Б.БАРС
ОХУ-ын Стратегийн судалгааны институтын эрдэм шинжилгээний ахлах ажилтан И.Фролова БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж өндөрлөсөн “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнгийн талаар ингэж бичжээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СУУРЬ ТАВИГДАХ БОЛСОН НЬ
Бээжинд энэ сарын 14, 15-нд болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт БНХАУ-ын эдийн засгийн гадаад харилцаа дахь энэ жилийн томоохон хоёр үйл явдлын нэг нь юм. Нөгөөх нь ирэх есдүгээр сард Хятадын зүүн өмнөд хэсэг дэх Сямен хотод болох үүнээс дутахгүй цар хүрээтэй БРИКС-ийн дээд хэмжээний чуулга уулзалт билээ.
Сүүлийн хэдэн жилийн турш бид БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн гайхам амжилтуудын гэрч болохын дээр олон улсын тавцан дээр тус улсын гүйцэтгэх үүрэг, нэр нөлөө мэдэгдэхүйц нэмэгдэж үйл ажиллагаагаа дадал болсон хоёр талын бус олон талт хэлбэрээр идэвхжүүлж буйг харж байна. Дэн Сяопиний зарлан тунхаглаж Хятадын удирдагчдын олон үе даган мөрдөж байсан “чадвараа нуун дарагдуулах” стратегийн зарчим шинэчлэгдсэн, идэвхтэй, эрчимтэй хөгжих гадаад бодлогоор солигдох болжээ.
Дөрөв шахам жилийн өмнө БНХАУ “Нэг бүс, нэг зам” хэмээх өргөн хүрээтэй үзэл баримтлалыг санаачилсан билээ.
Хятад улс урьд өмнө байгаагүй олон оролцогчтой, бүс нутаг төдийгүй дэлхий дахинд их ач холбогдолтой уулзалт зохион байгууллаа.
Үүнээс үүдэн хоёр үндсэн асуулт урган гарч ирж байна. БНХАУ орчин үеийн ертөнцөд ямар байр суурь эзлэх ёстой гэж үзэж байна вэ? Тус улс “Нэг бүс, нэг зам” санаачилгадаа ОХУ-ыг ямар үүрэгтэй оролцуулахыг хүсч байна вэ?
Эдгээр асуултад хариулт олохын тулд Хятадын удирдагч Си Зинпиний мэдэгдлүүд, үүний дотор “Бүс ба зам” чуулга уулзалтын нээлт дээр хэлсэн үгийг анхааралтай судлах хэрэгтэй.
“БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
БНХАУ-ын дарга хэлсэн үгэндээ санаачилгыг дэвшүүлсэн цагаас хойш “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудтай хамтран ажиллахад гарсан үр дүнгийн талаар дурдсан юм. Си Зиньпин өдгөө 100 гаруй улс, олон улсын байгууллага тус санаачилгыг дэмжихээ илэрхийлж, 40 гаруй нь БНХАУ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсныг цохон тэмдэглэсэн. Хятадын компаниуд “Бүс ба зам” дагуух орнуудад 50 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 20 гаруй оронд эдийн засгийн хамтын ажиллагааны 56 бүс байгуулснаар 1.1 тэрбум ам.долларын татварын орлого оруулан 180 мянга гаруй ажлын байр бий болгожээ. Хятадын худалдааны хэмжээ 2014-2016 онуудад гурван их наяд ам.доллараас давсан байна. Энэ оны эхний улиралд гэхэд БНХАУ-ын “Бүс ба зам”-ын орнуудтай байгуулсан гэрээний нийт дүн 34 тэрбум ам.долларт хүрчээ.
БНХАУ-ын даргын үүнээс өмнөх мэдэгдлүүдээс Давосын эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлсэн үгийг онцлох нь зүй. Си Зиньпин дэлхийн эдийн засгийн хөгжилд Хятадын оруулсан хувь нэмрийг дүрслэхдээ 1950-2016 онуудад тус улс гадаад орнуудад 400 тэрбум юанийн тусламж үзүүлж, шинэчлэл, нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж эхэлснээсээ хойш 1.7 их наяд ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаас гадна гадаадад 1.2 их наяд ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийснийг цохон тэмдэглэсэн юм. Олон улсын санхүүгийн хямралаас хойш БНХАУ дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг дангаараар хангажээ. Ойрын таван жилд Бээжин найман их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 600 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татан гадаадад 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна олон улсын байгууллагууд дахь нөлөөгөө бэхжүүлэхийг эрмэлзэн БНХАУ арван жилийн хугацаанд ажиллах “Хятад-НҮБ-ын энх тайван, хөгжлийн сан”-г үүсгэн байгуулах шийдвэр гаргаснаа зарлан тус байгууллагын үйл ажиллагаанд зориулан нэг тэрбум ам.доллар гаргажээ.
Түүнчлэн “Бүс ба зам” олон улсын чуулга уулзалтын явцад БНХАУ-ын ойрын жилүүдийн төлөвлөгөөг тодорхойлсон юм. Түүний хэлснээр Хятад Торгоны замын санд нэмж 100 тэрбум юань олгож, Хятадын хөгжлийн төрийн банк, Хятадын экспорт-импортын банк “Бүс ба зам” санаачлагын хүрээнд дэд бүтэц, аж үйлдвэр, санхүүгийн хамтын ажиллагааг дэмжихэд тус бүр 250 болон 130 тэрбум юанийн зорилтот зээл олгохоор болжээ. БНХАУ ойрын гурван жилд “Бүс ба зам” санаачлагад оролцогч хөгжиж буй орнууд болон олон улсын байгууллагуудад хүн амын амьдралын төвшинг дээшлүүлэх зорилго бүхий шинэ төслүүдийг эхлүүлэхэд 60 тэрбум юань зарцуулж, хоёр тэрбум юанийн хүнсний тусламж үзүүлэн “Өмнөд-өмнөд” шугамын хамтын ажиллагааны тусламжийн санд нэр тэрбум ам.доллар өгөх ажээ. Түүнчлэн “Аз жаргалын голомт”-ын 100, ядууст туслах 100, “Бүс ба зам”-ын дагуух орнуудад эрүүл мэндийн 100 төслийг хэрэгжүүлж эхлэх юм байна. Тус санаачлагын хүрээнд хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудад нэг тэрбум ам.доллар өгөх аж.
БНХАУ-ын сүүлийн хэдэн арван жилд дэлхийн эдийн засагт оруулсан жинтэй хувь нэмэр болон ойрын үед хэрэгжүүлэх далайцтай төлөвлөгөө Бээжингийн дэлхий дахин дахь бодлого идэвхжих болсон нь санамсаргүй зүйл биш гэдгийг нотолж байгаа юм. Хятад дэлхийд эдийн засгийн хувьд нээлттэй болсны дараа гадаад бодлогодоо идэвхгүй байр суурь баримталсаар байх болно гэж хэн ч бодоогүй биз ээ.
Тус улс аугаа их гүрэн болохыг хүсдэггүй ч орчин үеийн дэлхий хөгжлийн дүрмийг бүрдүүлэхэд бусад гүрний хамт оролцохыг эрмэлзэж байна. БНХАУ өдгөө олон улсын бүхий л үйл хэрэгт идэвхтэй оролцон дэлхийн эдийн засгийн хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулдаг глобал түвшний хариуцлагатай гүрэн гэж өөрийгөө харах болов. “Бүс ба зам” олон улсын чуулга уулзалт зохион байгуулсан нь “Нэг хувь заяатай нийт хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийг барих” Хятадын стратегийн глобал үзэл баримтлалын чухал үе шатны нэг болсон гэж үзэж болох юм.
“Нэг хувь заяатай хамтын нийгэмлэг”-ийн концепцийн ерөнхий зарчмыг БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны хавар ОХУ-д айлчлах үеэрээ зарласан билээ.
Тус үзэл баримтлалыг Си Зиньпин илүү дэлгэрэнгүйгээр эхлээд бүс нутгийн түвшинд 2013 онд Боаод болсон Азийн эдийн засгийн чуулга уулзалт болон Индонезийн парламентад үг хэлэхдээ, хожим глобал төвшинд 2017 онд Женев дахь НҮБ-ын төв байранд үг хэлэхдээ танилцуулсан байдаг. БНХАУ-ын дарга тийм хамтын нийгэмлэг бүрдүүлэхэд түншлэлийн харилцааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэн экологийн эрүүл орчин бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Мэдээж хэрэг Бээжин бүх улс орон энх тайван, тэнцвэртэй хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагаа, бүх нийтэд ээлтэй үр шимийн тухай ярихдаа тодорхой хэмжээгээр романтик төсөөлөлтэй нь ажиглагддаг. Ялангуяа өнөөгийн олон улсын харилцаанд үүссэн тодорхой бус байдал, дэлхийн санхүү-эдийн засгийн хөгжлийн хүндрэл, эдийн засаг дахь протекционист хандлагын өсөлт болон экстремизм, терроризм, салан тусгаарлах үзэл зэрэг гурван “муу”-гийн үүсгэж буй хурцадмал байдал зэргийг бодолцоход энэ нь илт мэдрэгдэнэ.
