Б.БАРС

Кени улс Африк тивийн хэмжүүрээр тайван амгалан, чинээлэг орон гэгддэг. Тус улс эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хар тивийн зүүн бүсийн худалдаа, санхүүгийн төв төдийгүй гадаадын аялал жуулчлалыг өндөр төвшинд зохион байгуулж чадсан аж.

Кенийн тухай дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд төдийлөн шуугиад байдаггүй.

Хоёр жилийн өмнө тус улсын зэвсэгт хүчин хөрш зэргэлдээ Сомали руу нэвтрэн орж, хил залгаа нутгийн иргэд болон дүрвэгсдийн лагериудын хэвийн амьдралыг бусниулсаар ирсэн лалын хэт даврагчдад цохилт өгснийг эс тооцвол. Чухам тэр үйл явдлаас л энэ сарын 21-нд Кенийн нийслэл Найробид болсон эмгэнэлт үйл явдал улбаатай.

Сомалид 30 шахам жил тасралтгүй үргэлжилж буй иргэний дайнаас Кени улс маш ихээр хохирсоор ирсэн. Кенид Сомалигаас зугтан дайжсан олон зуун мянган хүн дүрвэгсдийн лагериудыг дүүргэснээс гадна хөрш улсын лалын хэт даврагсад хэдийгээр Кенийн иргэдийн 90-ээд хувь нь христийн шашинтай ч өөрсдийн үнэт зүйлсээ тулгахыг оролдсоор өнөөг хүрчээ.

Лалын хэт даврагч “Аш-Шабаб”, “Можахедуудын залуучуудын хөдөлгөөн” бүлэглэлийнхэн гадаадын жуулчдыг хулгайлах явдал хэрээс хэтэрсний хариуд Кенийн Засгийн газар улс орныхоо Зүүн-Хойд мужийн аюулгүй байдлыг хангах, түүнтэй хил залгаа Сомалигийн газар нутгийг хэт даврагчдаас цэвэрлэх зорилгоор 2011 оны аравдугаар сарын 16-нд “Линда Нчи” (суахили хэлнээс орчуулбал “Эх орноо хамгаалья”) ажиллагааг эхлүүлсэн билээ. 

Өнөөг хүртэл үргэлжилж буй энэ ажиллагаанд Кениэс гадна Этиоп болон Сомалигийн шилжилтийн Засгийн газрын цэргүүд, Африкийн холбооны энхийг сахиулагчид оролцож байгаа юм. Тэднийг Франц, АНУ-ын тэнгисийн цэрэг, онгоцууд үе үе дэмждэг аж. Ажиллагааны үр дүнд Сомалигийн нийслэл Могадишо, төв болон өмнөд нутгийг хяналтдаа аваад байсан лалын хэт даврагчид ухарсаар одоо хот суурин газраас хол зэлүүд нутгуудад л бүгэх болжээ.

Үүнд Кенийн арми голлох үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сард лалынхны чухал түшиц газар байсан Сомалигийн хоёрдахь том хот Афмадоуг хяналтдаа авсан бөгөөд үүнээс дөрвөн сарын дараа Сомалигийн шилжилтийн Засгийн газарт боомт хот Марка, Миидог лалынхнаас цэвэрлэхэд туслажээ. Гэхдээ Кенийн цэргүүдийн гол амжилт бол том боомт хот Кисмайод десант буулгасан явдал аж. Энэ хот “Аш-Шабаб” бүлэглэлийн ичээ нь байсан гэж хэлж болно. Тэр хотыг алдсанаар лалын хэт даврагчид Африкийн зэлүүд нутгаар хэсэг бүлгээрээ тэнүүчлэх дээрэмчид болон хувирчээ.

“Линда Нчи” ажиллагаа эхэлсэн цагаас л “Аш-Шабаб”-ын удирдагч Хасан Абдулла Херси ат-Турки Кениэс өшөө авахаа андгайлж, тус улс Сомалигаас цэргээ таттал өөрийнх нь нутаг дэвсгэр дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулна гэж мэдэгдэж байжээ. Хэт даврагчид Сомалитай хил залгаа Кенийн Зүүн-Хойд нутгуудад христийн сүм, зоогийн газар зэрэгт хэд хэдэн бүтэлгүй дайралт хийсэн байна. “Аш-Шабаб” бүлэглэлийнхэн Найробигийн шөнийн клубт тэд 2011 оны аравдугаар сарын 24-нд гранат дэлбэлж 14 хүн шархдуулж, 2012 оны гуравдугаар сарын 10-нд Найробигийн автовокзалд бөмбөг дэлбэлэн дөрвөн хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулж байжээ.

Кенийн нийслэл Найроби хотын томоохон худалдааны төв “Вестгейт”-д хийх довтолгоогоо эртнээс бэлдсэн нь илт. Энэ худалдааны төвд гадныхан ч их ордгийг бодолцжээ. Алан хядагчид өнгөрсөн бямба гаригийн амралтын өдөр “Вестгейт” төв хөл ихтэй байхад нэвтрэн орж лалын шашинтай хүмүүсийг суллаад үлдсэн 1000 гаруй хүнийг  барьцаанд авч шууд гал нээж эхэлсэн билээ.

Тэдний гарт 68 хүн амь үрэгдэж, олон зуун хүн хүнд, хөнгөн шархдсаны дээр 60 гаруй хүний хувь заяа одоо хэр тодорхой бус байгаа юм. Энэхүү аймшигт явдлын үеэр Франц, Өмнөд Солонгос, Англи гээд олон орны иргэд амь насаа алджээ. Кенийн онцгой албаныхан цаг алдалгүй “Вестгейт”-д Израилийн тусгай албаныхантай хамт довтолж ихэнх иргэдийг суллаж, зургаан алан хядагчийг устган 11-ийг нь амьдаар баривчилсан аж.

Ажиллагааны үеэр Кенийн тусгай албаны гурван ажилтан амиа алдаж, найм нь шархаджээ. Тусгай албаныхан алан хядагчдын байрлуулсан тэсрэх бөмбөгийг дэлбэрэхээс нь өмнө аюулгүй болгож чадсан байна.

Амь үрэгдсэн алан хядагчдын дунд “Цагаан бэлэвсэн эхнэр” хочтой Английн иргэн Саманта Льютвейт байсан гэх. Тэрээр 29 настай байсан бөгөөд 17 настайдаа лалын шашинтан болж Ямайк гаралтай алан хядагчтай гэрлэн гурван хүүхдийн эх болсон нэгэн. Түүний нөхөр 2004 онд Лондоны метронд бөмбөг дэлбэлж 59 хүний аминд хүрч байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар чухам Саманта Льютвейт энэ алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэнэ.

Ер нь Африкийн Зүүн-Хойд хэсэгт Кени, Сомалигаас гадна Этиоп, Жибути, Эритрей, Уганд, Хойд болон Өмнөд Судан багтдаг бөгөөд энэ бүс нутагт иргэний Засгийн газрууд лалын хэт даврагчдын довтолгоог тогтоон барих гэж чадлаараа тэмцэж байгаа билээ. Хойд Судан болон Эритрейн лалын Засгийн газрууд энэ бүс нутгийн хэт даврагчдад тал бүрийн ил, далд дэмжлэг үзүүлдэг гэх. Харин өөрсдөө олон улсын жихад буюу ариун дайны бэлтэй лалын байгууллагуудаар тэтгүүлдэг нь үндсэндээ тодорхой гэнэ.

Өдгөө хэт даврагч радикал исламын эсрэг гол тэмцэл чухам Сомалид болж байна. Хэрэв энд “Аш-Шабаб” мэтийн бүлэглэлүүд ялалт байгуулбал энэ бүс нутаг дэлхийн жихадизмын хоёрдахь том төв болж хувирах аюултай. Харин жихадизмын тэргүүлэх төв мэдээж “Аль-Кайда”-гийн үүр болсоор ирсэн Афганистан, Пакистаны хил залгаа нутагт хэвээр оршиж буй, оршсоор ч байх болно.

Иймээс халдлагад өртсөн Кени лалын хэт даврагсадтай хийх тэмцлээ улам эрчимжүүлнэ үү, гэхээс зогсоохгүй нь тодорхой. Кенийн энэ тэмцлийг дэлхийн дэвшилтэт бүх улс орон дэмжих нь ч гарцаагүй биз ээ.