-Энэ жил нэг байгууллага зам тавьдаг. Дараа жил өөр нэг нь шугам солино гээд хуулдаг байж таарахгүй-

Д.БИЛЭГ

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Сорогжоогийн Очирбаттай ярилцлаа. Тэрээр ажлаа аваад удаагүй ч салбартаа шинэ хүн биш, тулж, түшиж ажиллахад нөмөртэй хэмээн нөхөд нь үнэлжээ.

 

-Нийслэлд шинэ алба авсан хүний намтрыг сонирхож болох уу?  

-Би 1971 онд Увс айм­гийн Зүүнговь суманд төрсөн. 1980-1990 онд   Увс аймгийн Баруун-Туруун сумын сургууль, 1990-1994 онд   МУИС-ийг Газар зүйч мэргэжлээр төгссөн. 1997-1999 онд МУИС аспирантур, Мон­гол Улсын хот суурин­гуудын экологи газар зүйн үнэлгээ сэдвээр газар зүйн ухааны доктор хам­гаалж байлаа. 2003-2004 онд Удирдлагын акаде­мид сурч Удирдахуйн ухааны магистр болсон.

-Анх ажлын гараагаа хаанаас эхлэж байв?

-1993 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд эр­дэм шинжилгээний ажилт­­наар анх ажилд орж байлаа. 1996 онд Нийс­лэлийн Засаг даргын тогт­вортой хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх, Хот байгуулалтын хүрээлэн­гийн секторын эрхлэгч хийж байсан. 2000-2005 онд Нийслэлийн хот тө­лөвлөлт, эрдэм шинжил­гээ, зураг төслийн хүрээ­лэнд  секторын эрхлэгчээр ажиллаж байсан.

-Та нийслэлийн Мэр­гэж­лийн хяналт, Барилгын яаманд ажиллаж байсан санагдана?

-Тийм шүү.  2005-2006 онд Нийслэлийн мэргэж­лийн хяналтын газарт хэлтсийн дарга, 2006-2007 онд Барилга, хот байгуу­лалтын яамны Хот байгуу­лалтын бодлого,  зохицуу­лалтын газрын орлогч дар­га, 2008-2011 онд ЗТБХБЯ-ны Хот байгуу­лалт, газрын харилцааны бодлогын газрын даргын албатай байсан.  2011 оноос энэ оны наймдугаар сарыг хүртэл “Орон сууц, дэд бүтцийн” төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад энэ жил Нийс­лэлийн ИТХ-ын төлөө­лөг­чөөр сонгогдсон. Одоо Нийслэлийн хөрөнгө оруу­лалтын газрын даргаар ажиллаж байна. Газрын харилцааны мэргэжилтэн болоод эрдэм шинжил­гээний ажил хийгээд 1996 оноос хойш нийслэлийн ажил амьдралтай хувь заяа­гаа холбож хотын тө­лөв­лөлт, хяналт, бодлогын байгууллага, салбарын яаманд ажиллаад 17 жил болжээ. Хот төлөвлөлтийн чиглэлээр удирдан чиг­лүүлж ажиллалаа. Тийм болохоор хотын амьдрал үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хувь заяагаа холбосон хүмүүсийн нэг  гэж хэлж болно.

-Улаанбаатар хотын барилгажилт асуудал дагуулах болсон. Хэчнээн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжчихөв?

-Улаанбаатар хот 1954 онд анхны ерөнхий төлөв­лөгөөгөө хийсэн. Үүнээс хойш таван төлөвлөгөө­гөөр хөгжиж ирсэн. 2002 онд нийслэл Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөв­лөгөөг батлуулж энэ дагуу хөгжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй, хот байгуулалт төлөвлөлтийн бодлого ал­дагдсан гэж шүүмжилдэг. Ерөнхий төлөвлөгөөг хуульчилж, Засгийн газар батлаад өгдөг, орон нутаг хэрэгжүүлж чаддаггүй. Хөрөнгийн асуудлыг шийд­вэрлэж чаддаггүй. Ийм учраас ерөнхий төлөв­лөгөө бол цаасан дээр хийсэн тунхаг болсон. Нөгөө талаар газрын ха­рил­цааны асуудал ши­нээр тавигдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд газар луу шуурч төлөвлөлтөөсөө түрүүлээд газар олголт нь явчихаж. Иймээс ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй байна. Бид нэг, хоёр, гу­рав, дөрөвдүгээр ерөнхий төлөвлөгөөг Зөвлөлтийн хот төлөвлөгч эрдэмтэдтэй хамтарч хийсэн. Харин 2002 онд анх удаа манай хот төлөвлөгч мэргэжилт­нүүд өөрсдөө төлөвлөгөө­гөө хийсэн гэж бахархдаг.

Ерөнхий төлөвлө­гөө­ний хэрэгжилт, газар ол­голт, хөрөнгө оруулалтын асуудалтай уялдаагүйгээс хэрэгжүүлэхэд хүндрэл гарсан. Японы ЖАЙКА байгууллагад санал тавьж бид төлөвлөлтийнхөө алдааг хянуулсан. Мөн Хот байгуулалтын судал­гаа­ны төслийг хамтарч хэрэгжүүллээ. Японы мэр­гэжилтнүүдийн гарга­сан зөвлөмжийн дагуу ерөнхий төлөвлөгөөг то­дот­гон, шинэчилж эхэл­сэн. Энэ оны дөрөвдүгээр улиралд багтаад хэлэл­цүүлээд батлагдчих болов уу.

-Танай салбарт мэр­гэж­лийн боловсон хүчин хангалттай бий юу?

-Хот төлөвлөлтийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний тухайд нэг хэсэг завсар гарсан. 1990-ээд оноос эдийн за­саг унасан учраас төлөв­лөлтийн байгууллагууд өөрийгөө санхүүжүүлэх чадваргүй болсныг бид мэднэ.  Мэргэжилтнүүд нь  хувь хувьсгалын ажил хийгээд явсан. Нэг хэсэг хуучны бэлтгэгдсэн мэр­гэжилтнүүд маань настай болоод тэтгэвэртээ гарсан. Нэг хэсэг нь хувьд гараад явчихлаа. Араас нь дагах залгамж халаанд завсар гарсан байгаа нь бодит амьдрал дээр ингэж мэд­рэгдэж байна. Тийм боло­хоор мэргэжилтэй болов­сон хүчнийг бэлтгэх, мэр­гэшүүлэх, өндөр хөгжилэй орнуудад мэргэжилтэн бэлтгэж авах шаардлага­тай байна. Хотод болон салбарын яаманд болов­сон хүчний бодлого тодорхой байх ёстой.

-Аюулгүй Улаанбаатар болж хөгжихийн тулд таны хувьд нийслэлд ямар бод­лого барих ёстой вэ?

-Хотын тавдугаар ерөн­хий төлөвлөгөөг бо­ловс­руулахад би оролцсон. Хотыг төлөвлөөд орон нутаг нь үүнийг хэрэг­жүүлнэ гээд хаячихаж болохгүй. Яамны болон Засгийн газрын бодлого­той хэрхэн холбох нь чу­хал. Ерөнхий төлөвлөгөөг батлаад хотын хөрөнгө оруулалтаар бүх ажлыг хийнэ гэвэл бүтэхгүй. Хот­той хамаагүй яам, агент­лаг, ажлын уялдаа­гүй салбар гэж байхгүй. Ерөнхий төлөвлөгөөний эхний ажил инженерийн дэд бүтцийг барьж үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээ­лээр орон сууцны VII хо­роолол, радио телевизийн хорооллын инженерийн дэд бүтцийг барих ажлыг  хийж байна. Энэ ажлыг гардан удирдаж нэг жил шахам ажилласан. Салбар  байгууллагууд нэгнийхээ ажлыг дэмждэггүй. Жил болоход хэдэн байгуул­лагын ажлыг хооронд нь уялдуулах гэж их цаг  зар­цуулсан.  Тийм учраас бид үнэхээр хурдан хөгжье гэвэл, хотоо сайхан болгоё гэж байгаа бол хамтын ажиллагаа их чухал.

Өнөөдөр манай улс хөрөнгө оруулалтын тодорхой бааз суурьтай болж чадсан. Тиймээс бид хотын инженерийн дэд бүтцийг барихад түлхүү анхаарч ажиллана. Энэ жил нэг байгууллага зам тавьдаг. Дараа жил өөр нэг нь шугам солино гээд хуул­даг байж таарахгүй. Ийм учраас хот төлөв­лөлтийн бодлоготойгоо хөрөнгө оруулалтаа уял­дуулж,  дулаан цахилгаан, холбоо харилцаа, ус сувгийн бүх байгууллага хүчээ нэгтгэх нь чухал. Ингэж нэгдсэн бодлоготой болохгүй бол ажил урсгалаараа явж хөрөнгө үрэгдсээр л байна.

-Гэр хорооллыг инже­не­рийн шугам сүлжээнд холбоно гэдэг сайхан сонсогдож байгаа. Гэхдээ ажил хэрэг болж тэртээ уулын оройд байгаа айлын хашаанд шугам сүлжээ хүрнэ гэдэгт иргэд бас сайн итгэхгүй л байх шиг?

-Барилгын тухай хуульд инженерийн дэд бүтцийг улсын хөрөнгөөр барьж байгуулна гэж заасан байдаг. Хүссэн хүсээгүй инженерийн дэд бүтцийг байгуулна. Гэр хорооллын бололцоотой нэг хэсгийг инженерийн дэд бүтцэд холбох хэрэг­тэй. Үүнийг төлөвлөгөө­тэй, үе шаттай, нарийв­чил­сан графикаар хийнэ. Нөгөө хэсгийг нь заавал төвлөрсөн бус шугамд холбож бие даасан инже­нерийн шугам сүлжээгээр хангана. Энэ бол дэлхийн жишигт хүлээн зөвшөө­рөгдөөд, туршигдаад, хэ­рэгжсэн ажил. Бид тех­нологийг нь нэвтрүүлнэ.

-Улаанбаатар хотын хэтийн төлвийг та хэрхэн харж байна вэ?

-Бодитойгоор харахын тулд 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлыг яаравч­лах шаардлагатай байна. Үүнийг НИТХ авч хэлэл­цэх ёстой. Тэгээд тэр бүтэц аргачлал, арга зүйн хандлага чиглэлийг нь авч үзээд цаг үеэ олсон төлөв­лөлт мөн биш эсэхэд үнэ­лэлт, дүгнэлт өгөх ёстой. Төлөвлөлтийн бодлого, хандлагыг өөрчлөх шаард­лага бий. Аргачлал зарчмаа шинэчлэх ёстой. Хувийн хэвшил, хотын хөгжилд тодорхой бодит хувь нэмэр оруулаад явж байна. Төр ч энэ ажлыг дэмжих ёстой.

-Хоёр дахь Улаанбаа­тарыг байгуулах уу?

-Энэ асуудал төлөв­лөлтөөсөө эхлэх ёстой. Улаанбаатарын дагуул олон хот бий болно. Сая гаруй хүнтэй хотыг яаж хөгжүүлбэл дагуул хо­туудаа хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудал үүснэ. Би яаманд байхдаа шинээр зуун мянган хүнтэй хот байгуулах ажлын төсөл төлөвлөгөөг хийсэн. Зуун мянган хүнтэй дагуул хот Улаанбаатарын ачааллыг бууруулна. Үүнтэй холбоотойгоор 50 гаруй км зам тавьж байгаа. Хөрөнгө нь шийдэгдсэн.

Нийслэл шинэ газар орон хайх хэрэггүй. Зохи­цуулаад хөгжих боломж бүрдэж байна. Оюутны хотхоныг бид иж бүрнээр шийдвэрлэх ёстой. Үүнийг нэг газар хуаран маягаар хийнэ гэдэг бүтэхгүй. Ийм учраас чиглэл чиглэлийн сургуулиудыг тодорхой газарт байршуулж, оюут­ны хотхонуудыг байгуулс­наар хотын бөглөрлийг тодорхой хэмжээгээр бууруулна.

-Дэлхийн хотуудтай харьцуулахад манай хотын төлөвлөлт хэр санагддаг вэ?

-Улаанбаатар дэлхийн хүйтэн хотуудын ангилалд ордог. Бид орчин үеийн хот төлөвлөлтийн бодлогоор хөгжөөд 60 гаруй жил болж байна. Эсгий туургатан байсныг төлөвлөлтийн аргаар орчин үеийн дүр төрхтэй хот болгосон.  Одоо бид дахин төлөвлөлт хийж хотоо хөгжүүлэх ёстой. Тэгэх юм бол хот маань Азийн цагаан дагина гэдэг шиг болж чадна. Төрийн нэгдсэн бодлогоор хот тө­лөвлөл­тийн бодлогыг тэр­гүүн ээлжинд тавьж хөг­жүүлэх шаардлагатай. Бидэнд хийх ажил  их бий.