О.БҮРНЭЭ
Сайншандад анх дөрвөн жилийн өмнө очиж байлаа. Тэр үед өөлөхөөр юм олон байсан санагдана. Харин одоогийн Сайншандыг “Сайн байна” гэж магтаж болохоор болжээ. Дорноговь аймгийн хөгжил цаг минуттай уралдан өөрчлөгдөж байгааг бусад аймгийн удирдлагууд хараад нэгийг бодох биз. Дөрвөн жилийн өмнө галт тэргэнд суугаад Сайншандад очиж байхад гэрэл гэгээгүй дүнсийсэн, аймгийн төвийнх нь авто зам нь энхэл донхолтой, эмх замбараагүй тийм л орчин угтдаг байлаа. Хүмүүс амьдарч байгаа газраа хэрхэн өөрчлөгдөж байгааг мэддэггүй. Харин өмнөх байдлыг нь мэддэг хүн хэрхэн яаж өөрчлөгдсөнд дүн тавьдаг. Энэ ч үүднээс өөрчлөгдсөн Сайншандын өнөөгийн төрхийг өмнөхтэй нь харьцуулан дүгнэж бодлоо. Биднийг очих үеэр Дорноговь аймагт нутгийн удирдлагын үүсч хөгжсөний 20 жилийн ойн арга хэмжээ тохиов. Дорноговь аймгийн 14 сумаас үе, үеийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон Засаг даргаар ажиллаж байсан ахмадууд ирсэн байлаа. Дорноговь аймгийн ЗДТГ-аас ахмадууддаа аймагтаа сүүлийн жилүүдэд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулсан юм. Эдгээрээс хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт олны анхаарлыг татаж байлаа. Тухайлбал, Дорноговь аймгийн 80 жилийн ойд зориулан нутгийн иргэдийн танктай овоо гэж нэрлэдэг байсан овоон дээр “Дорноговь 80 цогцолбор”-ыг бүтээжээ. Уг цогцолбор нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбайтай цэцэрлэгт хүрээлэн юм. Тус аймгийн иргэн Н.Шинэцэцэг “Маш гоё цэцэрлэгт хүрээлэнтэй болсонд иргэд баярлаж байгаа. Өмнө нь энэ газарт хүн ирж тухлах ямар ч боломж байгаагүй. Харин одоо бол хүүхэд, хөгшидгүй ирж чөлөөт цагаа өнгөрөөж байна. Овоон дээрээс аймгийн бүх зүйл харагддаг. Улаанбаатарын иргэд “Зайсан толгой”-д гарах дуртай байдаг бол манай аймгийн иргэд танктай овоон дээр байрлах энэ цэцэрлэгт хүрээлэндээ ирэх дуртай байдаг” гэв. Цэцэрлэгт хүрээлэнтэй залгуулаад хоёр овооны хооронд дүүжин гүүр байрлуулжээ. Дүүжин гүүрний урт 60 метр бөгөөд одоогийн байдлаар манай улсад хоёрхон байгаа төмөр хийцтэй дүүжин гүүрний нэг. Аймгийн удирдлагууд дүүжин гүүрээр холбогдсон хоёр овооны нэг талд нь цэцэрлэгт хүрээлэн барьсан бол нөгөө талд нь хувийн хөрөнгө оруулалтаар ресторан, зочид буудал, хүүхдийн тоглоомын төв, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөд үйлчилгээ авах бүхий л боломжтой цогцолборыг байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн өөр нэг онцолмоор бүтээн байгуулалт нь аймгийн төвөөс 18 километрийн зайд байрлах Дорноговь хүндэтгэлийн цагаан хаалга байлаа. Тухайн хаалгыг аймгийн 80 жилийн ойд зориулан барьжээ. Хаалганы урт 24 метр, өндөр нь 12 метр бөгөөд найман хос баганатай төмөр бетон арматур хийцтэй аж. Энэ хаалганы загварыг тус аймгийн иргэн, барималч н.Даваа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар энэ цагаан хаалга бусад аймгуудынхтай харьцуулахад хамгийн томд тооцогдож байгаа юм. Аймгийн төвд барьсан өв соёл, хүндэтгэлийн өргөө ч анхаарал татав. Тус өргөөг гаднаас нь харахад өндөр шилэн барилга гэж харагдах боловч дотор нь ороод хоёр давхарт нь гарахад гэр хэлбэртэй 18 метрийн диаметртэй өргөө байх аж. Орчин үеийн шаардлагад нийцсэн, энэхүү байгууламжид иргэд рүү чиглэсэн үйл ажил өрнөх юм байна. Түүгээр ч зогсохгүй хүндэтгэлийн өргөөнд иргэд хурим найр, баяр ёслол тэмдэглэх боломжтой гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гарт баригдаж, нүдэнд харагдсан энэ мэт олон олон бүтээн байгуулалтын ажил Сайншандын өнөөгийн дүр төрхийг тодорхойлж байна.