ОХУ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ
ОХУ геополитикийн давуу байдлынхаа ачаар Хятадын санаачлагын хуурай замын хэсгийн хэрэгжүүлэлтэд чухал үүрэгтэй.
2016 оны зургадугаар сард Ташкент хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын байгуулсан гэрээний дагуу Хятад-Монгол-Орос гэсэн эдийн засгийн коридор барьж байгуулах хөтөлбөрийн тухай гэрээний дагуу Оросын зүүн хэсэгт шинэ авто болон төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Орос, Хятад, Монголын хилийн бүсийн хамтын ажиллагааны нөөцийг ашигласнаар гурван орны худалдааны эргэлтийг өсөн нэмэгдүүлэхийг зорьж байна.
Тувад Кызыл хотын нисэх буудлыг олон улсын статустай болгох шинэчлэл зэрэг хэд хэдэн дэд бүтцийн төслийг эхлүүлжээ. Улсын хэмжээний М-54 замыг Тувагийн баруун нутгаар үргэлжлүүлэн Хандгайт-Боршоо хүргэн Монголоор дамжин Хятадын хойд мужуудтай холбох ажил эхэлсэн юм. Эдгээр төслүүдэд Хятадын хөрөнгө оруулагчдыг оролцуулан 350 тэрбум рубль зарцуулахаар байна.
Гурван орны авто замын харилцаанд ч дэвшил гарсан. 2016 оны арванхоёрдугаар сард Орос, Хятад, Монголын хооронд Азийн авто замын (ЭСКАТО) олон улсын тээвэрлэлтийн гэрээ байгуулсан юм. Ингэснээр Оросын тээвэрлэгчид БНХАУ-ын ачааны баазуудад илүү чөлөөтэй нэвтрэх боломж нээгдэн цаг хугацаа, үнийн хэмнэлт гарахаар байна.
ОХУ-БНХАУ, БНХАУ-Монголын хил сүүлийн хоёр жилд Эрээн-Замын-Үүдийн ачааны эргэлт мэдэгдэхүйц нэмэгджээ. Хятадын статистикийн мэдээнээс үзвэл тус цэгээр өнгөрсөн экспорт, импортын хэмжээ дээд цэгтээ хүрч, энэ оны эхний улиралд даруй 20 хувиар өссөн байна.
Эдгээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх Бээжингийн гол зорилт нь Хятадын Европийг чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх явдал гэдэг нь тодорхой. Гэхдээ тээврийн дэд бүтцийг бүтээн байгуулах нь Оросын бүс нутгуудын хөгжилд түлхэц өгөхийг үгүйсгэж болохгүй.
Орос, Хятадын энэ санаачлагын хүрээн дэх хамтын ажиллагаа аль алийнх нь ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Учир нь Москва ч, Бээжин ч Төв Азийн хөгжил, аюулгүй байдалд онцгой анхаардаг билээ. Яваандаа энэ бүсэд хоёр орны өрсөлдөөн ширүүсэхийг үгүйсгэж болохгүй ч Орос, Хятадын өнөөгийн харилцан итгэлцлийн төвшин, нийтлэг ашиг сонирхлоо олж чаддаг байдал зэрэг нь аливаад зөв шийдвэр гарган хамтран ажиллах боломжтойг илтгэж байна.
Иймд, Орос болон Евразийн хамтын ажиллагааны транзит тээвэрлэлтийн хүчин чадал БНХАУ-ын аж үйлдвэрийн хүчин чадлын уялдаа, хөрш орнуудын үндэсний хөгжлийн стратегийн давхцал, хөрш орнуудын тэгш эрхтэй, харилцан хүндэлсэн найрсаг харилцаа болон “Бүс ба зам” чуулга уулзалт гэх олон улсын харилцааны хамтран ажиллах шинэ хэлбэр зэрэг нь Евразийн улс орнуудын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж өгч байна гэж дүгнэх боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин