Н.МӨНХЖИН
Шотландын Эдинбург хотод тус бүс нутгийг Их Британийн бүрэлдэхүүнээс гаргах талаар бүх нийтийн санал асуулга явуулах хууль дүрмийг зохицуулах баримт бичгийг баталлаа. Шотландын салан тусгаарлагч үзэлтэй нам, хөдөлгөөнүүд үүнийг “Ялалт боллоо” хэмээн баярлан тэмдэглэж байна. Санал асуулга 2014 оны намар болох юм. Эдинбургийн тохиролцоонд гарын үсэг зурах ёслол төгөлдөр арга хэмжээнд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын Ерөнхий сайд Алекс Салмонд оролцжээ. Салмонд нь Шотландын Үндэсний намын (Scottish National Party, SNP) ээлж халаагүй лидер бөгөөд салан тусгаарлах эсэх бүх нийтийн санал асуулга нь түүний сонгуулийн өмнөх кампанийн нэг чухал амлалт байсан юм.
Батласан баримт бичиг ёсоор британи иргэдэд (англи, шотланд, уэльс, хойд ирландууд) “Та Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнээс тусгаарлаж салахыг дэмжиж байна уу” гэсэн ганцхан асуулт тавих ажээ. Иргэд зөвхөн “тийм”, “үгүй” хоёрын нэгийг нь сонгоно. Өмнө нь санал асуулгын хуудсан дээр Шотландын автономит эрхийг нэмэгдүүлэх эсэх тухай бас нэг асуулт байсан ч хэлэлцээний явцад Британийн эрх баригчдын шахалтаар энэ асуултыг хассан байна. Шотландын Үндэсний нам ч буулт хийсэн аж. Бүх нийтийн санал асуулгад хүн амын хамгийн радикал, үндсэрхэг үзэлтэй бүлэг болох 16 настнуудыг оролцуулахаар шийдвэрлэжээ. Санал асуулгын бусад нарийн ширийн зүйлийг дахин ярилцаж тохирохоор болсныг ВВС уламжиллаа.
Шотланд, Англи хоёр 1603 онд нэг хааны мэдэл дор нэгдэж, 1707 онд Их Британийн нэгдсэн улс байгуулагдаж байв. Тэр үед Англи, Шотландын үндэсний парламент тарж, нэгдсэн хууль сахиулах бүтцийг бий болгосон ажээ. Гэвч бараг гурван зууны дараа буюу 1997 оны бүх нийтийн санал асуулгаар Их Британийн иргэдийн 60 хувь нь Лондоны засаг захиргааны эрх мэдлийг Шотланд, Уэльс, Хойд Ирландын бүс нутгуудад хэсэгчлэн буцааж өгөхийн төлөө саналаа өгсөн байна. Ийнхүү Шотландын парламентыг байгуулах шийдвэр гарч шүүх, эрүүл мэнд, боловсрол, тээвэр зэргийг захирах эрх мэдлийг бүс нутагт шилжүүлэн өгчээ. Шотландын шинэ парламент 1999 оноос хойш ажиллаж байна.
Шотландын парламент оршин тогтноод арав гаруй жил болсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард Шотландын Үндэсний нам анх удаа олонхи болсон аж. Үндэсний намын зорилго бол Шотландын тусгаар тогтнол хэмээн удирдагчид нь дахин сануулж байна. Тус бүс нутагт энэ онд тусгаар тогтнолыг дэмжиж буй иргэдийг гарын үсгийг цуглуулах ажил эхэлжээ.
Шотландын эрэг орчимд Европын холбоон дотор маш томд тооцогдох нефтийн орд газар бий. Алекс Салмонд “Шотландын нефтийн ихэнх ашгийг Лондон авсаар байгааг зогсооно” хэмээн амласан билээ. Жилд 20 тэрбум долларын ашиг өгдөг энэ баялаг Шотландийг татаас, тусламжийн бүс нутгаас өөрсдийгөө хангагч бүс нутаг болгон хувиргах ажээ.