Н.МӨНХЖИН
“Оскар”-ын шагналд нэр дэвшээд буй кинонд Дев Пател дүрийг нь бүтээсэн Саро Брирли хөвгүүн тав наслахдаа хэн хүний үзээгүй хатуу хөтүү амьдралыг туулсан юм. Хүнд зүгээр л туслах гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр ах Гуддугаа дагаж ажил руу нь явсан ч тэрхүү галт тэрэг болон хүчтэй мөрөөдөл нь бяцхан хөвгүүнийг гэр бүлээс нь холдуулжээ. Калькутта хотын харгис гудамжинд ганцаараа хөл тавьсан тэрээр хэдэн сарын турш бусад золгүйчүүдийн хамтаар гудамжинд амьдарчээ. Газар дор амьдардаг хүмүүсийн өршөөлгүй харц, өлсгөлөн, өвчингийн улмаас амь тавьж буй гуйлгачдыг харж, хүүхдийг садар самуунд уруу татагчаас зугтаж, “газар нутаг”-т нь эзэн суух нь хэмээн бачимдсан хүүхдүүдийн “чулуун бороо”-ноос амь гарч явсан удаатай. Саро хөвгүүн хаягдал хоол, унтахад хэрэгтэй хатуу цаас хайж, булан бүрээс ирэх аюулаас зайлж явсан юм. Саро Брирли энэ бүх зовлонг тэвчиж гарч чадна гэдгээ мэдэж байсан. Тэрээр тэсч үлдэхийн тулд, амьд гарахын тулд бодит байдлыг жаргалтай дурсамжаасаа илүүд үзэж дотроо хадгалсаар явжээ. Тэсч үлдэх зөн совин нь дийлж, илүү их эрч хүчээр санаанд оромгүй адал явдлыг эхлүүлсэн байна. Гэвч хувь заяа амьдралд нь өөр эргэлтийг авчрахаар түүнийг хойш нь чангааж, зогсоож байсан билээ.
Гудамжинд золбин нохой мэт амьдарсан итгэмээргүй цаг үе гэнэт зогсч ид шид тохиох нь тэр. Нэгэн австрали гэр бүл Саро хөвгүүнийг өргөж авчээ. “Өргөж авсан ээж минь өрөөг Энэтхэгийн газрын зургаар гоёсон. Орны хажууд хананд өлгөсөн. Би өглөө босох бүртээ тэр газрын зургийг хардаг байлаа. Миний дурсамжийг амьд байлгаж, гарал үүслийг минь үргэлж сануулж байхын тулд үүнийг хийсэн байсан” хэмээн Брирли дурсан ярьж байна. “Гэртээ харих урт зам” хэмээн түүний бодит түүхийг өгүүлсэн номоор сэдэвлэн саяхан “Lion” хэмээн кино бүтээсэн нь удахгүй болох “Оскар”-ын шилдэг киноны төрөлд тунаж үлджээ.
Хувь заяаны төөргөөр сайн хүмүүстэй учирч элбэг хангалуун амьдралтай болж, 25 жил өнгөрсөн ч хүүхэд ахуй насны дурсамж, гуниг түүний сэтгэлээс арилсангүй. Өсч том болсон энэтхэг залуу улам л гуниглах болж, төрүүлж өсгөсөн аав ээж, гэр бүлээ мэдэхийг улам хүсэх болов. Өнгөрсөн үетэйгээ эвлэрч, төрүүлсэн аав ээжээ таньж мэдэхгүй бол урагшаа алхаж чадахаа больсноо нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Өсч том болж байхдаа л дотроо хадгалсаар, боловсруулсаар ирсэн шийдэмгий бодол нь багын дурсамжийг нь эргүүлэн авчирч төрж өссөн тосгоныхоо нэрийг Google Earth дээр хайж олсон байна. “Тэр бол миний хамгийн аймшигтай айдас байсан. Интернэтийн газрын зураг дээр төрөлх тосгоноо хайж олсон ч гэртээ харихад тэд маань байхгүй байвал яана гэж бодоход үнэхээр хүнд байсан” хэмээн Саро Брирли сэтгэлээ дэлгэсэн юм. Гэвч тэрээр төрөлх нутаг руугаа тэр дороо яаран явсангүй.
Гэвч хоёр жилийн дараа гэртээ харихаар шийдэж, газрын зурагнаас илрүүлсэн төрөлх тосгондоо очиход ээж, аав, ах дүү нар нь байж байсан юм. Тэрээр хувь заяагаар төөрсөн гэр бүлээ олоод зогсохгүй, эцэг эхээс заяасан нэрээ хүртэл эргүүлэн олж авчээ. Түүнд Саро биш, Шеру буюу хинди хэлэнд арслан хэмээх нэрийг хайрласан байсан аж. Өөрийн эзэмшлийн сүргээ эргүүлэн хураадаг арслан шиг л тэрээр олон жилийн турш хуримтлагдсан гуниг, гэрээ санасан сэтгэлээ гарган “архирч” гэр бүлээ эргүүлэн олж авсан юм. “Зэрэгцэн зогсч ярилцаж буй хоёр ээжийгээ хараад л миний бүх санаа зовнил, айдас замхран алга болсон. Тэд маань надад нэг биш, хоёр амь, амьдрал хайрласан” хэмээн Шеру ярьжээ. “Гэртээ харих урт зам” номд “Чи өөрийгөө хэн гэдгийг мэдэхийн тулд хаанаас ирснээ мэдэх ёстой” хэмээн бичсэн байдаг билээ.
[embed]https://www.youtube.com/watch?v=DmlyGscXing[/embed]