Н.МӨНХЖИН
Дэлхийн хамгийн халуун сэдвийн нэг нь АНУ дахь санхүүгийн хямрал болоод байна. Зарим нь үүнийг дэлхийн гуравдугаар дайны оршил ч гэж нэрлэх болов. Улс төрийн судалгааны төвийн орлогч захирал Вардан Багдасарян “Правда”-д санал бодлоо хуваалцаж байна.
-Вардан Эрнестович, Америкийн санхүүгийн хямралын талаар ярилцъя. Хямралын тухай яриаг албаар гаргасан гэх юм. Та ямар бодолтой байна вэ?
-Хямралын тухай яриад ирэхээр XIX, XX зууны арга барилыг ашиглах гээд байдаг юм. Гэтэл дэлхий бараг үндсээрээ өөрчлөгдөж, санхүүгийн өөр орчин, системд амьдардаг болчихоод байна. Санхүүгийн энэ систем 70-аад оны сүүлчээр бий болсон. Энэ систем нь санхүү, мөнгийг тодорхойлох, түүнтэй эн зэрэгцэх зүйл байхгүй гэдэг зарчимтай. Тиймээс энэ системээс гарах, санхүүгийн хямралаас гарах зэрэг нь байж боломгүй зүйл болж байна. Хөдөлмөр, капиталын хоорондох юм шиг харагддаг эдийн засгийн хямрал нь эдийн засагт нөлөөлдөг ертөнцийг үзэх үзэл, үнэ цэнийн хямрал байж болох юм.
-АНУ дахь хямралд ямар нэг улс төрийн эх сурвалж байгаа гэж та хэлсэн.?
-АНУ-ын Тагнуулын төв газрын удирдлага үе үе дэлхийн хөгжил, чиг хандлагын талаар улс төрийн илтгэл тавьдгийг мэднэ биз дээ. Өнгөрсөн оны илтгэл 2030 он хүртэлх дэлхийн хөгжлийн чиг хандлагад зориулагдсан. Тэнд дөрвөн хувилбараар таамаглал дэвшүүлсэн. Нэг дэх нь “Унтарсан мотор”. Энэ таамаглалаар, дэлхийн олон орны эдийн засаг хуучирч, хоцрогдоно. Хоёр дахь нь, “Лонхны хөөс”. АНУ-ыг өдөн дуудах бүс нутгийн нэг тоглогч гарч магадгүй. Гэвч өдөлтийнхөө “арыг даах” ямар ч хүч байхгүй гэж дүгнэсэн. Энэ нь Хятад улс гэж бодож болох ч хятадууд Америкийг тэгж өдөж дуудахгүй гэж байна.
Гурав дахь найруулга бол “Хамтарсан ертөнц”. Үндэсний улс гүрэн гэх ойлголт ул болж, үндэстэн дамнасан корпорациуд нэгдүгээр эгнээнд гарч ирнэ. Дөрөв дэх нь, “Нэгдэл”. Бүх улс орон улс төрийн хувьд нэгдэнэ. Тэгэхээр дэлхийн Засгийн газар гэж бий болох хэрэгтэй болно. Асуулт эндээс гарч ирж байна. Дэлхий нийт яаж нэгдэж, нягтрах вэ? Үндэсний, тусгаар улс гүрнээсээ хэрхэн татгалзах вэ? Энд америк шинжээчдийн санаа гарч ирж байгаа юм. Зөвхөн глобал гамшиг л дэлхий нийтийг нэгдэл рүү түлхэж чадна. Жишээ нь, дайн. Тэгэхдээ зөвхөн дайн биш, цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн байх учиртай. Олон хүн золиос болж, дэлхий доргивол ийм боломжтой гэж байна. Гагцхүү дэлхийн II дайны дараа дэлхийд улс төрийн шинэ систем, эдийн засгийн шинэ харилцаа үүссэнийг санах хэрэгтэй.
-Өнөөдөр дэлхийд ямар систем оршиж байна вэ?
-Төвтэй, алс хязгаартай ямар нэг нэгдсэн систем байгаа нь өнөөдөр тодорхой байна. Үйлдвэрлэлийн дараах үе шат гэх зүйлийн талаар ярьж байгаа ч үнэн хэрэгтээ үйлдвэрлэлийн дараах ямар ч нийгэм алга. Дэлхийн үзүүлэлтийг харвал, нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасаагүй, өмнөх зуунаас өссөн. Гэтэл үйлдвэрлэлийн бүх сектор хямд ажиллах хүчтэй улс орон руу шилжчихсэн байгаа юм.
