Н.МӨНХЖИН
АНУ-д Ерөнхийлөгчийн гэргий мэдээж өндөр нэр хүндтэй. Гэвч тэргүүн хатагтай нараас бие даан карьер хөөж улстөрч болсон нь Хиллари Клинтон юм. Сенатч, өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэдхэн хоногийн өмнө 65 насныхаа ойтой золгожээ. Тэр бол нөхрийнхөө улс төрийн замналд тусалж, “Моникагейт”-ийн үеэр түүнийгээ хаяж яваагүй мөс, чанартай эмэгтэй.
Хиллари Дайан Родхэм 1947 оны аравдугаар сарын 26-нд Чикагод оёдлын жижиг бизнестэй гэр бүлд төржээ. Тэр хоёр эрэгтэй дүүтэй. Хиллари багаасаа л оргил өөд тэмүүлсэн, сургуульдаа онц сурч, хэд хэдэн спортоор хичээллэсэн багш нарынхаа хайрыг татсан сурагч байв. Тэрээр, эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс юугаараа ч дутахгүй гэдэг зарчмыг бүх л амьдралынхаа туршид баримталсаар ирсэн юм.
Хиллари 1969 онд Чикагогийн Уэллесли коллежид улс төрийн шинжлэх ухааны эрдэмд суралцаж төгсөв. Дараа нь өндөр дээд нэр хүндтэй Йелийн их сургуулийн Хууль эрх зүйн факультетэд суралцаж 1973 онд докторын зэрэгтэйгээр дүүргэжээ. Оюутан байхаасаа л улс төр сонирхож эхэлсэн Хиллари өөрийн үзэл бодлоо “Консерватив санаа бодолтой ч зүрхэндээ либерал” хэмээн тодорхойлж байв. Эхлээд тэр Бүгд найрамдах нам руу ойртож байсан ч дараа нь Ардчилсан намд нэгдсэн байна.
1971 онд Йелийн их сургуульд Хиллари Родхам, Арканзасын хөдөөх эр Билл Клинтон нар бие биенээ олж, хайрын романс нэлээд хэдэн жил үргэлжлэв. Хэн хэн нь завгүй байдгийн улмаас шийдвэрлэх сонголтод саад болсоор байсан ч эцсийн эцэст Билл гэрлэх санал тавьжээ. Тэд 1975 онд гэрлэж Америкийн гурав дахь том хотын уугуул Хиллари алс бөглүү нутаг хэмээгддэг Арканзас руу нөхрөө даган явсан гэдэг.
Хиллари нөхөрт гарахаасаа өмнө төрийн албанд зүтгэж, тухайн үедээ Биллээс хурдан шат ахиж байв. Эхлээд Хүүхдийг хамгаалах санд, дараа нь Конгрессын төлөөлөгчдийн танхимийн аппаратад ажиллалаа. Арканзаст ирж суурьшсаны дараа орон нутгийн их сургуульд багшилж, 1976 онд хууль эрх зүйн Rose Law фирмд оржээ. Хиллари зөвхөн өөрийнхөө бус, бас нөхрийнхөө карьерт тус дэм болж байлаа. Билл бол саксофон тоглох дуртай, алиа хошин нөхөр л байсан. Өөр нөхөр заяасан бол түүний улс төрийн замнал хаашаа эргэх байсныг хэлэхэд хэцүү. Гэтэл гэнэт “цоорсон” Билл 32 насандаа Арканзасын амбан захирагчаар томилогдож 1993 он хүртэл энэ албыг хашсан юм.
Энэ бүх хугацаанд Хиллари Клинтон Арканзасын тэргүүн хатагтай байсан нь мэдээж. Тэрээр 1980 онд өлгийдөн авсан охин Челсигээ өсгөн бойжуулахын хажуугаар албан ёсны арга хэмжээнд оролцож, мужийн боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн эрхийн салбарт хууль боловсруулан, идэвхтэй ажиллаж байв. 1978 онд Хууль эрх зүйн үйлчилгээний корпорацийн удирдлагын гишүүнээр томилогджээ. Тиймээс Хиллари Цагаан ордонд ирэхээсээ өмнө улстөрч төдийгүй Америкийн хамгийн хүчтэй хуульчдын нэг болсон байлаа.
