Н.МӨНХЖИН
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд улам бүр итгэл алдсаар байгааг Израилийн 90 настай Ерөнхийлөгч Шимон Перес хэлж байна. Өнөөгийн эрх баригчдын гол зорилго нь урьд өмнөх шиг нөөц баялгийн төлөө бус, харин хүний, иргэний төлөөх тэмцэл болоод байгааг тэрээр онцолж байна. Ш.Перес “Известия”-д ярьж байна.
-Та Украинд болж буй “хувьсгал”-ыг ажиглаж байна уу. Энэ бослого, хөдөлгөөн еврейн эсрэг үзлийг дэвэргэж, хасидуудыг (Польш дахь еврейчүүд) зодож нүдэж байна. Израиль ямар байрь суурьтай байна вэ?
-Анзаарахгүй орхино гэж байхгүй. Украинд зөвхөн хасидуудтай холбоотой еврейн эсрэг үзэл гараагүй. Энэ талаар бид Украины эрх баригчидтай ярилцах болно. Тэд энэ үзэгдэлтэй тэмцэхийн тулд боломжтой бүхнийг хийх гэж оролдож байгаа ч өнөөдөр тэдэнд өөр бэрхшээлүүд байна. Тэнд эвслийн Засгийн газар байгуулагдаж дээрх асуудлыг шийднэ гэдэгт найдъя. Еврей үндэстнийг хоморголон устгасан түүх (Холокост)-ийн эмгэнэл биднийг байнга дагаж байдаг. Еврейн эсрэг үзэл нь (антисемитизм) олон улс оронд байдаг өвчин. Эмчлэх арга замыг нь тухайн орнууд өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Энэ үзлийн улмаас еврей хүмүүс тайлбарлахад ч хэцүү мөрдлөг хавчлагад өртдөг. Арьс өнгөөр ялгаварлах үзэл нь даяар үйл явц буюу хүн төрөлхтний хөгжилд саад болдог. Хүн хүнээ ялгаварлан гадуурхах, айлгах нь хүний эсрэг чиглэсэн өвчин юм.
-Сири дахь нөхцөл байдал бүс нутагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Сирид дарангуйллын дэглэм байсан. Ерөнхийлөгч Башар Асад эрх мэдэлд тогтож, хадгалж үлдэж чадна гэж би бодохгүй байна. Тэнд нөхцөл байдал үнэхээр аймшигтай байна. Тэр хямрал, мөргөлдөөн олон зууны цаанаас улбаатай. Тэнд Османы эзэнт гүрэн эрх барьж байсан, дараа нь тэр газар нутгийг франц, англичууд эзэлж хуваасан. Тэд зохиомол улс гүрэнг бий болгож, омог аймаг, итгэл үнэмшлийг хувааж, бутаргасан. Эдгээр нь дотоодын мөргөлдөөн, хагаралдааны шалтгаан болж, үр дүнд нь захирагдашгүй, зохицуулшгүй Сири улс гарч ирлээ.
-Одоо тэгээд яах вэ?
-Өлсгөлөнтэй тэмцдэг шиг дэлхий нийтээрээ терроризмийн эсрэг тэмцэхийг Израиль уриалж байна. Аллага, хядлага ард түмнийг бутаргаж хуваадаг. Гэвч бид ганцаараа их зүйл хийж чадахгүй. Тийм ээ, Израильд эмнэлэг нээж, Израилийн армийнхан шархадсан сири иргэдийг авчирч эмчилж байна. Гэхдээ энэ нь бага зүйл юм. Дамаскийн төлөөх тулааныг төгсгөл болгохын тулд нухацтай хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Тэгвэл хөрш Ливанд хүчээ авсаар байгаа лалын “Хезболла” бүлгийн үйл ажиллагааг саармагжуулж зогсоож чадна.
-Үүний тулд яг юу хийх ёстой юм бэ?
-Үүний тулд ард түмнүүд ядуурал, үгүйрлээс гарах ёстой. Ойрхи Дорнодод залуус голдуу 350 сая арабууд амьдарч байна. Тэд баячуудаас хамааралтай байгаа тул өөрсдийнхөө хувь заяаг гартаа авахаар эрмэлзэж байна. Энэ дайныг дуусгаад зогсохгүй ард түмний амьдралын түвшинг сайжруулах хэрэгтэй. Бид тэдэнд тусалж, технологио өгч чадна. Өнөөдөр бид арабын ертөнц доторх арал мэт л байна. Израиль бол Газрын дундад тэнгисийн нэг л улс, бид хэнд ч аюул занал учруулдаггүй. Бид хөршүүддээ туслахыг хүсч байна, гэхдээ мөнгөөр биш. Цөл газрыг хэрхэн эзэмшиж, тариалдгийг зааж сургаж болж байна. Ард түмэн газарт ямар нэг юм тарьж ургуулж амьдарч байсан үе өнгөрлөө. Одоо шинжлэх ухаанд тулгуурлаж амьдардаг боллоо. Шинжлэх ухааныг байлдаж, эзэлж авч болдоггүй. Түүнд хил хязгаар, яс үндэс гэж байхгүй.
-Израиль улс эдүгээ хөршүүддээ туслах чадалтай, чадвартай байна уу?
-Дэлхийн бүх улс орнуудын удирдлагын үүрэг чадвар өөрчлөгдсөнийг харж байгаа биз дээ. Засгийн газруудыг хүндэтгэх, үнэлэх нь улам л багасаад байна. Удирдагчид олон асуудал бэрхшээлийг шийдэж чадахаа болилоо. Даяаршил тэднээс эдийн засаг дээрх хяналтыг нь булаагаад авчихлаа. Үндэсний эрх баригчдад мөнгө алга, харин даяар, глобал корпорацид нэгдсэн удирдлага алга. Одооноос эхлэн бүх улс оронд сайн санааны засаглал байх ёстой. Лидер болохыг хүсч байгаа хүн иргэдийг удирдах хэрэггүй, харин сайн санаагаар удирдаж буй тэдгээр хүмүүст туслах ёстой.
Би Израилийн Засгийн газарт бараг 60 жил ажиллалаа. Би хэнд их анхаарал хандуулж байсан юм бэ гэж өөрөөсөө асуухдаа амьдралынхаа тал хувийг эвдрэл, хагаралдааныг даван туулахад зарцуулснаа ойлгодог. Засгийн газарт үргэлж л хэрэлдэж, маргалдаж, бүгдийг эвлэрүүлэх хэрэгтэй болдог байсан. Намайг Ерөнхий сайд байхад бүгд намайг эсэргүүцдэг байсан. Одоо би Ерөнхийлөгч, надад маргалдаад, хэрэлдээд байх юм алга. Харин ч би одоо өмнөхөөсөө илүү ихийг хийж чадна. Би одоо тушаахгүй, харин гуйдаг, хүсдэг. Хүмүүс миний хүсэлтийг биелүүлдэг.