Ж.ЦОГЗОЛМАА
Ажил дээр ч гэрт ч хаана ч гэсэн бухимдуулах зүйлс мундахгүй. Таны гаргасан санааг өөр хэн нэг нь өөрийн хөрөнгө болгоод өөрийнхөө зохиосон зүйл гэж зөрүүдлэвэл хэний ч дургүй хүрэх нь мэдээж. Энэ тохиолдолд тэдэнд эсэргүүцлээ хэрхэн илэрхийлж, ялалтыг ухаалгаар байгуулах арга нь юу байх вэ. Хэрэлдээд, хашгичаад байх уу?
Бид уурласан үедээ ухаанаа алдаж, өөрийгөө удирдах чадамжгүй болдог учраас уурласан хүмүүс маргаанд ялагдал хүлээх нь олон байдаг.
Ийм учраас маргаанд ялахын тулд юун түрүүнд та юу хүсч байна, нөгөө тал бас ямар зорилготой байгаад анхаарлаа хандуулах нь чухал юм. Эелдэг байх нь чухал. Гэхдээ тэгтлээ сайхан хандах гэж хичээх хэрэггүй юм. Яагаад гэвэл та бууж өгсөн аятай, хэний ч гутлаа арчаад хаядаг халтар алчуур шиг зөөлөн аашлаад байвал эсрэг тал чинь таныг ядах юмгүй даваад гарчихна. Харин амжилттай хүмүүс маргааны үеэр баримт болон тухайн болсон үйл явдалд төвлөрдөг. Тиймээс амжилттай хүмүүсийн маргаанд ялах таван чухал зарчмыг хуваалцаж байна.
1.Баримтыг гол болго
Маргаан эхлэхээс авахуулаад л өөрөөсөө “Би баримтыг сонгох уу, үзэл бодлыг сонгох уу” гэж асуугаарай. Энэ агшинд та ухаалаг нэгэн бол яах аргагүй баримтад тулгуурлахыг сонгох болно. Обьектив зүйлд тулгуурлан маргааныг үргэлжлүүлэх нь субьектив хандлагатай маргалдагчаас хамаагүй хүчирхэг байдлыг танд бий болгох болно. Харин бодлоо тулгаж, өөрийнхөө дотор байгаа санаа сэдлээр маргаанд хандвал энэ зөвхөн таны мэдрэмжээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Юу бодож байгаагаа илэрхийлэхээс татгалзаж, баримтад тулгуурлан ярьж эхэлбэл сөргөлдөгч тал чинь аргагүйн эрхэнд таны шийдвэрийг дагах болно.
2.Хүмүүст юу хийхийг нь бүү заа
Хэн ч өөрт нь тушааж, заавардахыг тэвчихгүй л болов уу. Тиймээс хэнд ч бүү зааварла, тушаа. “Тэгэх ёстой”, “Ингэх хэрэгтэй” гэсэн үгсийн оронд “Ингэчихвэл гоё”, “Тэгмээр л санагдах юм” гэж ярьвал илүү ухаалаг, ойр сонсогдож байгаа биз.
3.“Чи” гэдэг үгнээс татгалз
“Чи” гэж чичилж ярих нь маргааны үеэр сөргөлдөгч талаа илүүтэйгээр буруутгаж байгаа мэт хандлагыг шууд бий болгодог. “Чи” гэж хэн нэгнийг буруутгах гэж байгаа бол эхлээд цаасан дээр бичээд үзээрэй. Ингэхдээ бичсэн өгүүлбэрээсээ өнөөх муу нэртэй “Чи” гэдэг үгийг хасаад үзээрэй. Хамаагүй хөнгөн уншигдаж байгаа биз.
4.Зорилгоо бүү март
Амжилттай хүмүүс өөрсдөөсөө үргэлж “Үүнийг хийснээр би хариуд нь юу авахыг хүсч байна вэ” гэж асуудаг. Өөрийгөө том зургаараа харж, өөртөө юу хүсч буйгаа сануулж, алс хэтийн төлвөө бодож шийд гаргаж байгаарай. Маргааны үеэр таны зөв байсан ч энэ нь алсдаа танд таны мөрөөдөж, хүсч байсан тэр газарт хүргэх алхам мөн үү гэдгийг юугаар баталж байна вэ гэдгийг бодоод үзээрэй. Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа таныг тогтвортойгоор амжилтанд хүргэх талбар, зорилго юу билээ гэдгээ бүү март.
5.Бусдын оронд өөрийгөө тавьж үзээд, тэдний зорилгыг ч бас бодолц
Өөрийгөө нөгөө хүнийхээ оронд тавиад үзээрэй. Тэр хүн яагаад ингэж гэв гэнэт аашлах болов. Таны харилцаанд асуудал байсан юм биш биз. Амжилттай хүмүүс үзэл бодлоо тулгах, тушаал өгөх зэрэг нь харилцаанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг аж.
Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг хүмүүс баримтад тулгуурлаж, элдэв тушаал заавар өгөхөөс татгалзахыг нэн түрүүнд сонгодог байна. Түүнчлэн “Чи” гэдэг үгийг хэрэглэхээс зайлсхийж, зорилгоо үргэлж санаж явдаг. Амнаас нь унасан үг бүр ямар үр дүн авчрах талаар тэд байнга бодож явдаг байна. Энэ бүхэн нь сахилга батыг бий болгодог. Сахилга бат нь маргааныг эергээр шийдэхэд тань танд ухаалаг бөгөөд хүчирхэг зэвсэг болно.
Эх сурвалж: www.polit.mn