Н.МӨНХЖИН

 Хойд Солонгосын тал АНУ-ын газар нутагт хү­рэх пуужинтай боллоо хэ­мээн мэдэгдсэний дараа АНУ-ын Төрийн департа­мен­тын төлөөлөгч хариу мэ­дэгдэл хийв. Пхеньяны Батлан хамгаалах яам “Ма­най улсад халдан дов­тол­сон тохиолдолд бид Со­лонгосын хойг, Япон, Гуа­мын арал, бүр АНУ-ын эх газар дахь ямар ч байнд ту­сах чадалтай пуужин хэ­рэглэх болно” хэмээн он­цолсон билээ. Тоймч, шин­жээчдийн үзэж буй­гаар, саяхан АНУ, Өмнөд Солонгос хоёр 800 кило­мет­рийн тусгалтай пуужин хэрэг­лэх тохиролцоонд хүрсний хариуд хойдууд ийм мэ­дэг­дэл хийсэн аж.

“Хойд Солонгосын эрх баригчид зэр зэвсэг, пуу­жингаараа сайрхахын оронд ард иргэдээ хооллож унд­лахад анхаармаар юм. Энэ нь нэн тэргүүний зо­рилт байх ёстой. Пхенья­ны тал заналхийлэл, өдөөн хатгалгыг ашигласнаараа юунд ч хүрэхгүй гэдгийг ойлгох ёстой. Иймэрхүү мэдэгдэл нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хийх яриа хэлэлцээнд саад учруулахаас өөр юм байх­гүй” хэмээн АНУ-ын Тө­рийн департаментын тө­лөөлөгч Викториа Нуланд хэвлэлийнхэнд зориулан мэдэгджээ. Тэрээр НҮБ-ын 1718, 1874-р тогтоолоор Хойд Солонгосыг пуу­жин­тай холбоотой хөтөл­бөр хэрэгжүүлэхийг хо­риг­лосныг сануулав. Аме­рик, Өмнөд Солонгос хоёр 800 кило­мет­рийн тусгал­тай пуу­жин­гийн талаар тохи­рол­цоонд хүрсэн нь Пхенья­ныг өдөөн хатга­сан хэрэг биш гэдгийг хатагтай Нуланд хэллээ.

“Энэ тохиролцоо бол бат­лан хамгаалах шинж ча­нартай. Бид 2001 оноос хойш пуужингийнхаа тус­га­лын зайг өөрчлөөгүйг хэ­лэх хэрэгтэй байх. Гэтэл Хойд Солонгос энэ чиглэ­лээр идэвхтэй ажиллаж, пуужингийнхаа хүчин чад­­­лыг нэмэгдүүлсээр ир­сэн” хэмээн Төрийн де­пар­та­мен­тын төлөөлөгч өгүү­лэв. Вашингтон, Сөүл хоёр Өм­нөд Солонгосын бал­лис­тик пуужинг сайж­руу­лах тохиролцоонд арав­ду­гаар сарын эхээр хүрсэн юм.

1979 онд АНУ, Өмнөд Солонгосын тал Өмнөд Солонгост 180 кило­мет­рээс илүү тусгалтай, 500 килограммаас илүү цэнэгт хошуу тээвэр­лэх чадалтай пуужин үйлд­вэрлэхийг хориглосон гэрээ бай­гуулж байсан аж. Тэр ца­гаас хойш Өмнөд Солон­гос хойд хөршийн­хөө аюул заналхийллийг сөрөн зог­со­хын тулд энэ хязгаарлал­тыг цуцлахыг АНУ-аас шаардсаар ир­жээ. Пуу­жин­гийн тусга­лын хяз­гаар­лалтыг цуцлах эхний тохиролцоо 2001 онд хийг­дэж, тусгалын хязгаарыг 300 км хүртэл сунгасан билээ. Харин энэ сарын эхээр болсон хэлэл­цээний үр дүнд Өмнөд Солонго­сын пуужингийн тусга­лыг 800 км хүртэл нэмэг­дүүлэх тохирол­цоонд хүр­сэн байна.

Гурван жил үргэл­жил­сэн Солонгосын дайн 1953 онд дуусч АНУ, Хойд Со­лонгос хоёр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан ч энхийн гэрээнд гарын үсэг зураагүй байна. Өөрөөр хэлбэл хоёр улс одоог хүртэл дайны бай­далд байна гэсэн үг. Бүгд найрамдах Солонгос ул­сыг цорын ганц хууль ёсны Солонгос улс гэж хүлээн зөвшөөрдөг АНУ Пхеньянтай дипломат ха­рилцаа тогтоож, энхийн гэрээ байгуулахаас тат­галз­саар байдаг. Вашинг­тон Солонгосын хойг дээр 28 мянган цэргээ байр­луул­саар байгаа билээ.