Төвд нь материаллаг бус үйлдвэрлэл эрхэлдэг “үйлчилгээний нийгэм” гэж байна. Дунд хязгаарын бүсэд “гадилын” улс орнууд, амралт зугаалгын бүс нутаг, түүхий эд бэлтгэгч, цех угсрагч улс орнууд орж байна. Тэгээд хамгийн цаад талын буюу Африкийн орнууд гэж байна.
-Мэдээж АНУ энэ төвийн нэг улс. Гэвч Америкийн дэлхий дээрх нөлөө аль хэр тогтвортой вэ?
-АНУ-ын нөлөөг гол гурван хүчин зүйл бүрдүүлдэг. Нэг дэх нь ам.доллар. Хоёрт нь АНУ-ын цэргийн хүч. Гуравт, мэдээллийн нөөц, сурвалж. Гэвч төвийн энэхүү их хүчинд хөдөлмөр-хөлс, хөдөлмөр-хэрэглээний хоорондох ялгаа, зөрчил цохилт өгсөөр байна. “Үйлчилгээний төв”-ийн хэрэглээ улам улам өссөөр, үлдсэн дэлхий ч тэжээж чадахааргүй түвшинд очиж магадгүй байна. Эрт, орой нэгэн цагт энэ нөхцөл байдал тараа таниулж, өнөөгийн хямрал нь санхүү, эдийн засгийнх бус, харин хөдөлмөр, капиталын харилцан ойлголцол дахь хямрал гэдгийг ойлгох болно.
XV зуунаас хойш баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсэн. Баячууд нь улам баян болж, ядуу нь улам ядуу болж ирлээ. XVIII зууны эхэн үеэс хойш баян ядуугийн ялгаа 50 дахин нэмэгдсэн нь аймшигтай. Баян ядуугийн ялгаа нэмэгдэлгүй, буурч байсан үе бий. Энэ бол ЗХУ оршин тогтнож байсан үе. Тэр үед Орост дэлхийн шинэ байгууллын систем бий болж, өөр арга зам байдаг юм гэдгийг харуулсан. Гэвч ЗХУ задарснаар бүх юм хуучин тойрогтоо орж, мөлжлөг, мөнгө хүүлэлт улам харгис болж, баян, хоосны ялгаа улам тод болсон.
-АНУ-ын эдийн засаг хүчтэй, либерал, үнэ цэнэтэй гэж байгаа ч нийгэм дэх ялгаа нь улам их болсон юм биш үү?
-Тийм ээ, Америкийн нийгэм хуваагдчихсан. Аугаа уналтын үед ч нийгэмд нь ийм ялгаа байгаагүй юм. Нобелийн шагналт Жозеф Стиглиц, АНУ-д нийгмийн хувьсгал гарч магадгүй гэж байгаа нь санамсаргүй амнаасаа унагасан үг биш. Энэ нь эргэлзээтэй байж болох ч “Уолл-стритийг эзэл” зэрэг жагсаал, хөдөлгөөн өрнөж байсан. Нийгэмдээ сэтгэл дундуур хүмүүс олон байна. Америкийн нийгмийн дөнгөж нэг хувь нь нийт капиталын 43 хувийг хянаж байна. Хүн амын 80 хувьд нь нийт хөрөнгийн долоон хувь нь ногдож байна. Нийгэмд, хүн амд сөргөлдөөн, харшилдаан маш их байна. Америк иргэдийн 15 хувь нь англиар ярьж чаддаггүй. Америк гэсэн тодотгол өөрөө аюулд орж байна. АНУ-д гадаадын гэхээсээ дотоодын дайснууд илүү заналхийлж байна.
-Таны бодлоор АНУ эдийн засаг, нийгмийн хямралаасаа яаж гарах бол?
-Хямралаас хэрхэн гарахыг аль хэдийнэ найруулаад биччихсэн. Энэ бол цэргийн мөргөлдөөн. Цэргийн мөргөлдөөн, дайн л хөрөнгө оруулалтыг түргэтгэж, үйлдвэрлэлийг дэмждэг. Хатуухан сонсогдож байгаа ч дэлхийн II дайн дэлхийг хямралаас гаргасан. Тиймээс дайн хийх гэсэн эрэлт байна. Дэлхийг удирдаж, дэлхийн Засгийн газар байгуулах тухай ярьж байна.