Хятад, Орос хоёр мөнхийн анд нөхөд болоход бэлэн. Тэдэнд юу саад болж байна вэ?

Владимир Кулагин

Хятадуудыг өөрчлөлтөд, үгүйдээ гэхэд эрс өөрчлөлтөд дургүй гэдгийг нийтээр мэднэ. Харин Орос улс тогтвортой байхыг эрмэлзэх боловч сүүлийн зуун жилд дайн дажин, ээлж дараалсан улс төр, эдийн засгийн хямрал бүхий донсолгоог амсаж эдэлж байна. Гэсэн ч хоёр улс хөрш зэргэлдээ оршдог, бүс нутагтаа асар их нөлөөтэйн хувьд хоёр талын ашиг сонирхол байдаг бөгөөд бүрэн дүүрэн хамтын ажиллагаа тогтоохыг эртнээс хичээсээр ирсэн билээ. Эдгээр оролдлого, хичээл зүтгэл хэр зэрэг амжилттай болж байгаа талаар “ОХУ ба БНХАУ: шинэ эриний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хуралд оролцогчид хэлэлцэв. Дипломатууд, нэр хүндтэй шинжтэй шинжээчдийн хэлсэн үгийг “Лента.ру”-гийн сурвалжлагч анхааралтай сонсож, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын аль алинд хамтын ажиллагаа нэг л олигтой сайн болж бүтэхгүй байгаад итгэж үнэмшсэн ажээ. “Өнө мөнхийн найрамдал”-ын тухай сүртэй мэдэгдлүүд өөрчлөлтийн эрин үед явц муутай байна.

Дээрээ гал халуун-доороо цэв хүйтэн

Нэр хүндтэй зочид москвагийн Lotte Plaza зочид буудалд цугларсан нь болж байгаа үйл явдалд хошигносон өнгө аяс нэмэрлэжээ. Учир нь 2017 онд Өмнөд Солонгосын Lotte брэнд өөрийн мэдлийн гольфын клубын эзэмшил газрыг Засгийн газартаа шилжүүлэхийг зөвшөөрч, улмаар цаашдаа тэр газарт Америкийн пуужин эсэргүүцэх THAAD цогцолбор байрлуулах болсны улмаас тус компани БНХАУ-д ихээхэн шүүмжлэлийн галд өртжээ. Түүнээс хойш тус компанийн Хятад дахь бизнес балран унаж, олон зочид буудал, дэлгүүрүүд хаагдаж үүдээ барьсан юм байна.

Юутай ч, зохион байгуулагчдын бодож төлөвлөсөн хүсэл зориг нухацтай гэдэгт эргэлзэх шаардлага гарсангүй: оросын талын зохион байгуулагч нь Олон улсын ажил хэргийн оросын зөвлөл (РСМД) байсан бол хятадын талаас БНХАУ-ын шаталсан тогтолцоогоор бол техникийн хүрээлэнгүүдийг оролцуулаагүй Оросын шинжлэх ухааны академитэй зүйрлэж болохоор эрдэм шинжилгээний өргөн цар хүрээ бүхий төвүүдийг төлөөлсөн Хятадын нийгмийн ухааны академи (КАОН) зохион байгуулж байгаа ажээ.

Бага хурлыг нээж, Олон улсын ажил хэргийн оросын зөвлөлийн ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд асан Игорь Иванов мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Тэрээр дэлхий дахины нөхцөл байдал туйлын нарийн төвөгтэй байгаа, глобал асуудлуудыг шийдвэрлэхэд Хятад улстай хамтарч ажиллахын чухлыг дипломат байдлаар онцолж тэмдэглэв. Дараа нь засгийн газрын даргын орлогч Максим Акимов удиртгал үгийг уншсан бөгөөд хоёр орны хооронд бараа эргэлт 2018 онд 108 тэрбум долларын шинэ дээд хэмжээнд хүрснийг тэмдэглээд хоёр дахин нэмэгдүүлэх дараагийн зорилт дэвшүүлэв. Харьцуулж авч үзвэл: - Хятад, АНУ-ын хооронд 634 тэрбум доллар юм байна.