Б.БАРС
Турк улсад өнгөрсөн долдугаар сарын 15-ны төрийн эргэлтийн оролдлогын дараагаар эхэлсэн, ЗХУ-ын удирдагч И.Сталины 1930-аад оных шиг их цэвэрлэгээ үргэлжилсээр байгаа аж. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган онц байдал үргэлжлэх хугацааг дахин гурван сараар, ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл сунгажээ. Хамгийн ноцтой нь онц байдлын үед эрүү шүүлт, цаазаар авах ялыг хориглон иргэдийн амьд явах, шударга шүүлгэх эрхийг баталгаажуулдаг Европын хүний эрхийн конвенц үйлчлэхгүй юм байна.
Эргэн сануулахад, энэ оны долдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Туркийн томоохон хотуудад цэргийн эргэлт хийх оролдого болж, тус улсын армийн Ерөнхий штаб Ерөнхийлөгч Р.Эрдоганыг албан тушаалаас нь огцруулж, цэргийнхэн төрийн эрх мэдлийг түр хугацаагаар гартаа авсныг зарласан. Армийн анги нэгтгэлүүд Засгийн газрын хэд хэдэн барилга, Станбулын нисэх буудал, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн байрыг хяналтдаа авсан билээ. Гэвч Туркийн армийн удирдлагын дийлэнх хэсэг төрийн эргэлтийг дэмжээгүй бөгөөд дараагийн өдөр гэхэд цагдаа, үндэсний тагнуулын газрын тусгай албад төрийн эргэлтийг дарсан юм.
Туркийн удирдлага төрийн эргэлтийн гол зохион байгуулагч нь 1999 онд АНУ-руу сайн дураараа дүрвэсэн Р.Эрдоганы хамтран зүтгэгч асан шашны аядуу үзэлтэй 75 настай Ф.Гүлен хэмээн зарласан ч Ф.Гүлен үүнийг эрс няцаасаар өнөөг хүрчээ.
Үүний дараа тус улсад цэргийнхэн (үүний дотор 100 орчим генерал), цагдаагийнхан, сэтгүүлчид (хамгийн алдартай 140 тоймч, нэвтрүүлэгч), эмч, багш зэрэг 32 мянга гаруй хүнийг хоморголон баривчилж, 70 мянга гаруй хүнийг хорилгүй гадуур мөрдөн байцаах болжээ. Мөн Дотоод хэргийн яамны есөн мянга, Батлан хамгаалах яамны зургаан мянга, бүх шатны сургуулийн 27 мянган багш (үүний дотор 1.5 мянган их сургуулийн декан), гурван мянга орчим шүүгч, прокурорыг ажлаас нь халсан байна. Түүнчлэн 15 их сургууль, 35 эмнэлгийг хаажээ. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор гэхэд л нэмж 35 их эмч, НАТО-д өмнө нь ажиллаж байсан 400 орчим офицерийг баривчилсан аж.
Товчдоо бол Р.Эрдоган онц байдлын дэглэмийг ашиглан өөртэй нь санал нийлдэггүй, өөрийг нь шүүмжилдэг Ф.Гюлений талынхан төдийгүй курдууд, алавитууд, сөрөг хүчнийхэн зэрэг бүх өрсөлдөгчидтэйгөө тооцоо хийж буй нь илт. Тусгай албад иргэдийн интернет дахь сошиал сүлжээг анхааралтай ажиглан шалгаж, сэтгүүлчдийн утас, электрон шуудан зэргийг чагнан тандах болжээ.
Ингээд, Р.Эрдоганы тушаалаар террористууд хэмээн буруутгагдсан гүленистуудын “давхар улс”-д хамааралтай бүх өмч хөрөнгө, компани, сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хураан авах болжээ. Туркийн Засгийн газар хурааж авсан хөрөнгийн хэмжээ таван тэрбум ам.доллараас давсан бөгөөд тэдгээрийг төрийн өмчид шилжүүлсэн гэж нэгэнтээ мэдэгдсэн.
Р.Эрдоган гүленистууд руу дайрахын сацуу цэргийнхэн рүү эрчимтэй довтолж буй. Р.Эрдоган цэргийнхнээс ихэд болгоомжилдог бөгөөд 1990-ээд оны сүүлд ээлжит төрийн эргэлтийн үеэр өөрийг нь үндсэрхэг уриалга гаргасан хэмээн хэсэг хугацаанд шоронд хорьсныг нь өршөөгөөгүй гэдэг тодорхой. Ер нь Ататюркийн Европ маягийн иргэнлэг нийгмийн эхийг тавьсан хувьсгалаас хойш чухам цэргийнхэн иргэнлэг нийгмийн гольдролоос ухарсан хэмээн олон удаа төрийн эргэлт хийн тус улсын удирдагчдыг огцруулсаар ирсэн түүхтэй.
Р.Эрдоган дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч зүгээр орхиогүй нь мэдээж. Төрийн эргэлтийн оролдлогыг дарсны дараагийн долоо хоногийн дотор 16 телевиз, 23 радио, 45 сонин, 15 сэтгүүл, 29 хэвлэлийн газар гээд 130 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, 140 гаруй сэтгүүлчийг баривчилжээ. Өдгөө үлдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Р.Эрдоганыг шүүмжлэлгүй амыг нь дагадаг дуулгавартай тоглоомын хэрэгсэл болж хувирсан аж.
Тэрээр иргэнлэг нийгмийн загвараас ухарвал эдийн засагт ямар хор уршигтайг сайн ойлгож буй. Туркийн шинэ “султан” чөлөөт бизнес, шинэчлэл, Европтой сайн харилцаатай байхыг хүсдэгээ ч удаа дараа илэрхийлсэн. Р.Эрдоганы их цэвэрлэгээний гол зорилго нь Туркийн одоогийн парламент-Ерөнхийлөгчийн холимог засаглалыг шууд Ерөнхийлөгчийн засаглалаар солин өөртэй нь өрсөлдөж болохуйц хүчнүүдийг нухчин дарах, сулруулах явдал байсан гэж дүгнэвэл үнэнээс хол хазайхгүй болов уу.
Гэвч Р.Эрдоган энгийн иргэдэд таалагдахын тулд популизмд ихээр автан лалын уламжлал дээр тулгуурласан амьдралын хэв маяг давамгайлсан хөдөө орон нутгийнхныг өөртөө татах тусам Туркийн нийгмийн бүхий л салбарт лалын шашны нөлөө ихсэх нь дамжиггүй. Иймээс үнэмлэхүй эрх мэдэлд тэмүүлсэн шашны аядуу үзэлтэн Р.Эрдоган улс орноо өөрийн эрхгүй лалын шашны хатуу дэг жаягт баригдсан бурангуй нийгэм рүү түлхэх аюултай гэж зарим ажиглагчид үзэж буй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин