НЭГ. ХОЙД СОЛОНГОСЫН АЮУЛТАЙ АЛХАМ
Нэгдүгээр сарын 6 ба хоёрдугаар сарын 7. Хойд Солонгосын эрх баригчид атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хүчтэй устөрөгчийн бөмбөг туршсан болохоо албан ёсоор зарлалаа. Хойд Солонгосын цөмийн туршилт хийсэн газрын ойролцоо хүчтэй газар хөдлөлтүүд болсон байна. Энэ хэргийн улмаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг яаралтай зарлан хуралдууллаа.
Мөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Хойд Солонгосын талаас хөөргөсөн сансрын хиймэл дагуул тогтвортой ажиллаж байгааг АНУ-ын Тагнуулын алба хүлээн зөвшөөрлөө. Хойд Солонгосын пуужинг хөөргөхөд Оросын талаас тусалсан байж магадгүй гэх мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газар батлах гэж оролдсон боловч чадсангүй.
БНАСАУ-ын удаа дараагийн энэхүү аюултай алхам даян дэлхий, Ази тивийн тогтвортой байдал, энх тайвны үйлсэд ноцтой аюул занал учруулж байгаа болно. Зүүн Хойд Азийн бүс нутагт хамардаг Монгол Улсын хувьд энэ нь яахын аргагүй ихээхэн анхаарал татахуйц асуудал мөн билээ.
Гуравдугаар сарын 16. АНУ-ын оюутан Отто Вомбиэр Хойт Солонгосын нийслэл Пхеньян хотод байдаг Янгакдогийн олон улсын зочид буудалд байрлаж байхдаа улстөрийн утга агуулга бүхий плакат хулгайлсан хэргээр баригдан шүүгдэж 15 жилийн ял авчээ. Отто Вомбиэр нутагт нь байдаг сүмийнх нь нэгэн танил өөрт нь Хойд Солонгосоос буцаж ирэхдээ “олз”-той ирвэл шагналд нь арван мянган ам.долларын үнэ бүхий машин бэлэглэнэ гэж амалсан учир тийнхүү Хойд Солонгосын үзэл суртлын плакатыг хулгайлан АНУ руу авч явахыг зорьсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Плакатан дээр “Ким Чэн Ир-ийн эх оронч үзлээр зэвсэглэцгээе!” гэж бичсэн байжээ. Хойд Солонгост удирдагчдынх нь зураг, эсхүл түүний нэртэй аливаа эд зүйлийг гэмтээх нь гэмт хэрэгт тооцогддог аж.
О.Вомбиэр гэмт хэрэг үйлдсэндээ гэмшин хэлсэн гэх үг нь: “Би АНУ-ын Засгийн газрын тавьсан зангуунд орох ёсгүй, гэмт хэрэг хийх ёсгүй байсан. Би АНУ-ын Засгийн газар цаашид над шиг хүмүүсийн санаа сэтгэлээр тоглохоо, тэд нарыг гэмт хэрэг хийх рүү түлхэхээ болих хэрэгтэй гэж үзэж байна. Би БНАСАУ-ын ард түмэн, Засгийн газраас намайг өршөөхийг хүсэн гуйж байна. Энэ бол миний амьдралын хамгийн том алдаа мөн!”
Гадаадын улс орнууд болон олон улсын байгууллагууд Хойд Солонгос Вомбиэрт нэг плакат авсных нь төлөө 15 жилийн ял өгснийг буруушаан эсэргүүцэв.
ХОЁР. ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭХЭН ОЛОЛТ АМЖИЛТ /Нобелийн шагналтнууд/
Хоёрдугаар сарын 11. Америкийн эрдэмтэд татах хүчний долгион буюу орон зай, цаг хугацааны долгион (хоёр хар нүх хоорондоо мөргөлдөхөд буй болно)-ыг олж илрүүлснийгээ ийнхүү энэ өдөр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх замаар мэдэгдэж олон түмний хүртээл болголоо. Ийм долгион байж болохыг одоогоос зуун жилийн тэртээ алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн онолын хувьд баталсан юм. Таталцлын долгион нь орон зайг дайрч өнгөрөхдөө манай дэлхийг өчүүхэн бага хэмжээгээр устай гүзээ шиг цэлцэгнүүлээд өнгөрсөн ажээ. Ийнхүү таталцлын долгионыг илрүүлж баталсан нь хар нүхийн тухай нарийн судлаж, улмаар сансар огторгуйг илүү гүн гүнзгий судлаж ойлгох цоо шинэ боломжийг бий болгож байна.
Жилийн жилд Нобелийн шагналтнуудын тухай мэдээ яахын аргагүй тухайн жилийн чухал үйл явдлын нэг болдог. Аравдугаар сарын 10-ны өдөр Нобелийн шагналын хорооноос 2016 оны Нобелийн эдийн засгийн шагналыг Их Британийн эрдэмтэн, АНУ-ын Харвардын их сургуулийн багш Оливер Харт, Финляндын эрдэмтэн, АНУ-ын Массачусетсийн Технологийн институтын багш Бэнгт Холстём нар хүртсэн болохыг зарлав. Тэдний хийсэн судалгааны ажил, бичсэн бүтээлүүд нь эдийн засгийн онолыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан учир ийнхүү Нобелийн шагнал авах үндэслэл болжээ.
Аравдугаар сарын 13-нд АНУ-ын алдарт дуу зохиогч, дуучин Боб Дилан Нобелийн утга зохиолын шагнал хүртэхээр болсон тухай зарлагдав. Боб Дилан Нобелийн шагнал авсныгаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь удтал мэдэгдэхгүй байж байгаад “Нобелийн шагнал авахаар болсноо сонсоод баярласан” гэж хэлснээрээ олон хүнийг тайвшруулжээ. 1964 онд Францын алдарт зохиолч, экзистенциалист философийн томоохон төлөөлөгч хэмээн тооцогддог Ж.П.Сартр Нобелийн утга зохиолын шагналаа хүлээн авахаасаа татгалзсан нь олон хүнийг гайхашралд оруулсан билээ. Тэрээр Нобелийн шагналыг хүлээн авахаасаа татгалзсаныгаа утга зохиол, соёл урлагийн зүтгэлтнүүд өөрийгөө л илэрхийлэх эрх ба үүрэгтэй учир ямарваа нэгэн шагнал хүлээн авбал тэр эрх ба үүргээсээ урвасан хэрэг болно гэж тайлбарлажээ.
Боб Дилан арванхоёрдугаар сарын 10-нд болсон Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцоогүй байна.
ГУРАВ. СИРИЙН ДАЙН
Хоёрдугаар сарын 27. Сири Улсад гал зогсоох талаар АНУ ба Оросын Холбооны Улс тохиролцоонд хүрсэн болохыг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор баталлаа. Хоёрдугаар сарын 27-ны өдөр гал зогсоох тухай энэхүү тохиролцоог Сирийн Ерөнхийлөгч Башар Асад албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Гуравдугаар сарын 27. Сирийн армийн ангиуд Оросын байлдааны онгоцуудын дэмжлэгтэйгээр эртний түүхт Пальмир хотыг Лалын Халифат бүлгийн алан хядагчдын гараас чөлөөллөө. Пальмирт байлдаж байсан Лалын Халифат бүлэглэлийн дайчид хөрш зэргэлдээ Иракийн нутаг болон Дэйр аз Зур хот руу зугтаасан байна.
Оны эцсээр Сирийн арми ОХУ-ын тусламжтайгаар Алеппо хотыг бүрэн чөлөөлөв. Алеппо хотыг эзлэн авахын тулд Сирийн армийнхан болон тэдэнд тусалсан Оросын Агаар сансарын цэргийнхэн тус хотын зүүн хэсэгт бүгсэн террористуудыг хүчтэй бөмбөгдсөнийг Барууны зарим хөгжилтэй улс орон, тэр ч байтугай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар Зэйд Раад Аль Хусейн хүртэл дайныг хэтэрхий харгис аргаар явуулж жирийн иргэдийн амь насанд хор хохирол учруулж байна хэмээн буруушаан зэмлэв.
Сирийн арми хамаг анхаарлаа Алеппо хотыг эзлэн авах ажиллагаанд хандуулсан байх хойгуур Лалын Халифат бүлэглэлийнхэн эртний түүхт Пальмир хотыг дахин эзлэв. Ингэсэн нь исламын нэрийг барьсан террористуудтай тэмцэж байгаа улс орнууд, ялангуяа АНУ, ОХУ зэрэг томоохон улс орнууд террористуудын эсрэг явуулж буй байлдааны үйл ажиллагаагаа хооронд нь уялдуулахгүй байгаатай шууд холбоотой гэж экспертүүд үзжээ. Ийнхүү террористууд эртний түүхт Пальмир хотыг дахин байлдан эзэлсэн нь зарим хүний хувьд исламын нэрийг барьсан террористуудыг бүрмөсөн дарж устгах боломж байгаа эсэхэд эргэлзэх сэтгэгдлийг төрүүлэв.
Шинжээчид Сирид болж байгаа иргэний дайн болон тэнд өрнөсөн терроризмын эсрэг тэмцлийн дайн удаж сунжрах тусам түүний гал дөлд Сири гэсэн улсын ирээдүй улам бүдгэрч, энэ улс орон өнөөг хүртэл оршин тогтнож ирсэн нэгдмэл цул байдлаа болон хил хязгаараа хэвээр нь хадгалан үлдэж чадахгүй болов уу гэсэн таамаглал дэвшүүлэх болов.
Арванхоёрдугаар сарын 18. ОХУ-аас Турк Улсад сууж байсан Элчин сайд А.Карлов Анкара хотын Орчин үеийн урлагийн төвд “Орос орон туркуудийн нүдээр” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байхдаа Туркийн Цагдаагийн тусгай ангийн ажилтан Мэрт Алтынташийн гарт амь насаа эмгэнэлтэйгээр алдав. Туркийн цагдаа, тусгай ангийнхан Орчин үеийн урлагийн төвийг бүсэлж М.Алтынташийг газар дээр нь буудаж алсан байна. М.Алтынташ Оросын Элчин сайд руу буудаж байхдаа: “Алеппог хэзээ ч битгий мартацгаа!”, “Бид Алеппод үхэж байсан бол чи энд үхнэ!” гэх зэргээр хашгирчээ.
Оросын Элчин сайд үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол сүүлийн олон арван жилд огт тохиолдож байгаагүй, харин хамгийн дуулиантай үхэл бол “Ухаантны зовлон” жүжгийн зохиолч алдарт А.Грибоедов 1829 онд тэр үеийн Персэд Элчин сайдын албыг хашиж байгаад улангассан олон Оросын ЭСЯ-ны байр руу дайран орж ирэхэд тэдний гарт амь насаа алдсан явдал юм. Тэр үеийн Оросын хаан I Николай Орос орон Турктэй дайтаж байсан тул Персийн дэмжлэг авах нь чухал хэмээн үзэж, Персийн шахын илгээсэн Элчтэй уулзаж шахын явуулсан бэлэг (“Шах” хэмээх нэртэй аварга том алмаз)-ийг Персийн шахын тайлбартай нь хамт хүлээн авч, Элчин сайд А.Грибоедовын эмгэнэлтэй үхлийн улмаас хямарсан хоёр орны харилцааг хэвийн болгожээ.
ДӨРӨВ. ЕВРОП ДАХЬ ТЕРРОР ХАЛДЛАГА
Гуравдугаар сарын 22. Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудалд болон Малбек гэдэг метроны шугамд томоохон террорист халдлагууд бараг нэгэн зэрэг гарсны улмаас 28 хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн шархаджээ. Бельгийн эрх баригчид энэхүү халдлага үйлдсэн буруутай этгээдүүдийг олохын тулд тусгай арга хэмжээ авахад хүрчээ. Бельги Улсад анх удаагаа онцгой байдал зарласан байна.
Долдугаар сарын 14. Франц Улсын Үндэсний баяр болох Бастиль цайзыг эзлэн авсны баярын өдөр Газар дундын тэнгисийн эрэг дээр байдаг амралт жуулчлалын Ницце хотын гудамжинд баярын салют буудахыг харахаар цугларсан олон хүмүүс рүү ачааны машин хөлөглөсөн алан хядагч этгээд (Тунисын гаралтай, Францын иргэн, 31 настай Мохамед Лахуайеж Булель) дайрсны улмаас 80 гаруй хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархаджээ. Энэхүү алан хядах ажиллагаа нь Францын нийгмийг бүхэлд нь цочирдуулсан аймшигт үйл явдал болсон юм. Террористууд алан хядах үйл ажиллагаа явуулахдаа гар дор нь байгаа аливаа тоног төхөөрөмж, хэрэгсэл (энэ удаад ачааны машин)-ийг ашиглах болсон нь тэднийг урьдчилан таньж мэдэх, алан хядах үйл ажиллагааг нь тэр дор нь таслан зогсоох арга хэмжээ авах явдлыг улам хүнд хэцүү болгосон байна.
Арванхоёрдугаар сарын 19. ХБНГУ-ын нийслэл Берлин хотын төвд байдаг Брайтшайдплац талбайд зул сарын зах дээр цугларсан олон хүмүүс рүү Тунисын гаралтай Анис Амри (Германд 2015 онд дүрвэн орж ирсэн) хэмээх алан хядагч мөн л ачааны машинаар дайрсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 48 хүн шархаджээ. Тэдний дунд 14 хүний биеийн байдал туйлын хүнд байгаа ажээ. Алан хядагч Анис Амри Италийн Сесто-Сан-Жованни хот руу зугтан гарсан байхад нь арванхоёрдугаар сарын 23-ны өдөр олж устгасан байна.
ТАВ. НЭГ НЬ ИРЖ, НӨГӨӨ НЬ ЯВАВ
Хоёрдугаар сарын 1. Мянмар Улсад сүүлийн 50 жилд анх удаа чөлөөт сонгууль болсны үр дүнд шинээр сонгогдсон Парламент анхдугаар чуулганаа зарлан хуралдуулав. Нобелийн энх тайвны шагналтан Ан Сан Сучи-гийн толгойлсон нам Парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Ан Сан Сучи Монголд айлчлахдаа “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай” хэмээн Монголын ардчиллын тухай хэлснийг монголчууд тод санадаг.
Ан Сан Сучи өөрөө Мянмарын Ерөнхийлөгч болох бодолтойгоо нуудаггүй байсан ч Мянмарын Үндсэн хуулинд өөрөө буюу хамаатан садных нь хүн гадаад улсын иргэн бол тэр хүн Мянмарын Ерөнхийлөгч болохыг хориглосон заалт байдаг тул тэрээр өөрөө Мянмарын Ерөнхийлөгч болох боломжгүй байв (Ан Сан Сучи-гийн хоёр хүү хоёулаа Их Британийн иргэн ажээ). Харин Ерөнхий сайдтай дүйцэхүйц эрх мэдэл бүхий Төрийн зөвлөхийн албыг хашихаар болжээ.
Мянмарт олонхи нь буддын шашинтнууд байдаг бөгөөд эрт дээр үед Энэтхэгээс Мянмар руу дүрвэн орж ирсэн лалын шашинтнууд тус улсын баруун хойд хэсэгт амьдардаг ажээ. Мянмарын буддын шашинтнууд ба лалын шашинтнуудын хооронд үе үе мөргөлдөөн гарч, олон хүний амь нас хохирч, олон улсын ажиглагчид Мянмарын төр засаг лалын шашинтнуудыг хавчин хяхах бодлого явуулж байна, Ан Сан Сучи энэ асуудалд хэт нэг талыг буюу буддын шашинтнуудын талыг баримталсан байр суурь барьж байна хэмээн шүүмжлэх явдал нэмэгдэх болов. Буддын шашны сүсэгтнүүд хүн амынх нь дийлэнх олонхийг бүрдүүлдэг Мянмар шиг улс оронд Ан Сан Сучи ч бай, өөр хэнбугай ч бай шууд лалын шашинтнуудыг өмөөрч дуу хоолойгоо өргөх нь юуны түрүүн улстөрчийн хувьд ихээхэн эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Дашрамд хэлэхэд лалын шашинтнуудын эсрэг Буддын шашинтнуудын хөдөлгөөнийг Ашин Вирату ламтан удирддаг ажээ.
Тавдугаар сарын 12. Энэ өдөр хоёр хоногийн туршид тасралтгүй хуралдсан Бразилийн Сенат Ерөнхийлөгч Дилма Русефийг засгийн эрхээс зайлуулах зорилготой импичмент хэмээх тусгай шүүхийн ажиллагааг эхлүүлэх түүхт шийдвэрийг гаргажээ. Тус улсын Ерөнхийлөгчийн албан үүргийг Дэд Ерөнхийлөгч Мишел Темэр гүйцэтгэх болсон байна.
Д.Русеф Ерөнхийлөгч их хэмжээний мөнгийг хууль, журам зөрчин зориулалтыг нь өөрчлөн нэг сангаас нөгөө рүү шилжүүлэх ажиллагаанд хутгалдан оролцсон нь хууль зөрчсөн ажиллагаа болсон болон Бразилийн төрийн өмчийн аварга том Петробрас хэмээн нефть бүтээгдэхүүний компанитай холбоотой хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэж байсан хүмүүсээс өөрийгөө тусгаарлаж чадаагүй хэмээн буруутгагдсан байна. Д.Русеф нэгэнтээ 70 орчим хувийн рейтингтэй байсан бол харьцангуй богино хугацаанд 10-аадхан хувийн рейтингтэй болж нэр хүнд нь огцом унасан байна. Бразилийн Сенат Д.Русеф Ерөнхийлөгчийг наймдугаар сарын 31-ний өдөр албан тушаалаас нь хугацаанаас нь өмнө огцруулах шийдвэрийг гаргажээ.
Арванхоёрдугаар сарын 1. Энэ өдөр Тайландад Угсаа залгамжлагч хунтайж Маха Важиралонгкорн Тайландын хааны сэнтийд залрав. Тайчууд өмнөх хаан буюу дэлхийд хамгийн удаан хугацаагаар хааны сэнтийд суусан Бхумибол Адульядэж Хаандаа ихээхэн хүндэтгэлтэйгээр ханддаг бөгөөд тэрээр удтал хүндээр өвчилж байгаад таалал төгсөхөд Тайланд даяар уй гашууд автжээ. Тайландын шинэ хаан эцэг хаантайгаа адилхан нэр хүндтэй байж чадах эсэх талаар ихээхэн эргэлзээтэй байгаа нь түүний зугаа цэнгэл хөөцөлдөх, архи дарс уух дуртай ааш зантай нь холбоотой.
Арваннэгдүгээр сарын 25. Кубын удирдагч алдарт Фидель Кастро 90 настайдаа таалал төгсөв. Ф.Кастро Кубын Батистагийн дэглэмийг унагаахын тулд хувьсгалт тэмцлийн замыг сонгож, Кубын хувьсгал 1959 оны нэгдүгээр сарын 1-нд ялжээ. Хувьсгал ялснаас хойш Куба ба АНУ хоёрын хоорондын харилцаа эрс муудаж, хоёр орон дипломат харилцаагаа тасалж, АНУ тусгай хууль гарган Куба Улсын эсрэг олон жилийн турш цогц хориг арга хэмжээ авч ирсэн юм.
1962 онд тэр үеийн ЗХУ болон АНУ-ын хоорондын харилцаанд Карибын хямрал нэртэй хурцадмал байдал үүссэн нь ЗХУ АНУ нь 1961 онд Туркийн нутаг дэвсгэрт дунд тусгалын пуужин байрлуулсаны эсрэг арга хэмжээ болгон, мөн Кубын нөхдийн хүсэлтийг ханган Кубын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулсантай холбоотой гэж тооцогддог. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди, ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущев нар Карибын хямралыг дайн дэгдээлгүй давж чадсанаар хүн төрөлхтнийг цөмийн дайны аюулаас аварсан гэж үзэж болно. Карибын хямралыг гэтлэхийн тулд хоёр тал хэд хэдэн чухал асуудлаар тохиролцсоны нэг нь АНУ Куба руу дайрахгүй гэсэн баталгаа өгсөн явдал юм.
АНУ Куба руу дайраагүй ч Ф.Кастрогийн амь насанд халдах ажиллагаа нийтдээ 638 удаа болсон гэж үздэг. АНУ зэрэг зарим улс орон, хувьсгалаас зугтан гадагшаа дүрвэсэн Кубын дүрвэгсэд гээд түүний амь насанд халдахыг хүссэн субъектууд олон байжээ.
Ф.Кастрогийн бие 2006 онд огцом муудсан учир тэрээр эмчлүүлэх шаардлагатай болж, албан үүрэг, эрх мэдлээ өөрийн төрсөн дүү Рауль Кастрод шилжүүлэн өгсөн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба Улсад айлчлал хийв. Тэрээр 1928 оноос хойш Кубад айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов. Ф.Кастрогийн оршуулгын ёслолд АНУ-аас Кубад суугаа Элчин сайд улсаа төлөөлөн оролцов.
Кубад Ф.Кастро нас барсантай холбогдуулан 9 хоногийн гашуудал зарлажээ.
ЗУРГАА. НЭГДСЭН ЕВРОПЫН ИРЭЭДҮЙ
Зургадугаар сарын 23. Энэ өдөр Их Британийг Европын Холбооноос гаргах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой Бүх Ард түмний санал хураалт тус улсын нутаг дэвсгэр даяар явагдаж дуусчээ. Уг санал хураалтаар Их Британийг Европын Холбооноос гаргахыг дэмжигчид 51,9 хувь, эсэргүүцэгчид 48,1 хувийн саналыг тус тус авчээ. Санал хураалтын дүнгийн зөрүү бага байсан ч Их Британийг Европын Холбооноос гаргахыг өөрөө дэмжихгүй байсан Ерөнхий сайд Дэвид Камэрон Санал хураалтын дүн бодож байснаас нь эсрэг гарсан тул хариуцлагыг үүрч албан тушаалаасаа огцорсон байна. Түүний оронд Британийг Европын Холбооноос гаргахыг дэмжих байр суурь баримталж байсан Тереза Мэй Консерватив намын гишүүдийн саналаар Их Британийн дараагийн Ерөнхий сайдаар сонгогдон томилогдлоо. Ийнхүү М.Тэтчерээс хойш олон жил өнгөрсний дараа Их Британийн Ерөнхий сайдаар ахин эмэгтэй хүн ажиллахаар томилогджээ.
Их Британийн сонгогчид Их Британийг Европын Холбооноос гаргах тухайгаа ийнхүү илэрхийлсэн нь Их Британийн улстөрийн намуудыг төдийгүй Европын холбооны гишүүн улс орнуудыг цочролд орууллаа. Нэгдсэн Европын ирээдүйг улстөрчид янз бүрээр таамаглах болов.Арваннэгдүгээр сарын 3-нд Англи ба Уэльсийн Дээд шүүх (Захиргааны хэргийн) хэдийгээр Бүх ард түмний санал хураалтаар Их Британийг Европын Холбооноос гаргахыг дэмжсэн ч энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд Засгийн газар дангаараа шийдвэрлэх эрхгүй, заавал Парламент оролцон шийдвэр гаргах ёстой гэж үзжээ.
ДОЛОО. ТӨРИЙН ЭРГЭЛТ
Долдугаар сарын 15. Долдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Турк Улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарлаа. Энэхүү оролдлогын үеэр тус улсад 300 гаруй хүн алагджээ. Тэр үед Туркийн баруун өмнөд хэсэгт байдаг Мармарис-т амарч байсан Ерөнхийлөгч Рисеп Таюп Эрдоган Туркийн CNN-д Facetime буюу видеоутсаар ярилцлага өгч Туркийн жирийн иргэдэд хандан төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг дэмжихгүй байх, гудамж талбайд олноороо гарч эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан байна. Хүмүүс Эрдоганы уриалгыг дэмжин томоохон хотууд, ялангуяа Стамбул хотын гудамж талбайд хэдэн мянгаараа гарч төрийн эргэлтийг эсэргүүцжээ. Ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан тул төрийн эргэлт хийх гэсэн этгээдүүдийн эр зориг суларч, удалгүй төрийн эргэлт дарагдав.
Ерөнхийлөгч Эрдоган төрийн эргэлт гаргахыг завдсан хүмүүсийг хатуу шийтгэх тушаал өглөө. Энэ хэрэг явдлын дараа Турк Улсын дотоод нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Ерөнхийлөгч Рисеп Таюп Эрдоганы гарт эрх мэдэл төвлөрөх үйл явц түргэсэж, их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг санагдуулсан үйл явдал Туркт өрнөж эхэлсэн юм. Эрдоган Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээн хэрэглэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв. 6000 мянга гаруй хүнийг баривчилж, мянга мянган хүнийг ажлаас нь халав. Энэ бүхэн нь Барууны орнууд, олон улсын хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэл, шүүмжлэлийг араасаа дагуулав.
Ерөнхийлөгч Эрдоган төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын ард АНУ-ын Пенсильвани мужид олон жил суурьшин амьдарч байгаа шашины зүтгэлтэн Ф.Гюлен байгаа хэмээн мэдэгдэж, түүнийг Туркт шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардав. АНУ хариуд нь Ф.Гюлен төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын ард байсныг хөдөлбөргүй нотолсон баримт танилцуулахыг хүсэв.
Туркийн Засгийн газар Ф.Гюлений хөдөлгөөнийхний Туркт байгуулсан сургуулиудыг хааж, дэлхийн олон улс оронд байгуулагдсан Турк сургуулиудыг хаахыг тухайн улс орны Засгийн газарт хандан хүсэжээ.
НАЙМ. ЗУНЫ ОЛИМП
Наймдугаар сарын 5. Наймдугаар сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод Зуны Олимпийн 31-р их наадам болж өнгөрлөө. Энэхүү Олимпийн их наадамд Оросын Холбооны Улсын шигшээ багийн олон тамирчдыг, тухайлбал хөнгөн атлетик болон хүндийн өргөлтийн багуудыг бүхэлд нь сэргээш хэрэглэсэн гэдэг шалтгаанаар оруулахгүй байхаар шийдвэрлэсэн нь Олимпийн хөдөлгөөний түүхэнд урьд өмнө гарч байгаагүй их хэрүүл маргааныг дэгдээлээ.
Бразилчууд Бразилийн эрх баригчид Олимпийн их наадмыг зохион байгуулах нэрийдлээр их хэмжээний хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн, Бразилийн хээл хахууль тэнгэрт хадсан зэрэг шалтгаанаар эсэргүүцэл илэрхийлж, олон мянган хүнийг хамарсан томоохон жагсаал цуглаан Сан Пауло болон Рио де Жанейро зэрэг Бразилийн том хотуудад болов.
АНУ-ын алдарт тамирчин, усанд сэлэгч М.Фелпс Риогийн Олимпийн их наадамд амжилттай оролцож, Олимпийн их наадмуудад оролцохдоо нийт 23 алтан медаль авсан амжилт үзүүлж, хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин болж нэрээ түүхэнд бичүүлэв.
Есдүгээр сарын 7-нд Рио де Жарейро-д Паралимпийн тоглолт нээгдэж амжилттай зохион байгуулагдлаа.
ЕС. УЗБЕКИСТАНЫ УДИРДЛАГА СОЛИГДОВ
Есдүгээр сарын 2. ЗХУ-ыг задран унаснаас хойш Дундад Азийн Узбекистан Улсыг ямар ч завсарлагагүй удирдаж байсан Ерөнхийлөгч Ислам Каримов тархинд нь цус харвасны улмаас эмнэлэгт хүргэгдэж улмаар нас барсан байна. Ислам Каримов Узбекистаны тамирчид Рио де Жанейрод болсон Олимпийн их наадамд амжилттай оролцсоныг тэмдэглэн зохион байгуулсан хүлээн авалтанд оролцохдоо архи хэтрүүлэн уусны улмаас тийнхүү бие нь огцом муудсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
Ерөнхийлөгч И.Каримов нас барсан явдал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн орнуудаас хамгийн хүчирхэг улс болохыг байнга зорьж Казахстантай өрсөлдөж байдаг Узбекистаны нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон юм.
Узбекистаны Үндсэн хуулинд Ерөнхийлөгч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн үүрэг гүцэтгэгчээр Парламентын дарга томилогдоно хэмээн заасан байдаг ч Узбекистаны удирдлага хоорондоо ярьж ойлголцсоны үр дүнд Парламентын дарга нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоосоо өөрөө татгалзаж, Ерөнхий сайд Ш.Мирзияевыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох нь зүйтэй гэсэн санал гаргав. Удалгүй Узбекистанд Ерөнхийлөгчийн сонгууль болж Шавкат Мирзияев Узбекистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Нэгэн цагт И.Каримов аавыгаа залгамжлан Узбекистаны анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно гэсэн таамаглалд нэр нь гардаг байсан И.Каримовын том охин Гульнара Каримова И.Каримовын амьд сэрүүнд гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдсөн учир гэрийн хорионд орж, аавынхаа оршуулганд оролцсонгүй. Саяхан Гульнара Каримова нас барсан тухай мэдээлэл цацагдсан боловч тэр нь нотлогдсонгүй. Гэхдээ ямар ч байсан Гульнара Каримовагийн тухай бодитой мэдээ олоход нэн хэцүү болсон байна.
АРАВ. ДЭЛХИЙГ ДОРГИОСОН ГОЛ ҮЙЛ ЯВДАЛ
Арваннэгдүгээр сарын 8. Энэ өдөр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон ялагдсан нь олон хүний санаанд ороогүй гэнэтийн явдал боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялсан нь АНУ-ын дотоодод төдийгүй дэлхий даяар улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт гарахын дохио болж байна.
Хэдийгээр нийт сонгогчдын дунд авсан саналыг нь тоолвол Х.Клинтон Д.Трампаас даруй хоёр гаруй сая илүү санал авсан ч АНУ-ын сонгуулийн тогтолцооны онцлогоос болоод Д.Трамп сонгуульд ялж, АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр ажиллахаар болов.