1992 онд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дуулиант ялалт байгуулж Америкийн 42 дахь Ерөнхийлөгч болсон билээ. Хиллари Клинтон бусад тэргүүн хатагтай нарыг бодвол үргэлж улстөрчийн шинж чанараа харуулж байсан юм. Тэрээр Ерөнхийлөгч нөхрийнхөө сүүдэрт яваад байхыг хүссэнгүй. 1986 онд Wall Mart-ийн Удирдах зөвлөлд багтсан Хиллари нөхрөөсөө долоо дахин их цалин авдаг байв. Хиллари дайчин, бууж өгдөггүй чанараараа Америкийн түүхэн дахь хамгийн нөлөө бүхийн тэргүүн хатагтай алдрыг хүртсэн юм.
1993 онд Билл гэргийгээ Эрүүл мэндийн шинэчлэлийн хорооны удирдагчаар томиллоо. Тэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг АНУ-ын иргэн бүр аваасай гэж хүссэн хэрэг. Гэвч томоохон компаниудын лоббичид шинэчлэлийг эсэргүүцэж, үр дүнд нь Хиллари огцорсон ч тэрээр “Сүүдрийн Ерөнхийлөгч” хэвээр үлдсэн. Түүний тайван, хэрсүү зан Биллийн сэтгэл хөдлөлтэй “тэнцэж”, Цагаан ордны эзэн бузгай сайн шийдвэр гаргадаг байсан гэдэг.
1998-1999 онд Хиллари амьдралынхаа хамгийн амаргүй цаг үеийг туулж өнгөрүүлсэн байх. Нөхрийнх нь араар нь тавьсан, хуурсан хэрэг явдлууд ар араасаа сөхөгдөж, Моника Левинский хэмээх Цагаан ордонд дадлагажигч бүсгүйтэй учирсан түүх нь Билл Клинтоныг Ерөнхийлөгчийн суудлаас нь золтой л аваад шидчихсэнгүй. Сэтгүүлчид нөхрийнхөө заваан явдалд гутарсан гэх Хилларийн санаа бодлыг сонсох гэж оролдоход тэрээр нөхрийнхөө талд бат зогссон билээ. Энэ цаг мөчөөс хойш Хиллари Клинтон америкуудын хайртай хүн нь болсон гэдэг.
2001 онд Билл албанаасаа бууж, Хиллари улс төрийн тавцанд бие даасан тоглолтоо хийхээр мордлоо. 2000 онд Нью-Йорк мужаас Сенатад түвэггүй сонгогдлоо. Гэвч Хиллари 2003 онд Иракт Америкийн цэргийг оруулахыг дэмжсэн нь шуугиан тарьж, тэрээр энэ талаар тайлбар хийхээсээ ч зайлсхийсэн юм.
2008 онд сенатч Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж, нам доторх сунгааг удаан хугацааны турш тэргүүлж байв. Гэвч ардчилагчид эцэст нь Барак Обамаг гаргаж ирсэн билээ. Удирдах дээд албанд олон жил болсон хийгээд сэтгэл хөдлөлгүй байдал нь олон хүнд таалагдаагүй гэж ярьдаг. Хожим нь Ерөнхийлөгч болсон Барак Обама илүү цоглог харагдаж байсан тул Ардчилсан намын сунгаанд ялсан аж. Ийнхүү Америк орон анхны мулат (хар, цагааны эрлийз) Ерөнхийлөгчөө угтан авсан билээ. Харин Хиллари Төрийн нарийн бичгийн дарга болсон юм.
АНУ-ын гадаад бодлогыг зангиддаг Төрийн департаментын тэргүүний ажлыг яриад дуусахгүй. Харин 2011 оны аравдугаар сард Ливийн удирдагч Муаммар Каддафийн үхлийн талаарх мэдээг сонсоод “Wow” хэмээн дуу алдсан Хилларийг олон ч хүн шүүмжилсэн. Өөрөөр түүнийг өөлөх юм байхгүй. 2012 оны зун Хилларийг Тбилисид ирэхэд Ерөнхийлөгч Саакашвили түүнд Гүржийн иргэний паспорт гардуулахад бодох юмгүй авч орхижээ.
Америкийн улс төрийн анхны “Төмөр хатагтай” Хиллари Клинтон Ерөнхийлөгч болж чадаагүй ч АНУ-гийн хамгийн нөлөөтэй эмэгтэй улстөрчөөр зүй ёсоор нэрлэгдэнэ. Дэлхий дахинд бол Германы канцлер Ангела Меркель л түүний урд гишгэж байна. Амаргүй байсан ч олон зүйлд хүрч чадсан Хиллари Клинтон АНУ-д аль хэдийнэ үлгэр дууриал болжээ.