Б.ТҮШИГ
БНСУ-д болж буй үйл явдлын талаар ОХУ-ын “Эксперт” сонинд ингэж бичжээ.
БНСУ-ын парламентын гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн импичментийг авч хэлэлцэхээр болжээ. БНСУ-д улс төрийн дуулиан бишгүй гардаг ч одоогийнх шиг улс даяар нь донсолгосон ийм үйл явдал болсон нь үгүй. Энэ удаагийн дуулиан төрийн тэргүүнийг албан ёсоор огцруулах оролдлогод хүргээд зогсолгүй Ерөнхийлөгчийн рейтингийг урьд өмнө үзэгдээгүй буюу ердөө дөрвөн хувь хүртэл унагахад хүргэжээ. Хэдий тийм ч импичментийн санал хураалт болох нь хараахан тодорхой болоогүй байна.
Пак Гын Хэ сайн дураараа огцрохоос татгалзсаар байгаа тул тус улсын анхны даашинзтай Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид импичмент явуулах процедурыг эхлүүлсэн бөгөөд БНСУ-ын парламент энэ чухал асуудлыг арванхоёрдугаар сарын 2-нд хэлэлцэх юм.
Пак Гын Хэг сүүлийн дөчин жилийн турш үерхсэн дотны найз эмэгтэй Чой Сун Силийн үйлдсэн гэмт хэргүүдэд хамаатуулж байгаа билээ. Чой Сун Силээс гадна Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнийг хээл хахууль, залилан, эрх мэдлээ урвуугаар ашиглан төрийн түвшний чухал шийдвэр гаргахад хууль бусаар нөлөөлсөн зэрэг хэд хэдэн хэрэгт албан ёсоор буруутгаад байгаа юм. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга байсан эмэгтэйг төрийн нууц задруулсан хэрэгт буруутгажээ.
Пак Гын Хэг огцрохыг шаардсан олон зуун мянган хүний эсэргүүцлийн жагсаал тасралтгүй сар гаруй үргэлжилж буй Өмнөд Солонгост нийгмийн тэсрэлт нүүрлэжээ..
“Realmeter” байгууллагын санал асуулгаас харахад, тус улсын иргэдийн 86 хувь нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дургүйцэж байгаа аж. Тэгвэл Гэллапын институтын судалгаагаар энэ тоо бүр ч их, 93 хувь гэж гарчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь импичментийг дэмжигчдийн талд орсон байна.
Хэдий тийм ч Ерөнхийлөгч Пак Гын Хэ сайн дураар огцрохыг хүсэхгүй байгаа юм. Тэрээр байцаалт өгөхөөс татгалзсан төдийгүй дуулиант хэргийг шалгах тусгай прокурорыг томилжээ. Тэрээр хоёр удаа нийтийн өмнө уучлал гуйж, арван ахлах туслах, Ерөнхий сайд, Сангийн сайдыг халсан нь хангалттай гэж үзсэн бололтой.
БНСУ-ын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн дагуу тус улсын парламент буюу Үндэсний ассамблей Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх явцдаа Үндсэн хуулийг зөрчсөн тохиолдолд импичментийн процедурыг эхлүүлдэг байна. Эхлээд төрийн тэргүүнийг огцруулах өргөх бичигт парламентын гишүүдийн дор хаяж гуравны нэг нь гарын үсэг зурах ёстой. Улмаар импичментийн техникийн процедурыг эхлүүлэхийн тулд парламентын энгийн олонхийн (51 хувь) санал хангалттай юм байна. Эцэст нь парламентын санал хураалт болж, гишүүдийн дор хаяж гуравны хоёрын (66.7) саналаар Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргадаг аж. Ерөнхийлөгч албан ёсоор огцорсны маргаашнаас түүнийг эрүүгийн хариуцлагад татаж болдог ажээ.
Парламентийн гишүүд импичментийн асуудлыг яагаад ийн удаасан гэх асуултад энгийн хариулт бий. Энэ процедур дэндүү их цаг авдаг байна. Энд тэмдэглэхэд, Пак Гын Хэ 2018 оны хоёрдугаар сард тэртээ тэргүй Ерөнхийлөгчийн албан тушаалаас буух юм. Учир нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны арванхоёрдугаар сард төлөвлөгдсөн бөгөөд Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч улиран сонгогддоггүй ажээ.
Пак Гын Хэгийн рейтинг хэдийгээр навс унасан ч түүнийг огцруулна гэдэг амаргүй. Импичментийн процедурыг эхлүүлэхийг анхлан санаачлагч сөрөг хүчний Ардчилсан нам Үндэсний ассамблейд 121 гишүүнтэй бөгөөд энэ саналыг дэмжиж буй Ардын нам парламентад 38 суудалтай. Сөрөг хүчний Шударга ёсны намын гишүүдтэй нийлээд Ерөнхийлөгчийн импичментийг дэмжигчид 165 хүрнэ. Өөрөөр хэлбэл Пак Гын Хэг эсэргүүцэгчид 50 хувийн босгыг түвэггүй давна гэсэн үг. Импичментийг түүнчлэн бие даагч зургаан гишүүн дэмжиж байгаа. Тэднийг нэмбэл Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжигч гишүүдийн тоо 171-д хүрнэ. Гэвч Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчөөр импичментээр огцруулахад 200-аас доошгүй санал хэрэгтэй. Тэгэхээр импичментийг дэмжигчид эрх баригч Сэнури намын 30-аас доошгүй гишүүнийг өөрийн талд заавал “урвуулах” шаардлагатай.
Иймд 64 настай Пак Гын Хэгийн улс төрийн хувь заяаг намынх нь нөхөд шийдэх нь. Хэрэв импичментийг дэмжиж буй Сэнури намын дарга асан Ким Му Сунтэй тус намын 28 хууль тогтоогч нэгдвэл Солонгосын хойгийн өмнөд хэсэгт төрийн эрх мэдэл шилжин солигдоно. Сэнури намын ахмад гишүүдийн шүүмжлэлт мэдэгдлүүдээс харахад импичмент боломжтой мэт.
Парламентын санал хураалтаар Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарвал тус хэрэг Үндсэн хуулийн шүүхэд шилжиж, төрийн тэргүүний үүрэгт ажлыг Ерөнхий сайд хавсран гүйцэтгэж эхэлдэг байна. Шилжилтийн үе зургаан сар хүртэл сунжирч болзошгүй. Учир нь Ерөнхийлөгчийг огцруулах эцсийн шийдвэр гарахад Үндсэн хуулийн шүүхийн есөн гишүүний зургаа нь дэмжих учиртай аж. Гэтэл тус шүүхийн чухам зургаан гишүүнийг тус улсын өмнөх Ерөнхийлөгчид болон Пак Гын Хэгийн намынхан томилжээ. Тийм болохоор шүүгчид импичментийн эсрэг санал өгөх магадлал өндөр байгаа юм.
БНСУ-д урьд нь нэг удаа Ерөнхийлөгчөө импичментээр огцруулах үйл явдал болжээ. 2004 онд Үндэсний ассамблей тухайн үеийн Ерөнхийлөгч Но Му Хёнийг огцруулахаар шийдвэрлэсэн ч үүнээс хоёр сарын дараа Үндсэн хуулийн шүүх тэрхүү шийдвэрийг цуцалсан аж. Шүүгчид Но Му Хёний хууль зөрчсөн үйлдэл огцруулах хэмжээний ноцтой байгаагүй гэж үзжээ. Тус улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч улс төрийн хувьд төвийг сахих ёстой ч Но Му Хён парламентын сонгуулийн үеэр эрх баригч намаа сурталчилснаар буруудаж байжээ.
Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн импичментийн үйл явцыг түргэсгэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тэд Бразилийн Ерөнхийлөгчийн импичмент бүтэн жил сунжрахад улс орных нь эдийн засгийн хямрал улам гүнзгийрсэн гашуун туршлага буйг анхааруулах болжээ.
Өмнөд Солонгост болж буй дуулиант хэрэг эдийн засагт нь хэдийн муугаар нөлөөлж эхэлсэн аж. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт прокурорын ажилтнууд аварга том “Самсунг” корпорацийн төв байранд гурван ч удаа нэгжлэг хийн үйл ажиллагааг нь тасалдуулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин