргэн зантай холбон тайлбарлаж байна. Парламент дээр төсвийн асуудлаар болсон мэтгэлцээн дээр либерал-ардчилагчдын лидер Шинзо Абэ ард түмэнд шийдэх эрхийг олгох санал дэвшүүлжээ. “Улс орныг эдийн засгийн хүндрэл, дефляцаас хэн нь илүү сайн татаж гаргахыг ард түмэн шийдэг” хэмээн Абэ хэлсэн байна. “Тийм болог. Би амлалтаа биелүүлж байна” хэмээн Ерөнхий сайд Ёшихико Нода мэдэгдээд парламентыг тараах шийдвэр гаргажээ.
Парламент түүний санал болгосон төсвийн хууль буюу татварыг нэмэх саналыг баталвал Нода хугацаанаас өмнөх парламентын сонгуулийг зарлах амлалтыг өрсөлдөгч нартаа өгөөд байсан аж. Үүнээс гадна Нода хүн амынх нь тооноос хамааран сонгуулийн тойргуудыг дахин хуваарилах талаар тохиролцоонд хүрээд байсан юм.
Либерал ардчилсан намын лидер Шинзо Абэ дээрх хоёр асуудлаар тохиролцоход гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тиймээс парламентын шинэ сонгуулийг зарлах Нодагийн шийдвэр зайлшгүй байсан ажээ. Улс төрийн тооцоо ч байсан бололтой. Сонгуульд бэлтгэх хугацаа богинохон байгаа нь Японы улс төрийн тавцанд шинээр гарч ирж байгаа намуудад сурталчилгаагаа явуулах хангалттай хугацааг өгөхгүй нь ойлгомжтой. Ардчилсан нам, Либерал ардчилсан нам хоёр үндсэрхэг уриа дуудлагыг ашиглан, Япон, Хятадын газар нутгийн маргааны дэвсгэр дээр оноо авахаар чармайж байна.
Ардчилагчид болон либерал-ардчилагчид сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж, парламент дахь суудлынхаа тоог хуваарилах ажилд ханцуй шамлан ороод байгаа аж. Эдийн засгийн сайдын хэлж буйгаар, цөмийн эрчим хүч ашиглах эсэх, эдийн засгийг зогсонги байдлаас гаргах зэрэг цөөхөн хэдэн сэдэв дээр л сонгуулийн өмнөх кампанит ажил төвлөрөх бололтой. Ялангуяа Фукушимагийн гамшгийн дараа эрчим хүчний аюулгүй байдал япон иргэдийн сэтгэлийг зовоох болсон билээ.
Энэ хоёр намынхан цөмийн цахилгаан эрчим хүчийг үргэлжлүүлэн ашиглахын төлөө байгаа. Санхүү, эдийн засгийн бодлого дээр ардчилагчид татварыг нэмэхийн төлөө байна. Тэд томоохон дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтыг багасгах замаар нийгмийн хөтөлбөрийг хадгалан үлдэхийг хүсч байгаа юм. Харин либерал-ардчилагчид дэд бүтцийн төслүүд нь эдийн засгийг хөхиүлэн дэмжинэ хэмээн үзэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хөгжилд зарцуулж буй мөнгийг багасгах ёсгүй хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ тэд улсын төв банкин дээр тавих хяналтыг нэмэгдүүлж, мөнгөний эргэлтийг өргөтгөхийн тулд төв банкийг идэвхтэй ашиглах саналтай байгаа аж. Ийм замаар дефляцийг зогсоох бололтой.
Парламентын шинэ сонгууль арванхоёрдугаар сарын 16-нд болохоор төлөвлөгджээ. Япон улс, япон иргэд Зул сар, шинэ жилийг шинэ Засгийн газартай угтахаар зэхэж байна.