М.ХҮСЛЭН
Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг “Solar Impulse 2” онгоц дэлхийг тойрох аяллаа амжилттай дуусгаж, энэ сарын 26-нд Абу-Даби хотод газардсан байна. Нарны цэнэгээр ажилладаг уг онгоц нэг жил гаруйн өмнө аяллаа Абу-Даби хотоос эхэлж байжээ.
“Solar Impulse 2” 25 мянган миль (40 мянга гаруй км) зайг нисч өнгөрсөн байна. Швейцарьт угсарсан уг онгоц аяллын явцад 16 газарт буулт хийжээ. Онгоц цагт 50 милийн хурдтай нисч, шатахуун огт хэрэглээгүй аж. “Solar Impulse 2”-т 17248 ширхэг нарны хураагуур байрлуулжээ. Тэдгээр хураагуурууд онгоцны далавчинд байрлуулсан дөрвөн хөдөлгүүрийг эрчим хүчээр хангадаг. Шөнийн цагаар цэнэгээ хураасан батарейгаараа ниснэ. Нисэх онгоцны жин нэг минивэн автомашинтай тэнцэнэ. 72 метрийн урт далавч нь “Бойнг-747”-гийн далавчтай тэнцэнэ гэсэн үг. “Solar Impulse 2” аяллын хугацаандаа зарим нэг саад бэрхшээлтэй учирчээ. Нисгэгчид Японоос Хавайн арал руу нисч байхад онгоцны батарейд гэмтэл гарсан байна. Гэмтлийг засахад есөн сарын хугацаа алджээ. Нарнаас цэнэг авч нисдэг онгоц Атлантын далайг 70 цагт нисч өнгөрсөн байна.
100 сая ам.долларын өртөгтэй дэлхийг тойрон нисэх төслийг Абу-Даби хотын экологийн цэвэр технологид мэргэшсэн төрийн компани санхүүжүүлжээ. “Solar Impulse 2” долоо хоногийн өмнө аяллаа дуусгах ёстой байсан. Гэвч нисгэгч Бертран Пикар өвдсөнөөс болж хойшлогджээ. “Өнгөрсөн ням гаригт Египетээс хөөрсөн онгоц Абу-Дабид амжилттай газардлаа” хэмээн төслийн “Твиттер” хуудсанд мэдээлсэн байна. “Solar Impulse 2” 2015 оны гуравдугаар сарын 9-нд Абу-Даби хотоос аяллаа эхэлсэн. Нисэх явцдаа Оман (Маскат), Энэтхэг (Варанаси), Мяньмар (Мандалай), БНХАУ (Чунчин, Нанкин), Япон (Нагоя) болон АНУ-ын хэд хэдэн хотод буусан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин