Б.БАРС

Норвегийн “VG”сэтгүүлд Туркийн Ерөнхийлөгчийн тухай ийм нийтлэл гарчээ.

Р.Эрдоган Туркийг өрнөдийн орнуудтай хол­бодог гүүрийг “шатааж” байна. Энэ үйл явц Туркт хүний эрх, хууль эрх зүйн аюулгүй байдлыг тогтмол зөрчих болсонтой мөн холбоотой.

Өөрөөр хэлбэл Турк Европоос хагацах боллоо. Уг нь Турк болон Европын холбооны ойртолт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хүндлэх явдал дээр суурилж байсан юм. Р.Эрдоган чухам тэрхүү суурийг эвдэж эхэлжээ.

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Террористуудын дайралтад байнга өртөх болсон Турк аюулгүй байдлаа эрх зүйт улсын бүхий л аргаар хамгаалах бүрэн эрхтэй. Гэхдээ тус улсад одоо болж буй үйл явдал үүнээс тэс өөр. Онц байдлын тухай хуулийг сөрөг хүчний улстөрчид, сэтгүүлчид, шүүгчдийг шоронд хорих зорилгоор ашиглаж байна.

Өнгөрсөн зун төрийн эргэлт хийх цуст оролдлогын дараа Туркт онц байдал зарласныг хэн ч буруутгаагүй. Гэвч өдгөө тус улсын удирдлага онц байдлын хугацааг сунган бодит төдийгүй ургуулан төсөөлсөн улс төрийн өрсөлдөгчдөө мөрдөн мөшгих болжээ.

Уг нь ардчилсан улс орнуудын удирдагчид хямралтай үед ч иргэдийн үндсэн эрхийг хүндлэн зөрчдөггүй билээ.

ХОМОРГОЛОН БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА

Өнгөрсөн баасан гаригийн шөнө өргөн цар хүрээтэй цагдаагийн ажил­лагааны үеэр Туркийн Үндэстнүүдийн ард­чилсан намын удирдагч, түүний орлогч болон тус намаас сонгогдсон парламентын арван гишүүнийг баривчилсан. Ардчилсан социалист үзэл бодолтой Үндэстнүүдийн ардчилсан нам 2015 оны зургадугаар сард болсон парламентын сонгуулиар нийт сон­гогчдын 13.2 хувийн са­налыг авсан бөгөөд Туркийн гурав дахь том нам юм.

Тус намын удир­дагчдыг баривчлах шал­таг нь тэд Туркийн удирдлагуудтай дайтаж буй хуулиар хориотой Курдистаны ажилчны намын сурталчилгааг дэлгэрүүлсэн гэх мэдэгдэл байжээ. Үндэстнүүдийн ардчилсан нам курд төдийгүй Туркийн бусад цөөнх үндэстнүүдийн дэмж­лэгийг хүлээдэг аж. Тус намын амжилт үндэстнүүдийн эрх ашгийг энх тайванч, ардчилсан замаар хамгаалах бодлого баримталсанд оршдог байна.

Баривчилгааны дараа Үндэстнүүдийн ард­чил­сан намаас гаргасан мэдэгдэлд, “Энэ өдөр дан ганц манай нам төдийгүй Турк улс, нийт бүс нутгийн хувьд хар өдөр боллоо. Энэ үйл явдал Туркт ардчилал устаж буйг харууллаа” гэжээ.

Норвегийн Гадаад хэргийн сайд Борег Бренде Европын бусад орны Засгийн газрын төлөөлөгчдийн адил Турк дахь энэхүү баривчилгааг буруушаасан юм.

Ер нь сөрөг хүчний улстөрчдийг баривчилсан нь Турк улс авторитар дэглэм рүү гулган орж буйн олон нотолгооны нэг болж байна.

ЦААЗААР АВАХ ЯЛ

Үүний өөр нэг нотолгоо бол цаазаар авах ялыг сэргээх оролдлого. Туркт 2004 онд цаазаар авах ялыг хүчингүй болгосон бөгөөд тухайн үед Засгийн газар нь улс орноо Европын холбоонд элсэхийг эрмэлзэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч Р.Эрдоган тус улсын Засгийн газар цаазаар авах ялыг сэргээх бодолтой тухай мэдэгджээ. Тэрээр парламент ч энэ саналыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Р.Эрдоган нэгэн цуглаан дээр, “Үүнд санаа зовсны хэрэггүй. Удахгүй бид цаазаар авах ялыг сэргээхдээ л сэргээнэ” гэж хэлэхэд цугларагсад нижигнэтэл алга ташжээ.

Түүнийг дэмжигчдэд энэ нь зүй ёсны асуу­дал бол өрнөдийн орнуудад энэ нь ихээхэн бол­гоомжлол төрүүлж байна. Хэрэв Туркийн парламент цаазаар авах ялыг сэргээвэл тус улс Европын зөвлөлөөс гарахад хүрэх юм. Европын холбоонд элсэх хүсэлтэй бүх улс орон цаазаар авах ялыг хүчингүй болгох нөхцөлтэй байдаг билээ.

Уг нь Турк лалын шашинтай Ойрхи дор­но­дод иргэнлэг ардчилалтай үл­­гэрлэн дуурайхуйц заг­­вар улс болох бо­ломжтой байсан юм. Гэвч Р.Эрдоганд Европт энэ талаар юу гэж бодож буй нь хамаагүй болсон бололтой.

МӨРДӨН МӨШГИЛТ 

Туркт хүний үндсэн эрхийг зөрчих явдал сүүлийн хэдэн жил газар авсаар ирсэн бөгөөд төрийн эргэлт хийх оролдлогын дараа бүр ихээр эрчээ авчээ. Өн­гөрсөн аравдугаар сард 26 олон улсын байгууллага Туркийн удирдлагад хан­дан хүний эрхийг ноцтой зөрчсөн ажиллагаа явуу­лахаа зогсоохыг уриалсан юм. Онц байдлыг өөр үзэл бодлыг нухчин дарах, хуульд хүний эрхийг зөрчсөн заалтууд оруулах нь зүйд нийцэхгүй.

Төрийн эргэлтийн оролдлогын дараа 34 мянган хүнийг урьдчилсан хорих газар хорьсоор байгаа аж. Хоригдогсод бүгд цэрэг, офицерууд бус, шүүгч, багш гээд олон чухал мэргэжлийн хүмүүс юм. 150 сонин, медиагийн байгууллагуудыг хааж, дор хаяж 130 сэтгүүлч баривчлагджээ. “Cumhurriyet” хэмээх баялаг уламжлалтай томоохон сонины эрхлэгч болон хэ­дэн сэтгүүлчийг барив­чилсны дараа өнгөрсөн долоо хоногт нэмж нэлээд хэдэн хүн шоронд хоригдсон байна.

Европын холбоо Р.Эрдоганаас Туркийн бо­лон олон улсын хуулийг сахихыг удаа дараа хүсч байгаа ч тэрээр эрх мэдлээ тэлэх, хуулиудад өөрчлөлт оруулах, сөрөг хүчнийг гэмт хэрэгт холбогдуулах алхмуудыг хийсээр байгаа юм.

Өрнөдийн орнуудад НАТО-гийн стратегийн ач холбогдолтой гишүүн орон, Шенгений бүсийн гадаад хилийг сахин хамгаалах явдалд сольшгүй чухал түнш Турктэй харилцаагаа хэвийн байлгах нь улам бүр хүндрэлтэй болсоор. 2.2 сая Сирийн дүрвэгчийг орогнуулсан улс бол Турк. Дүрвэгчдийн хувьд Турк нь Европын орнууд руу нэвтрэх дамжин өнгөрөх транзит улс юм.

Терроризм ба Сирийн дайны хор уршиг Туркийн байдалд муугаар нөлөөлж буй нь тодорхой. Турк дахь нөхцөл байдал бидэнд шууд хамаатай. Иймээс ч Европ Турктэй нягт хамтран ажиллахыг хүсдэг. Гэвч Р.Эрдоган өөрийн онцгой замыг сонгосноор Турк Европоос улам бүр хөндийрөх болов. Туркийн хувьд энэ бол муу мэдээ. Европын хувьд ч мөн ялгаагүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин