М.ГАНЦЭЦЭГ

Түрүүч нь  ¹ 209 (4524) дугаарт

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ АНУ-ЫНХААС ХОЦРООГҮЙ

АНУ-ын Вашингтон хотод англи хэлний сургалтад хамрагдсан сэтгүүлчид бид тус улсын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн чиг хандлагаас туршлага солилцож сэтгүүлчидтэй уулзаж, телевизийн студитэй танилцсан юм.

Монголын хэвлэл мэдээллийн өнгө төрх, чиг хандлага, мэдээллийн цар хүрээ АНУ-ын хэвлэлээс нэг их ялгаагүй яваа нь ажиглагдлаа. Бидний танилцсан студийн байр байдал, уулзсан сэтгүүлчдийн ярьсан зүйлс, мөн бодит байдлаас ажиглахад ч манай хоёр орны хэвлэлийн салбар хол зөрөөгүй нь илт байв.

Гагцхүү Монголд АНУ-ын тухай өдөр тутам мэдээлдэг бол тэнд манай улсын тухай мэдээлэл хааяа нэг гардаг нь учир дутагдалтай санагдсан.

Энэ байдлыг өөрч­лөхийн тулд Вашингтонд суугаа манай Элчин сай­дын яам хэвлэлийн ажилтантай болж, мэдээллээ томоохон хэвлэлд нийлүүлж байх хэрэгтэй гэдгийг бидэнтэй уулзсан Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн Алиша Кампи онцолж байв. Энэ хатагтай  АНУ, Монголын харилцаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн гэнэ. Тус нийгэмлэг нь Монголын түүх, хэл, соёлыг судлах ажиллагааг дэмждэг байна. Алиша Кампи Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Монголын талаар ямар ойлголттой явдаг тухай мэдээлэл өгөв. Мэдээлэл гэхээс илүүтэй нэлээд шүүмжлэл хэлсэн юм. Манай улсын Элчин сайдын яам мэдээллээ түгээдэггүй, мөн хоёр талын томоохон харилцан айлчлалын талаар хэвлэлийн бага хурал хийдэггүй гэж шүүмжилж байв. Сүүлийн 25 жилд АНУ дахь Монголын Элчин сайдын яам нэг ч удаа хэвлэлийн бага хурал хийгээгүйг  Алиша Кампи онцлов. Өмнө нь манай Элчин “Вашингтон Таймс” сонинтой хамтран ажиллаж мэдээллээ өгдөг байжээ. Гэхдээ энэ сонин АНУ-д тийм ч томд тооцогддоггүй учир мэдээлэл нь хүртээмжгүй байдаг гэнэ. Иймд Монголын талаарх мэдээллийг Элчин сайдын яам хариуцан хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудаар дамжуулан америкчуудад, тэр дундаа улстөрчдөд нь үнэн бодит мэдээлэл хүргэх шаардлагатайг хатагтай Алиша Кампи хэллээ. Тухайлбал, өнгөрсөн зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар АНУ-ын хэвлэлийнхэн мэдээлээгүй бөгөөд Вашингтон хотын хамгийн том сонин болох “Вашингтон Пост”-ын цахим  хэлбэрт хэдхэн өгүүлбэртэй жижиг мэдээ л гарсан байна.  Гэхдээ сүүлийн үед Монголын уул уурхайг АНУ-ын нөлөө бүхий компаниуд сонирхож байгаа учир Монголын тухай мэдээллийг америкчууд нэлээд анзаардаг болсон гэнэ.

 

СОНИНЫ ХУВЬ ЗАЯА ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Дэлхийн хэвлэлийн дүр төрх АНУ-д адилхан байна. Жишээ нь, тус улсад цаасан сонин зах зээлээс шахагдсаар байгаа аж. Жил ирэх тусам сонингийн зах зээл хумигдаж,  захиалагчдын тоо ч буурчээ. Гэхдээ “Нью-Йорк таймс”  бүх мэдээллийг багтаасан цогц сонин төдийгүй, уламжлалт арга барилаа алдаагүйгээрээ бусдаасаа ялгардаг байна. Бусад нь захиалагч, уншигчдаа алдаж, ажилчдаа ч цом­хотгосоор байна. Гэхдээ сонин дампуураагүй, хаалгаа бариагүй гэнэ. Учир нь сонингуудыг томоохон бизнесменүүд худалдан авчээ. Баячууд хэвлэлийн салбарт хөрөнгө оруулж, өөрийн мэдэлд ашигласнаар мэдээллийн тэнцвэрт байдал алдагджээ. АНУ-ын сонингууд одоохондоо ийм байдлаар ажиллаж байгаа ч цаашид хэрхэхийг бидэнд танилцуулга хийсэн эрхмүүд хэлж мэдэхгүй байна. АНУ, Монгол ч гэлтгүй дэлхийн хэвлэлд ийм хямрал нүүрлэж байгаа билээ.

Харин энэ үед цахим хувилбар хүчээ авч, цаашид идэвхтэй ажиллах хандлагатайг “Osgood International Studies” төвийн ерөнхийлөгч, доктор Шелтон Вильямс онцлов. Тэрээр биднийг сурах хугацаанд болсон лекц, уулзалт зэрэгт бүхэлд нь дагалдаж чиглүүлж байлаа. Шелтон Вильямс хэлэхдээ “Бүх сонин цахим салбарт амжилттай шилжиж, идэвхтэй ажиллах ёстой. АНУ-ын нэр нөлөө бүхий бизнесмэнүүд томоохон сонин хэвлэлийг худалдан авч байгаагийн үр дүн хаашаа эргэхээс олон зүйл шалтгаалах болов уу. Дэлхийн аль ч улс оронд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрхэн хэрэгжүүлж байгаагаас нь тухайн улсын талаарх дүгнэлтийг гаргах боломжтой байдаг” гэв.