Д.Трамп сонгуульд ялсан нь Америкийн дундаж давхарга (тэднийг rednecks буюу улаан хүзүүтнүүд хэмээн нэрлэх нь олонтаа тохиолдоно) Уолл стрит-ийн банк санхүүгийнхний ханаж цадахыг мэддэггүй шунал, тэдний гар хөл болсон хэвлэл мэдээллийнхний олны тархи толгойг угаахын төлөө баримталдаг зарчимгүй байр суурь, төр засгийн албан тушаалтнуудыг хамарсан хээл хахуулийн сүлжээ, хэлж амласнаасаа ухарч буцдаг улс төрчдийн увайгүй зан зэргээс үнэхээр залхаж энэ бүхний эсрэг санал өгсөн нь Д.Трампын төлөө санал болж хувирчээ.
Д.Трамп сонгогдсоноосоо хойш Тайванийн Ерөхийлөгч хатагтай Цай Инвэнь-тэй шууд утсаар холбогдон ярьсан нь АНУ ба “нэг Хятад” бодлого баримталдаг БНХАУ-ын хоорондын харилцаанд зөрчил бий болох байдалтай болгов.
АРВАННЭГ. ПАК ГЕН ХИ ЭРХ МЭДЛЭЭ АЛДАВ
Арванхоёрдугаар сарын 9. Арванхоёрдугаар сарын 9-ний Баасан гаригт хуралдсан Өмнөд Солонгосын парламент болох Үндэсний Ассемблейн гишүүд Ерөнхийлөгч Пак Ген Хиг албан тушаалаас нь огцруулах зорилготой импичмент хэмээх тусгай арга хэмжээг авахаар санал хураалаа. Нийт гишүүдийн 234 нь Ерөнхийлөгчийн эсрэг саналаа өгсөн учраас Пак Ген Хи эрх мэдлээ өгөхөөс өөр аргагүй болов. Энэ нь БНСУ-ын парламент ард түмнийхээ санал бодолд гүн хүндэтгэлтэй ханддагын илэрхийлэл болов. Өмнөд Солонгосын Парламент нийт 300 гишүүнтэй бөгөөд Ерөнхийлөгчийг огцруулахын тулд тэдний гуравны хоёр нь дэмжсэн санал өгөх буюу 200 гишүүн санал өгөх ёстой ажээ. Тэгвэл шаардагдсан 200-гаас ч илүү буюу 234 санал өгсөн тул Ерөнхийлөгч Пак Ген Хи Парламентын ямар ч шийдвэр гарсан хүлээн авна хэмээн амалсандаа хүрч огцрохоос өөр аргагүй байдалд оржээ.
Гэхдээ одоо Парламентын энэхүү шийдвэрийг Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцэж эцэслэн шийдвэр гаргах хуультай. Үндсэн хуулийн Цэц Парламентын шийдвэрийг үгүйсгэсэн, ард түмнийхээ олонхийн санаа бодлыг сөрсөн шийдвэр гаргах магадлал тун бага.
Солонгосчууд, ялангуяа тус улсын дундаж давхарга, оюутан залуус, эмэгтэйчүүд өөрсдийнх нь сонгосон Ерөнхийлөгч нь хамаг эрх мэдэл, тархи толгойгоо Христийн, Буддын болон бөөгийн шашныг хольсон шашны урсгалын төлөөлөгч болох, өөрийн олон жилийн найз эмэгтэйд мэдүүлдэг байсанд эгдүүцэн дургүйцжээ. Тэр найз эмэгтэй нь Ерөнхийлөгч Пак Ген Хитэй ойр дотно харилцаатайгаа ашиглан өөрийн байгуулсан сандаа Өмнөд Солонгосын томоохон компаниудыг элдвээр дарамтлан их хэмжээний хандив хүчээр авдаг байсан нь илэрч, жирийн иргэдийн зэвүүцлийг төрүүлжээ. Өмнөд Солонгосын ард түмэн олон удаа мянга мянгаараа, сая саяараа гудамжинд гаран жагсаж Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, огцрох болтол нь жагсана, жагсаалаа улам өргөн олон түмнийг хамарсан болгоно хэмээн хэлж байв. Тэд сая саяараа цуглан жагсахдаа гартаа лаа, дэнлүү, гар утасны гэрэл зэргийг асаан барьж байсан учир Ерөнхийлөгч Пак Ген Хи-г огцруулсан хөдөлгөөнийг “лааны хувьсгал” хэмээн нэрлэх болсон юм. Өмнөд Сонгосын ард түмэн ийнхүү засгийн эрх үнэхээр тэдний гарт байдгийг гүн гүнзгий ухамсарлаж байдгаа, тэр эрхээ хэзээ ч гээдэггүйгээ, ямар ч эрхтэн дархтантай хариуцлага тооцож чаддагаа, шударга ёсны төлөө тууштай зогсдогоо дэлхий дахинд харуулав.
АРВАНХОЁР. ДЭЛХИЙН ШАШНУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
Хоёрдугаар сарын 16. Ромын Пап ба Оросын үнэ алдартны шашны тэргүүн Патриарх хоёр сүүлийн 1000 жилд анх удаа уулзав. Ромын Пап Франциск Оросын үнэн алдартны шашны Патриарх Кирилл нар Кубын нийслэл Гавана хотын Хосэ Марти-гийн нэрэмжит нисэх онгоцны буудалд уулзжээ. Тэр хоёр уулзах газраа хүртэл олон хүчин зүйлийг харгалзан үзэж сонгожээ.
Уулзалт эхлэхэд Ромын Пап Франциск: “Ашгүй дээ, бид одоо л нэг ах дүү нар болж байна” гэхэд Оросын үнэн алдартны шашны тэргүүн Патриарх Кирилл хариуд нь: “Одоо бүх юм амар болноо” гэжээ. Ромын Пап: “Бурханы хүсэл зоригоор бүтэж байгаа нь тодорхой” гэсэн байна.
Шашны тэргүүнүүд хоёр цаг гаруй хугацаанд уулзаж, Ойрхи Дорнодод христийн шашинтнуудыг мөрдөн мөшгиж байгаа тухай болон Украин дахь улстөр-цэргийн мөргөлдөөн ба шашны хагарал, орчин үеийн нийгэм дэх гэр бүлийн хямрал зэрэг сэдвээр санал солилцжээ. Патриарх Кирилл оросоор, Ромын Пап Францис испаниар тус тус ярьж, орчуулагчид орчуулж байсан байна. Тэд уулзалтын төгсгөлд 30 зүйл бүхий Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.
Есдүгээр сарын 4. Ромын Пап Франциск насан туршдаа Энэтхэгийн Калькутта хотод үгээгүй ядуучуудад туслах ариун үйл хэрэгт өөрийгөө зориулсан (түүнийг Калькуттагийн ариун Тереза гэж нэрлэх нь олонтаа тохиолдоно), Нобелийн шагналтан Тереза эх (түүний жинхэнэ нэр нь Агнес Гондже Бояджиу бөгөөд тэрээр албани үндэстэн аж) хэмээн алдаршсан католик шашны гэлэнмаа-г ариун явдалтнаар өргөмжилснөө зарлав. Ариун явдалтнаар өргөмжлөхийн өмнө тухайн хүний тухай сайтар судалсан байдаг. Хүмүүс ариун явдалтан болж өргөмжлөгдөж магадгүй хүнтэй холбоотой хоёроос цөөнгүй тооны ид шидийн тухай баттай мэдээ олох, бүртгэн батлах ёстой ажээ. Тэгээд ч таалан төгсөөд удаагүй хүн ариун явдалтан-аар зарлагдах нь нэн ховор тохиолдох үйл явдал ажээ. Тэрээр 1997 оны есдүгээр сарын 5-нд 88 насандаа таалал төгсч, католик шашинтны ёсоор харьцангуй богино хугацаанд буюу 2016 оны есдүгээр сарын 4-нд Ромын католик шашны сүмийн шийдвэрээр ариун явдалтнаар өргөмжлөгдөн зарлагджээ. Тереза эхийн бүтээсэн ид шид: нэгэн энэтхэг эмэгтэй Тереза эхэд тогтмол мөргөсний ачаар 2002 онд гэдэсний хорт хавдар өвчнөөсөө ангижирсан, түүнчлэн нэгэн бразил хүн Тереза эхэд мөргөсний ачаар 2008 онд тархины хорт хавдраасаа салсан байна. Энэ хоёр түүхийг шашныхан сайтар судалж үзээд ид шид мөн болохыг тогтоосон байна.
Эцэст нь Тереза эхийн хэлсэн мэргэн үгийг сануулъя: “Дэлхий ертөнцийг жаргаахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол гэртээ очоод гэр бүлийнхнийгээ хайраараа жаргаа”.
АРВАНГУРАВ. ПАНАМЫН ОФФШОРЫН ДУУЛИАН ШУУГИАН
Дөрөвдүгээр сарын 3. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Моссак Фонсэка хэмээх хуулийн байгууллагын дотроос алдагдсан 11,5 сая баримт бичгийг хэсэг хэсгээр нь хэвлэж эхлэв. Panama papers буюу Панамын баримтууд хэмээн нэрлэгдэх болсон тэдгээр бичиг баримтаас үзэхэд олон улс орны улстөр, бизнесийн эрх мэдэлтнүүд татвараас зугтах, авсан хээл хахуулиа нуухын тулд болон хориг арга хэмжээ тавьсаныг тойрч гарах арга сүвэгчлэхдээ оффшор компани байгуулах, оффшор данс нээлгэх зэрэг хууль бус ажиллагаа явуулдаг нь тодорхой болов. Панамын баримтууд хэвлэгдсэний дараа олон орны жирийн иргэд эрх баригчдынхаа үнэн нүүр царайг олж хараад шударга ёсыг тогтоох, иргэд ба төр засгийн хооронд итгэлцлийг бий болгохын тулд юуны түрүүн оффшор данстангуудтай хариуцлага тооцох, оффшор дансанд нуусан мөнгийг нь хурааж авах хатуу шаардлага тавьж эхэлсэн байна. дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Исландын Ерөнхий сайд Сигмундур Давид Гуннлаугссон оффшор данстай байсан нь илэрсэн учир хурц шүүмжлэлд өртөн албан тушаалаасаа огцров.
Панамын баримтууд цаашид улам бүр дэлгэгдэх тусам иргэд сонгогчдын улстөрчидтөй хариуцлага тооцох ажиллагаа цаашид улам эрчимжих нь ойлгомжтой болов.