Энд сонирхуулахад АНУ-д өдөр тутмын мэдээллээс илүүтэй улстөрчид, урлаг, бизнесийн нэртэй хүмүүсийн талаарх шар мэдээлэл, хов жив уншигчдад хүртээмжтэй хэвээр байгаа гэнэ. Хэвлэлүүд ч оршин тогтнохын тулд ийм төрлийн мэдээллийн араас явдаг болжээ. Энэ нь манай хэвлэлийн өнгө аяс, дэлхийн хэвлэлийн салбартай ч адил юм.

 

УР ЧАДВАРАА АХИУЛАХ ХҮСЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧДЭД АНУ НЭЭЛТТЭЙ

Манай сэтгүүлчид АНУ-ын Гадаад бодлого сэтгүүлийн нэртэй сэтгүүлч Шейн Харристай уулзав. Тэрээр гадаад бодлогоор мэргэшсэн байна. АНУ-ын Үндсэн хуульд сэтгүүлчидтэй холбоотой хоёр заалт байдаг аж. Нэгдүгээрт, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хоёрдугаарт, хувь хүний нууцыг хадгалах буюу эх сурвалжаа хэлэхгүй байх эрхтэй байдаг аж. Харин зарим тохиолдолд буюу Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх зүйл байвал эх сурвалжаа хэлэхийг шаарддаг байна. Тагнуулчид мэдээлэл задруулах эрхтэй эсэх талаар сүүлийн үед дэлхийн хэмжээнд шуугиан дагуулж буй АНУ-ын тагнуулын ажилтан байсан Эдвард Сноуданы жишээг манай сэтгүүлчид Шейн Харрисаас асуусан юм. Тагнуулын ажилчид нууц материал задруулахгүй гэсэн тангаргын бичигт гарын үсэг зурдаг. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан зүйл гэж зарим хүн Эдвардыг өмгөөлж байгааг Шейн Харрис хэллээ.

Мөн бид “Олон нийтийн цэвэр шударга байдал” төвийн эрэн сурвалжлах сэтгүүлч Дейв Левенталтай уулзсан юм. Тэрээр 10 настайгаасаа сэтгүүлч болохыг мөрөөдөж, 15 настайдаа анхны нийтлэлээ бичжээ. Тэрээр эрэн сурвалжлах салбарт мэргэшсэн бөгөөд өнгөрсөн хавар олныг шуугиулсан улстөрчдийн нууц данс, татварын диваажин болсон орнуудын талаар нийтлэл бичсэн эрхэм юм. Энэ тухайгаа ч тэр өөрөө дурдаад уг нийтлэлд Монголын парламентын нэгэн гишүүний нэр дурдагдсан тухай онцлов. “Монгол хэл мэддэггүй ч Монголын улс төрд нөлөөлөхүйц материал бичсэн” гэсэн юм. Ер нь ур чадваа дээшлүүлье гэсэн эрэн сурвалжлах сэтгүүлчдэд АНУ-ын хаалга нээлттэйг Дейв Левентал хэлсэн юм. Гэхдээ англи хэлний мэдлэг сайтай байх ёстой гэсэн шүү. Мөн тэрээр мэргэжлийн сэтгүүлчдэд зориулсан зөвлөгөө өгдөг  www.poynter.org гэсэн цахим хаягийг хэлж өглөө.

 

КОНГРЕССЫН ГИШҮҮД СОНГОГЧИДТОЙГОО ТЕЛЕВИЗЭЭР УУЛЗДАГ

Вашингтон хотод байдаг Төлөөлөгчдийн танхимын хурал чуулган, гишүүдийн хийж буй мэдэгдлийг шууд болон бичлэгээр дамжуулан хүргэдэг тусгай студийн үйл ажиллагаатай манай багийнхан танилцсан юм. АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн хэлж буй үг, дэмжигчдэдээ хандсан мэдэгдлийг уг студид бичиж, олон нийтэд түгээдэг байна.   Конгрессын нэг танхим болох Төлөөлөгчдийн танхимын гишүүд, хороод, холбогдох ажилтнууд нь уг студийг ашиглаж, тухайн конгрессын гишүүний сонгогдсон муж, дүүргийн иргэдэд хандан үзэл бодлоо илэрхийлэх, хэрэгжүүлж буй бодлогыг нь таниулахад чухал үүрэгтэй байдаг ажээ. Тус студийн техникийн албаны захирал Жозеф Моуслийн хэлснээр тэд Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам гэж ялгаварлалгүйгээр, аль болох тэнцвэртэй байдлыг баримтлан ажилладаг гэсэн юм.

Манай сэтгүүлчдийн багийг тус студид очиход өндөр зэрэглэлийн харуул хамгаалалт угтсан бөгөөд төрийн ордон гэдэг үүднээс дотоод дэг журмыг ягштал баримталж байсан юм. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дуу хоолойг хүргэдэг гол индэр болсон тус студид нийт радиогийн гурван студи, телевизийн нэг студи, теле конференс хийх нэг студи байрлаж, үйл ажиллагаа явуулдаг байна. Уг телевизийн студийг Төлөөлөгчдийн танхимын гишүүд ашиглах тутамд тэдний албан ёсны дансанд төлбөрийн баримт нь автоматаар хүргэгддэг байна.

Ийнхүү манай 16 сэт­гүүлч алсын Америкт су­ралцангаа тус улсын хэв­лэлийн салбараас турш­лага солилцсон нь энэ. Энэ сургалтыг Монгол Улсын Ерөн­хийлөгчийн Тамгын газ­раас санаачлан зохион бай­гуулдаг юм.